Коронавирусын тахлын улмаас боловсрол тасалдсан явдал дэлхийн хүн амын бүхэл бүтэн нэг үеийнхний хувьд сүйрэл болж болзошгүйг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Мягмар гарагт /2020.08.04/ анхааруулжээ. Оюутан, сурагчдыг сургуулиудад нь аюулгүй буцааж оруулах нь дэлхийн улс орнуудын тэргүүлэх зорилго болох ёстой гэж тэрээр НҮБ-ын вэбсайтад байрлуулсан видео бичлэгтээ онцолжээ. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар 160 орчим орны 1 тэрбум сурагчийн сургууль завсардаж, 40 орчим сая хүүхэд сургуулийн өмнөх боловсрол авч чадсангүй гэж Гутерриш хэлсэн байна. үүний зэрэгцээ коронавирусийн халдвар дэгдэхээс өмнө дэлхийн 250 сая хүүхэд боловсрол авах боломжгүй байсан бол хөгжиж буй орнуудын дунд сургуулийн сурагчдын дөрөвний гурав нь суурь мэдлэг авч чадалгүй сургуулиа орхисон тоо баримт байдаг аж. “Одоо бид бүхэл бүтэн нэг үеийн сүйрэлтэй тулгарч байна. Үүний улмаас хүний оюуны чадавхи алга болж, сүүлийн хэдэн арван жилийн ахиц дэвшил буурч, тэгш бус байдал улам бүр нэмэгдэх аюултай" НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийн улс орнуудын засгийн газарт оюутан, сурагчдыг боловсролын байгууллагуудад нь аюулгүй буцааж оруулах тухай НҮБ-ын зөвлөмжийг танилцуулахдаа онцлон тэмдэглэжээ.