Украины Дээд Рада (парламент) Денис Шмигалийг тус улсын засгийн газрын шинэ тэргүүнээр батлав. Өнгөрсөн Мягмар гарагт парламент өмнөх Ерөнхий сайд Алексей Гончарукийн албан тушаалаасаа огцрох саналыг хүлээж авсны дараа Ерөнхийлөгч Владимир Зеленский Шмигалийн нэрийг дэвшүүлсэн байна. Шинэ ерөнхий сайд Дээд Радад үг хэлэхдээ түүний засгийн газрын тэргүүлэх чиглэл бол Донбасс дахь мөргөлдөөнийг зогсоож, алдагдсан газар нутгийг, түүний дотор Крымийг буцааж авах, төвлөрлийг сааруулах бодлогыг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, анагаах ухаан, боловсролын чанарыг сайжруулах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлэх гэж заажээ. Денис Шмыгаль 1975 оны 10-р сарын 15-нд Львов хотод төржээ. 1997 онд Львовын Политехникийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 2019 оны 8-р сараас Ивано-Франковск мужийн захирагчаар ажиллаж байгаад 2-сарын 4-нд Шадар сайдаар томилогджээ.