“За хө”, “Тиймээ хө”, “ойлголоо хө”, “тэгээрэй хө” гэх зэргээр та хэн нэгэнтэй харилцахдаа “хө” гэж бичихгүй л бол таагүй сэтгэгдэл үлдээнэ гэж бодож байсан уу.
Хүмүүс бие биетэйгээ эерэг харилцаа тогтоох хамгийн чухал хэрэгсэл бол үг яриа. Та тухайн харилцаж буй хүндээ ямар үг хэлэхээс шалтгаалж харилцааны эерэг сөрөг байдал үүсдэг. Орчин цагт хүмүүсийн харилцаан дээрээс ажиглагдаж байгаа нэг зүйл нь үгнийхээ араас “хө” залгуулан ярих нь элбэг болжээ.
Тэгвэл энэ талаар зарим хүмүүсээс тодруулахад хүмүүс ямар нэгэн ажил хөөцөлдөх болохоор “хө” гэдэг үгийг хэрэглэдэг. Мөн ихэвчлэн ярианыхаа үгэнд бус зурвас бичихдээ ашигладаг. Учир нь “хө” гэж бичихгүй л бол ямар нэг зүйл дутуу орхисон, таарамжгүй харилцсан мэт санагддаг гэнэ. Харин “хө” гэж хэлэхгүйгээр үгээ дуусгавал их зантай юм шиг ойлгогддог гэсэн хариултуудыг өглөө. Тэгэхээр үүнээс харахад “хө” гэдэг нь өнөөдрийн нийгэмд эерэг, сөрөг харилцааг ялгадаг харилцааны хэрэгсэл болжээ.
Монгол хэлний тайлбар толинд “хө” гэдэг нь дуу шүлгийн айзам хэмнэл тохируулах аялга үг хэмээн тайлбарлажээ. Ихэвчлэн уламжлалт дуу, шүлэг, тоглоом наадгайнд хэлэгддэг аж.
Тухайлбал, ардын дуунд “Ай хө, зээ хө” гэх мэтээр хэлэгддэг бол “Дэмбээ” хэмээх дуут тоглоомонд “Дэмбээ манан хө” гэх мэтээр хоорондын харилцаа, тэр дундаа тоглоом наадмын харилцаан дээр хэлэгддэг аялга үг байжээ. Тэгэхээр “хө” нь хуучин цагт аялга үг байсан бол өнөөдөр харилцааны төгсгөлд хэлэгддэг жирийн нэг үг болж хувирсан байх нь.