БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн өмгөөлөгчийн давж заалдах хүсэлтийг нийслэл Сөүлийн шүүхэд өнгөрсөн сарын 11-нд хэлэлцжээ. Одоо хэрэгжиж буй шүүхийн шийдвэрийн дагуу тэрбээр 33 жил хоригдох ёстой. Түүний хувь заяа Өмнөд Солонгосын Төрийн тэргүүн нар огцорсон хойноо тайван амьдарна гэж найдалтгүйн бас нэг сануулга болохыг Сөүлийн Кунмин их сургуулийн профессор Андрей Ланьков тэмдэглэжээ.
Өмнөд Солонгос Ерөнхийлөгчдөө халгаатайг тус улс 1948 онд байгуулагдсанаас хойш эл албан тушаалыг хашсан хүмүүсийн амьдрал нотолж буй. Одоогийн удирдагч Мүн Жэ Инийг тооцохгүйгээр Ерөнхийлөгчийн албыг 11 хүн хашжээ. Тэдний нэг нь зугтан гарсан улсдаа цөлөгдөн, тэндээ нас барсан, нөгөөх нь бусдын гарт амиа алдан, бас нэг нь мөрдөн байцаагдаж байхдаа амиа хорлосон. Дөрвөн Ерөнхийлөгч нь ял шийтгүүлж, хоригдсоны нэг нь итгэл үл хүлээсэн этгээд болж, албан тушаалаасаа огцорсныхоо дараа шоронд оржээ. Тэдний хоёр нь одоо ял эдэлж буй. Түлхэгдэн унаагүй дөрвөн Төрийн тэргүүний нэг хэсэг нь амь үрэгдэж, нөгөөх нь торны цаана хашигдсан аж. Тэдний хоёрынх нь хүүхдүүд авлигын хэргээр мөн хоригдсон байна. Огцорсон хойноо ямар ч асуудалгүй амьдарсан ганц Ерөнхийлөгч байсан нь эл албан тушаалыг санамсаргүй хашиж, ердөө есөн сар улс удирджээ.
АСУУДЛЫН ЭХ СУРВАЛЖ
Өмнөд Солонгос үүссэн эхний жилээс л ийм асуудал гарсан байдаг. АНУ-д амьдралынхаа үлэмж хэсгийг цагаачлан өнгөрүүлсэн, тусгаар тогтнолын хөдөлгөөний алдартай идэвхтэн И Сын Ман 1948 онд Ерөнхийлөгч болов. Мөн онд өрсөлдөөнтэй, ардчилсан сонгууль явуулсан ч И Сын Маны дэглэм цагийн эрхээр дангаар ноёрхогч гэгджээ. Гэхдээ арай л бүс нутгийнхаа олон орны хувьд анхны дарангуйлагч улс болоогүй аж. 1960 оны дөрөвдүгээр сард И Сын Ман, түүний тойрон хүрээлэгчид ээлжит сонгуулийг луйвардсан нь олныг хамарсан эсэргүүцэлтэй тулгарав. Үүнийг эрх баригчид нь хүчээр дарахыг оролдсон нь бүтэлгүйтэж, Ерөнхийлөгч нь улсаа орхин зугтаж, үлдсэн амьдралаа Хавайд цөлөгдөн өнгөрүүлжээ. Тэр цагаас хойших Төрийн тэргүүн бүр амар заяа үзээгүй гэнэ.
И Сын Маны дараа Ерөнхийлөгч болсон Юн Бо Сон бол тусгаар тогтнолын төлөө тэмцлийн ахмад зүтгэлтэн. Ташрамд дурдахад, 1960-1961 онд Өмнөд Солонгос парламентын бүгд найрамдах засаглалтай байсан тул Төрийн тэргүүн нь зарим талаар бэлгэдэл төдий үүрэг гүйцэтгэгч байв. Гэсэн ч тус улсад ардчилал тогтоох оролдлого эмх замбараагүй байдал болон хувирч, үүнд арми оролцжээ. 1961 оны тавдугаар сард төрийн эргэлт болж, Юн Бо Соныг түлхэн унагаажээ. Тэрбээр шинэ засаг захиргааг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд халааг нь авсан Пак Чон Хигийн цэргийн дэглэмийг эсэргүүцжээ. Шинэ засаг захиргаа өмнөх удирдагчдаа гайхалтай зөөлөн хандаж, Юн Бо Соныг удаа дараа шүүсэн ч хэдхэн хоног л хорьсон байдаг. Тийн хандсан нь тухайн үед хуучин удирдагчийг хорихыг зүйд нийцэхгүй гэж үздэг байсантай холбоотой аж.
Пак Чон Хи (1961–1979) Солонгосын түүхэнд хамгийн их маргаан дагуулжээ. Нэг хэсгийнх нь хувьд дарангуйлагч, нөгөөгийнх нь хувьд Солонгосын эдийн засгийн гайхамшгийн эцэг байв. Нэг үеийнхнийг амьдрах хугацаанд тэрбээр Азийн хамгийн ядуу бөгөөд хоцрогдсон Өмнөд Солонгос улсыг хөгжин цэцэглэж буй гүрэн болгож чадсан. Гэвч генералын амьдралын төгсгөл нь харгис хэмжүүртэй тус улсын ч хувьд эмгэнэлтэйд тооцогджээ. Тэрбээр 1979 оны аравдугаар сард ажил хэргийн оройн зоогийн үеэр тагнуулын албаны даргынхаа гарт амиа алдсан аж. Эл гэмт хэргийн учир шалтгаан өдгөө ч тодорхойгүй.
Үүний дараа тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг Ерөнхий сайд Чве Гю Ха 10 сар хашжээ. Тэрбээр эл албан тушаалтай зууралдаагүй бөгөөд цэргийн эргэлтийн дараа төрийн эрхэнд гарсан генерал Чон Ду Хванд шилжүүлсэн аж. Уян хатан байр суурьтай, амбицгүй нь Ерөнхийлөгч Чвег хосгүй нэгэн болгож, тэрбээр үлдсэн амьдралаа тайван өнгөрүүлжээ. БНСУ-д Ерөнхийлөгчийн албан тушаалыг маш аюултай болгосон механизм харьцангуй саяхнаас буюу төрийн эрхнээс Чон Ду Хвон (1980–1987) огцорсноос хойш бий болсон байна.
“АВЧ” ЭХЭЛСЭН ХҮН
Өмнөх Төрийн тэргүүн, мөнгө, эдийн шуналгүй Пак Жон Хигээс ялгаатай нь Чон Ду Хван авлигад хэт автсан удирдагч байжээ. Шүүхэд очиход нь түүнийг 200 сая ам.долларын авлига авсан этгээд болохыг баримтаар нотолсон. Энэ нь ч бодит үзүүлэлтээс хол зөрүүтэй аж. Ташрамд дурдахад, бодитой зүйл гэвэл тэрбээр зөвхөн авлигач нэгэн байсангүй. Чон Ду Хваныг төр барьсан үед БНСУ зарим талаар эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэгч хэвээр байв.
Дарангуйллын засаглалаас залхсан хүн амынхаа олонхын эсэргүүцэлтэй тэрбээр 1987 онд тулгарчээ. Цэргийн дарангуйллын эдийн засгийн амжилттай бодлогын ачаар тус улсад бий болсон дунд давхаргынхан эцэстээ эрх баригчдынхаа гол дайсан нь болж, цэргийнхнийг төрийн эрхээс буухыг шаарджээ. Гэхдээ цэргийнхэн огцорсон нь ардчилсан сөрөг хүчнийхэн ялахад хүргээгүй аж. Удирдагчид нь үл ойлголцож, сонгуульд нэр дэвшигчийн талаар санал нэгдээгүй учраас Чон Ду Хваны хамтран зүтгэгч, генерал Ро Дэ Уд ялагдав. Тэрбээр төсвийн хөрөнгөөс завших дуртай, үүндээ гаршсан нэгэн байсан бөгөөд өмнөх удирдагчаасаа илүүг буюу 230 сая ам.доллар дансандаа хийснийг мөрдөгчид илрүүлсэн байна. Гэхдээ Чон Ду Хван улс төрийн буулт хийх нөхцөлөө тохиролцохдоо хувийн халдашгүй байдлын баталгаа гаргуулжээ. Огцормогцоо тэрбээр алслагдмал уулан дахь буддын сүмд очиж, олны анхаарал татахгүйг хичээн хоёр жилийг өнгөрүүлсэн аж. Гэвч шинэ эрх баригчид амласандаа хүрээгүй юм. Тэд өмнөх засгийнхныг авлигач, шийдэмгий бус улстөрчид гэж ил тод нэрлэж байв. Улс орноо Гватемал шиг байсныг Франц шиг болгосон өмнөх удирдагчдынхаа гавьяаг залуус үнэлээгүй.
Чон Ду Хван, түүний халааг авсан Ро Дэ У 1995 оны эцсээр шинэ засгийнхны золиос болжээ. Нууц нь ил болохоос бүх зүйл эхэлсэн аж. Тохиолдлоор хуучин хоёр Ерөнхийлөгчийн нууц дансан дахь мөнгөний тухай мэдээлэл нийтийн хүртээл болжээ. Авлигаар бий болсон мөнгө тэднийг шүүхэд шилжүүлэхийг шаардахад хүргэв. Үүний зэрэгцээ урьдын дайснууд нь улс төрийн хэрэг сөхөж, хуучин удирдагчдад 1980 оны тавдугаар сард Кванжу хотод Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалыг харгислан дарсны хариуцлагыг тохоов. Эцэст нь 1996 онд шүүх хурал болж, Чон Ду Хван цаазаар авхуулах, Ро Дэ У насаараа хорих ял шийтгүүлжээ. Үнэн хэрэгтээ тэд хоёр жил гаруйн дараа суллагдсан аж. Тэр үед тэднийг баривчилсныг олонх нь ардчиллын оргил, нийгэм цэвэршиж буй хэрэг хэмээн хүлээн авчээ. Гэтэл үнэндээ өнөөдрийг хүртэл үргэлжилсээр буй аюултай үеийн эхлэл байсан аж. Чон, Ро нарыг баривчилснаар хуучин Ерөнхийлөгч халдашгүй хүн байх тухай ойлголт халагдав.
АВЛИГЫН ГУРВАН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
Өмнөд Солонгосын авлигад уламжлал, улс төрд орсон хэнд ч шаардагдах хэрэгцээ, нийгэмд газар авсаар буй туйлшрал гэсэн гурван шалтгаан бий. 30 жилийн өмнөхтэй харьцуулахад өдгөө төрийн дунд болон доод давхаргынхан авлигад бага эдэгдсэн. Дээд давхаргынханд хээл хахууль хэдийн ердийн үзэгдэл болжээ. Авто засварын газар, эсвэл сүлжээ дэлгүүрийн эзэн хэн нэгэнд авлига өгөх шаардлагагүй. Гэхдээ бизнесийн орлого нь авто засварынхаас хэд дахин их бол өгөх хэрэгтэй болдог. Улстөрчид, эсвэл түшмэдэд энэ нь ямар ч ялгаагүй. Улстөрчид бол байнга л авлигад холбогддог. Тэд шаардлагатай хуримтлалаа албан ёсны бус замаар үүсгэдэг.
Үүний шалтгаан нь сонгогчдод таалагдахын тулд Өмнөд Солонгосын хууль тогтоогчид парламентын гишүүд болон сонгогдсон бусад албан тушаалтны хуулийн дагуу ашиглаж болох хөрөнгө мөнгөний хэмжээг хатуу хязгаарласан байдаг. Гэвч албан ёсоор зөвшөөрсөн хөрөнгө нь улс төрд ахиж дэвшихэд хангалтгүй. Парламентын гишүүн л гэхэд ажилтны цалин, албан тасалгааны түрээс, төлөөлөгчийн газрын зардал нь хуульд зааснаас 3-4 дахин их гардаг.
Бодит байдал дээр хүсвэл Өмнөд Солонгосын аль ч улстөрчийг авлигын хэрэгт буруутгаж болно. Солонгосын жишгээр бол тэд өөрийн хүрээллийн хүндтэй хүмүүсийн хурим, оршуулах ёслол бүрт заавал оролцох ёстой байдаг.
Эцэст нь, сүүлийн 20 жилд тус улсын улс төрд газар авч буй туйлшрал галд тос нэмж байна. Тус улс хэдийн дэвшилт болон хуучинсаг үзэлтнүүд гэсэн хоёр туйлд хуваагджээ. Гэхдээ тэдний үзэл бодлын ялгаа тийм ч их биш. Улс төр, эдийн засгийн төдийгүй албан ёсны болон бэлгэдлийн асуудлаар тэд адилхан ширүүн маргаан өрнүүлдэг. Гэвч хуучны улстөрчид хэлэлцэж, буулт хийхэд бэлэн байдаг бол шинэ үеийнхэн илүү үзэл сурталжсан, өөрийгөө бусдаас илүүд үзэх хандлагатай.
Тиймээс ч 1993-1997 болон 1998-2002 оны Ерөнхийлөгч Ким Ён Сам, Ким Дэ Жун нар ийм хандлагын хохирогч болоогүй аж. Түүгээр зогсохгүй тэд өмнөх болон халаа авагчдаасаа ялгаатай нь огцорсон ч эсэн мэнд аж төржээ. Харин тэдний үр хүүхэд гэмт этгээд болж байна.
АЙМШИГТАЙ ӨШӨӨ АВАЛТ
Ардчилсан хөдөлгөөний идэвхтэн, ардчилсан өмгөөлөгч, дэвшилт хүчний удирдагч Ну Му Хён 2003 онд Төрийн тэргүүн болсон. Нэр хүнд нь маш муугаас өөр онцгой асуудалгүйгээр үүрэгт хугацаагаа дуусгасан нэгэн. Гэтэл огцорсных нь дараа буюу дэвшилт үзэлтнүүдийн халааг авсан хуучинсаг үзэлтнүүд түүний санхүүг шалгахаар шийджээ. Энэ нь өшөө авалт байв. Тэр үед хуучинсаг үзэлт шинэ Ерөнхийлөгч И Мён Багийг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал болж байсан бөгөөд үүний ард Ну Му Хён байгаа хэмээн үзжээ. Мөрдөн шалгалтын явцад хуучин Төрийн тэргүүний гэр бүлийн гишүүн бизнес эрхлэгчдээс зургаа орчим сая ам.долларын авлига авсан нь тогтоогдов. Ойр хүрээнийхэн, тэр дундаа гэргий нь авлига авсан нь тогтоогдож, шүүхээс зайлах аргагүй болсноо ойлгосон Ну Му Хён амиа хорлосон аж.
И Мён Багийн дараа төрийн эрхэнд хуучинсаг үзэлтнүүдийн төлөөлөл болсон Пак Гын Хэ гарав. Улс төрд гаршаагүй тэрбээр аав, генерал Пак Жон Хигийн охин гэдэг утгаар сонгуульд ялжээ. Итгэл хүлээсэн цөөн хүний хүрээнээс гардаггүй байсан тэрбээр эцэстээ томоохон дуулианы эзэн болсон.
Багын найз, христийн нэг урсгалыг дагагч, бөө нартай зөвлөлдөгч эмэгтэйг тэрбээр гол зөвлөхөө болгосон нь 2016 оны эцсээр тодорхой болжээ. Дээд боловсролгүй зөвлөхийнхөө сан руу бизнес эрхлэгчдээр 70 орчим сая ам.долларын хандив идэвхтэй өргүүлдэг байсан аж. Хачирхалтай нь, энэ мөнгөнөөс ганц ч доллар Ерөнхийлөгчийн халаасанд ороогүй ч тэрбээр итгэл хүлээгээгүй этгээд болж, Засгийн газрын ордноос шууд шоронд хүргэгдсэн. Шүүх түүнд 33 жил хорих ял оноосон юм. Түүний дараа хугацаанаас өмнө болсон сонгуульд дэвшилт үзэлтнүүдийн удирдагч, амиа хорлосон Ерөнхийлөгч Ну Му Хёны нарийн бичгийн дарга асан Мүн Жэ Ин ялсан билээ. Өшөө авалтаа ч тэрбээр удаасангүй. Өөрийн багш бөгөөд ивээн тэтгэгчийнх нь үхэлд буруутай гэж үздэг өмнөх удирдагчийн эсрэг ажиллагааг шинэ Ерөнхийлөгч нэн даруй үргэлжлүүлжээ. Гэм буруутай этгээдийг олоход хүндрэл учраагүй бөгөөд 2018 оны хавар бас нэг Төрийн тэргүүн асан 10 сая ам.доллар завшсан хэргээр торны цаана суусан билээ. Онолын хувьд тэрбээр тийн 17 жил суух аж.
БНСУ-ын иргэд хуучин Ерөнхийлөгч баривчлагдахад гайхдаггүй. Ийм хэрэгт дасаж, бүр уламжлал болжээ. Одоогийн Төрийн тэргүүн уламжлалыг “баяжуулж”, нэмээд өмнөх засгийн хэдэн арван өндөр албан тушаалтныг хорьсон байна. Сонгогчдод ирээдүй ойлгомжтой. Одоо хуучинсаг үзэлтнүүд өшөө авах ээлжээ хүлээж буй.