ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан мэдээлэл хийх үеэрээ Ардчилсан намын төрийн эрхийг барьж байх үеийн бодлогыг эрс шүүмжиллээ.
Тэрбээр "Өнөөдөр манай улсад амаргүй нөхцөл байдал нүүрлэчихээд байна. Үнэндээ бидэнд улс төрийн пи-ар хийгээд байх цаг алга. Ардчилсан нам стратегийн орд газрыг хууль бусаар олгох оролдлогууд дээр цэг тавья гэж бодож байгаа бол эхлээд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нараа олж ир.
Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийхгүй. Үүнд ард түмэн итгэж болно.
Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэх эрсдэлтэй зүйл хийхгүй. Мөн бид хэзээ ч Тавантолгойн орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц тохироог хийхгүй.
Бид хэзээ ч УИХ-аар оруулахгүйгээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөх ажлыг хийхгүй. Түүнчлэн Монгол Улсыг дахин саарал жагсаалтад оруулах асуудал гаргахгүй.
Өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлтүүд, төрийн сахилга бат сайжирч байгаа. Манай Засгийн газар Ардчилсан намын арчаагүй дөрвөн жилийн алдааг цэгцлэх гэж үйлээ үзэн ажиллаж байна. Хэрвээ мэтгэлцэх гэж байгаа бол шийдлээр, мөрийн хөтөлбөрөөр өрсөлд. Сөрөг хүчнийнхэн дээрээ суудлаа олмоор байна. ҮАБЗ-ийн зөвлөмж гарахаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар ил болно" гэлээ.