Испани улсын өмнөх эзэн хаан Хуан Карлос хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа талаар Испанийн хэвлэлүүд бичжээ. Өнгөрсөн даваа гарагт 82 настай Хуан Карлос эх орноосоо дүрвэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр эл шийдвэрээ өөрийнх нь хувийн амьдралын зарим үйл явдал олон нийтэд шуугиан тарьсан тул одоогийн эзэн хаан IV Филипийг “үүргээ асуудалгүй биелүүлэхэд нь хувь нэмэр оруулах үүднээс” хийж байгаагаа тайлбарлажээ. Чингэхдээ Хуан Карлос ямар улс руу дүрвэж байгаагаа тодруулаагүй байна. Испанийн төрийн тэргүүн экс эзэн хааныг хаана байгааг мэдэхгүй гэдгээ хэлжээ. Ерөнхий сайд Педро Санчес ч ялгаагүй хууичн хааныг одоо хаана байгааг мэдэхгүй аж. Зарим хэвлэлд бичиж байгаагаар Хуан Карлос Испаниас хэдийнээ гарч, Доминикан улсад очсон аж. Гэвч тус улсын эрх баригчид түүнийг Доминиканд ирсэн гэх мэдээлэл ирээгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэгвэл “La Vanguardiа” сонины мэдээлснээр бол Хуан Карлос өнгөрсөн Даваа гарагт /2020.08.03/ Португалид хүрэлцэн ирсэн бөгөөд тэндээсээ Доминикан улс руу явахаар төлөвлөж байсан гэнэ. Түүнийг Испанийн компаниудын Мекка-Медины хооронд өндөр хурдны төмөр зам барих олон тэрбум долларын гэрээ байгуулахад нөлөө үзүүлсэн эсэхийг шалгаж байгаа аж. Энэ гэрээг байгуулахаас гурван жилийн өмнө Хуан Карлос Саудын Арабын хаанаас 100 сая долларыг бэлгэнд авсан бөгөөд энэ мөнгөний ихэнхийг өөрийн нууц амраг Германы бизнесмен эмэгтэй Коринна Ларсенд шилжүүлсэн байжээ. Хуан Карлос өөрийн хүү одоогийн хаан Филипд илгээсэн захидалдаа эл хэргийг шалгаж байгаа Испанийн прокурорын мэдэлд цаашид ч байх болно гэж бичсэн байна.