Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ сарын 19-нд мэдээлэл хийх үеэрээ коронавирусийн эсрэг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын зарим бодлогыг эрс шүүмжилсэн. Тэрбээр "коронавирусийн аюулыг гадаадаас авчирч байгаад харамсаж байна. Хэдийгээр иргэдээ өвчний голомтоос авчрах нь зөв ч гэлээ гурван сая иргэний аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын үүрэг" хэмээн мэдэгдсэн.
Түүний энэхүү мэдэгдлийг иргэд олон нийт ихэд бухимдалтайгаар хүлээн авч, цахим орчинд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Үүгээр зогсохгүй, Хилийн чанад дахь монголчуудын холбооноос С.Эрдэнийг Монголын ард түмнээс уучлал гуйхыг шаардаад байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр С.Эрдэнийн өмнөөс уучлал гуйлаа.
Тэрбээр "Би АН-ын гишүүний хувьд С.Эрдэнэ даргынхаа өмнөөс уучлалт гуйя. Тэгэх эрх надад байгаа гэж бодож байна. С.Эрдэнэ даргад хэлэх гэсэн үгээ цагаа олж, зөв томьёолох ур чадвар дутлаа л гэж хэлэх байна. Санаа зовж байгаа асуудлыг нь ойлголгүй яахав. Харин түүнийгээ илэрхийлэхдээ дайрч давшилсан, иргэдээ ялгаварлан гадуурхсан, ялангуяа эрсдэлд байгаа иргэдийнхээ сэтгэлд юм хийх хэмжээнд хэлсэн нь харамсалтай зүйл болсон гэж бодож байна" хэмээлээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл бол Ардчилсан намынхны урдаа барьдаг хүмүүсийн нэг. Тэрбээр энэ жил сонгуульд өрсөлдөхгүй. Харин "Жорлонгоо өөрчилье" төслөө үргэлжлүүлэх бодолтой байгаа аж.