Амралт, зугаалга дуусаж, ажил жигдрэх цаг ойртсоор. “Хичээл, сургууль эхлэх нь үү. Шийдвэрээ эртхэн гаргаасай. Ажил, амьдралаа төлөвлөн, зохицуулмаар байна” гэх хүмүүс хаа сайгүй. Хичээлийн шинэ жил эхлэхэд ганц сар дутуу байхад Засгийн газраас дорвитой шийдвэр гаргахгүй, яах нь тодорхойгүй байгаа нь олон хүний амьдралыг “гацааж” орхисон гэхэд хилсдэхгүй. Монгол Улс дотооддоо цар тахлыг алдаагүй учир дэглэм баримталж, сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй гэсэн хүн цөөнгүй. Үүний зэрэгцээ боловсрол яах вэ, эрүүл мэнд чухал гэх хүн ч олон байв. Иргэдийн санал ийнхүү хоёр хуваагджээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1 буюу тогтсон хугацаанд нь эхлүүлэх чиглэлийг БШУЯ-нд өгсөн. Харин өчигдөр Улсын онцгой комисс хуралдаж, есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх, эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хурлын дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өгөв.
Тэрбээр “Өнгөрсөн хичээлийн жилд 75 өдөр нь цахим сургалт явууллаа. 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын үйл ажиллагааг тодорхой үе шаттай явуулах хувилбаруудыг УОК-т танилцуулан, Засгийн газрын хурлаар эцэслэн шийдвэрлэх боллоо. Ямар хувилбараар хэрхэн ажиллах талаар судалж байна. Сургуулийн өмнөх боловсрол эзэмших 2-5 насны 300 мянга гаруй багачууд, ерөнхий боловсролын сургуульд 682 мянга орчим сурагч, их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцахаар байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвүүдийн үйл ажиллагааг тус бүрт нь ямар хэлбэрээр явуулах талаар судалж, танилцуулсан. Ээлжит хурлаар тодорхой чиглэл авлаа. Ажлын хэсгийнхэн хувилбаруудаа дахин боловсруулж, Засгийн газарт танилцуулна. Бэлтгэл байдалтай холбоотой тусгайлсан хэвлэлийн бага хурал зохион байгуулна” гэв.
Ямартай ч УОК-ын ээлжит хурлаар цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдэв. Ийм шийдвэр гарсны дараа олон нийт цахим орчинд багагүй мэтгэлцээд амжив. “Нэгэнт л хүмүүс олноороо цугларч, дэглэмээ баримтлахгүй байхад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж буй нь зөв” гэсэн хэсэг бүлэг байхад “Хожимдсон хойно нь амаа барих вий дээ. Эрүүл л бол бусад нь болно” гэцгээх хүн ч цөөнгүй байв. Нэг тийш нь чиглүүлсэн шийдвэр гарчихвал адаглаад л хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасаа бэлдэх, цаашлаад үр хүүхдээ харуулах хүн олохоос эхлээд эцэг, эхчүүдэд ажил мундахгүй. Ажилтай хүмүүс амралтаа ээлжлэн авч, үр хүүхдээ харж, арга ядсан нэг нь цоожтой хаалганы цаана үлдээсээр багагүй хугацааг өнгөрүүлсэн. Манайх гэдэг айл ч бусдын адил Засгийн газрын шийдвэрийг хүлээж байв. Энэ намар хоёр, гуравдугаар ангид элсэх сурагчид, цэцэрлэгт анх удаа орох хоёр настантай. Том охин минь багш, ангийн найзуудаа санасан, хичээлдээ явахыг мөрөөдөж буй бол хүү сургуульд явахгүй, гэртээ суух нь сайхан гэх. Өнгөрсөн өвлөөс хойш хичээл ном нь тасалдаж, дөрөвдүгээр сарын 15-наас есдүгээр сарын 1 хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хойшлуулсан. Ингээд л үндсэн долоон эгшиг, хэдхэн гийгүүлэгч үзсэн нэгдүгээр ангийн сурагч минь сургуульгүй болж, цахим багш, эцэг, эхийнхээ тусламжтайгаар уншиж, бичиж, бодож сурав. Хоёрдугаар ангийн охин минь 35 үсгээ үзсэн, дөрвөн аргын тоогоо бодоод сурчихсан тулдаа бага бухимдуулсныг нуугаад яах вэ.
Дэлхийн бараг бүх улсад тархсан цар тахал одоо ч хүн төрөлхтнийг айлгасан хэвээр байна. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Коронавирусийн халдварын эрсдэлийн 10 дахь үнэлгээгээр Монгол Улсад хүн амын дунд халдвар гарах, тархах эрсдэл өндөр гэсэн дүн гарсан. Бид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлбэл хэрэгжүүлэх зөвлөмжийг БШУЯ-тай хамтран боловсруулж байна” гэж өчигдөр мэдээлсэн юм.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги болон их, дээд сургуулиудыг есдүгээр сарын 1-нд хичээллүүлж, дараа нь бага, дунд ангийнхныг танхимын сургалтад хамруулах талаар сураг сонсов. Мөн үндсэн хичээлүүдийг танхим, туслахыг нь теле байдлаар явуулах тухай ч дурдсан гэнэ. 60 сурагчтай нэг анги байлаа гэж бодоход үндсэн хичээлээ танхимаар үзвэл халдвар хамгааллын дэглэм ялгаагүй зөрчигдөж мэдэх. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг харьяа яамныхан нь хайж буй аж. Муугаар бодоход коронавирусийг дотооддоо алдчихвал хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхгүй. Тиймээс эрсдэлээ тооцон цахим хичээлүүдийг хэдэн сараар нь бэлдсэн гэж эх сурвалж хэлэв.
Эмч, мэргэжилтнүүд ирэх аравдугаар сард коронавирус идэвхжиж, томуугийн дэгдэлттэй хавсарч магадгүй гэж мэдээлсэн. Тиймээс арваннэгдүгээр сараас ч бага ангийнхны хичээлийг эхлүүлж магадгүй гэх яриа гарсан юм. Энэ мэт эргэлзээтэй олон асуудал, хариулт нэхсэн асуултад Засгийн газар өнөөдөр нэгдсэн хариулт өгөх нь. Гагцхүү сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бүтэн жилээр нь боловсруулан, иргэдийг ажил, амьдралаа зохицуулахад тодорхой чиглэл чухал байна.
Цэцэрлэгийн багачууд болон нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэлийг ирэх сарын 3-наас эхлүүлэх юм. Цэцэрлэгийн хүүхдүүдийг tsetserleg.ulaanbaatar.mn, нэгдүгээр ангид элсэх сурагчдыг parent.esis.edu.mn системээр нэвтэрч, цахимаар бүртгүүлэх аж. Ирэх намар 39 439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх гэнэ. Энгийн нөхцөлд ч сургууль, цэцэрлэгийн барилгын засвар оройтдог, есдүгээр сарын 1-нд будаг нь хатаагүй, хичээл эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч сурах бичгүүдээ хэвлээгүй зэрэг цөөнгүй асуудал тулгардаг. Тэгвэл цар тахал тархах эрсдэл өндөртэй энэ үед илүү нарийн төлөвлөгөө, зохион байгуулалт шаардлагатай.
Агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг коронавирусээс сэргийлэх хамгийн энгийн арга нь амны хаалт зүүх, гараа тогтмол угаах гэж ЭМЯ-наас өдөр бүр сануулж буй. Мөн ДЭМБ-аас хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зай барьснаар өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархахаас сэргийлнэ гэж мэдээлсэн. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй улсын сургуулиудад нэг ангид хэдэн хүүхэд сурдаг билээ. 50 хүүхэдтэй ангид зай барих нөхцөл бүрдэх бил үү. Үүнээс эхлээд цэгцлэх, шийдвэрлэх, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна.
Үзвэр, худалдаа үйлчилгээ, амралт зугаалгын газруудад халдвар хамгааллын дэглэм баримталж буй хүн цөөрсөн, Хоорондын зай барих нь бүү хэл, амны хаалт зүүсэн хүн ч цөөн харагдах болов.
Монгол Улс аюулт өвчнийг дотооддоо алдаагүйн зэрэгцээ боловсролын салбарын үйл ажиллагааг доголдуулаагүй нь сайшаалтай. Мэдээж багш, сурагч нүүр тулж хичээллэх, дэлгэцийн цаанаас “зааварлах” хоёр ялгаатай. Теле хичээлд хамрагдагсдын нэгдсэн тоог гаргаж, үр дүнг нь тодорхойлж чадаагүй учраас чанарыг нь сайн, муу гэж дүгнэх боломжгүй юм. Теле хичээлийн зэрэгцээ анги даасан багш, эцэг, эхийн хамтын хичээл зүтгэлээс шалтгаалан хүүхдүүдийн мэдсэн сурсан ялгаатай байна. Тиймээс эрсдэл үүсэж, танхимаар хичээллэхээ боливол теле сургалтын чанарыг сайжруулан, цагийг нь уртасгах хэрэгтэй санагдана. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутнууд, тэр дундаа шинээр элсэх хүүхдүүд хичээл сургуулийн асуудлыг нэг тийш нь болгохыг тэсэн ядан хүлээж буй. Орон нутгаас ирсэн оюутнуудын хөлд нийслэл наймдугаар сарын эхээр л дарагддаг. Тэд сургуульдаа бүртгүүлэх, дотуур байраа хөөцөлдөх гээд ажил ихтэй учир хичээл эхлэхээс бараг сарын өмнө ирцгээдэг. Дотуур байранд дунджаар дөрвөн хүүхэд амьдардаг бөгөөд дундаа нэг гал тогоотой. Хэд хэдээрээ нийлж, хоол хүнсээ зохицуулдаг. Гэтэл энэ нь эрүүл ахуйн дэглэм зөрчиж буй хэрэг болох юм. Тэгэхээр оюутнуудын дотуур байранд халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах вэ гэдгийг ч эртнээс тодорхой болгомоор. Бүх зүйл “Ковид-19”-өөс шалтгаална гээд суух биш, эрсдэл үүсвэл хэрхэн, яаж ажиллахаа илүү тодорхой болгоно уу. Бидэнд ердөө ганц сарын хугацаа үлдлээ.