Нийслэлийн боловсролын газраас 2020-2021 оны хичээлийн жил эхлэх болсонтой холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга өнгөрсөн дөрвөн жилийн боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулгын мэдээллийг танилцууллаа.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 77 цэцэрлэг, 33 сургууль шинээр ашиглалтад орсон. Тухайлбал, 2016 онд 17 цэцэрлэг, 2017 онд 16 цэцэрлэг, 2018 онд 13 цэцэрлэг , 2019 онд 31 цэцэрлэг тус тус ашиглалтад оржээ. Энэ онд барилгын ажил нь явагдаж байгаа 60 цэцэрлэг байгаа.
Сургуулийн хувьд 2016 онд тав, 2017 онд найм, 2018 онд гурав, 2019 онд 17 сургууль тус тус ашиглалтад оржээ. Харин энэ онд 35 сургуулийн барилгын ажил явагдаж байгаа. Цэцэрлэг болон сургуулийн барилгын ажлын дундаж гүйцэтгэл 60 гаруй хувьтай хангагдаж байна” гэлээ.