Сонгууль албан ёсоор эхлээд зургаа хоног өнгөрлөө. Эхнээсээ хөл хорионы дэглэм зөрчсөн тохиодол гарч, Сонгуулийн ерөнхий хороо өргөдөл, гомдлоор дарагдаж байгаа бололтой.
"Муу хүнийг зар, зарсан хойноо өр" гэгчээр нам, эвслийн ухуулагч нар нэр дэвшигчийнхээ сурталчилгааны самбарыг буруу байрлуулснаас болж нэр дэвшигчээ хасуулах хүртэл гай чирж мэдэхээр байна.
Сонгуулийн тухай хуулийн 42.9 дэх хэсэгт "Зурагт самбар, дэлгэцийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно" хэмээн заасан байдаг. Гэвч дараах зурагт сурталчилгааны самбаруудыг явган хүний зам хааж байрлуулсан байгааг уншигч та бүхэн харж байна.
Тэр ч байтугай, явган хүний замыг эвдэж сурталчилгааны самбар зоох тохиолдол гарав.
Мөн нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг урж сүйтгэх явдал удаа дараа гараад байна. Иймэрхүү асуудал үе үеийн сонгуульд мэр сэр гардаг. Тэр ч бүү хэл өөрийнхөө самбарыг өөрөө урчихаад шоу хийж байгаа нэгэн ч байдаг юм.
Сонгуулийн тухай хуулийн 42.8 дугаар хэсэгт "Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцийг гэмтээх, устгахыг хориглоно” хэмээн заасан байдаг тул нам, эвсэл, иргэдэд хандаж хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөхийг уриалж байна.