Хууль зүйн сайд асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өнөөдөр /2020.03.03/ Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандлаа. Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан нэр бүхий гишүүдээс зээлсэн мөнгийг нь буцаан авч, улсын төсөвт төвлөрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Тиймдээ ч Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж, хүсэлт хүргүүллээ.
"Нэр бүхий гишүүд, сайд нар болон төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд Монгол Улсын Засгийн газрын харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас илт ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн гэрээ хийж төрөөс баталгаа гаргасан зээд авсан ашиг нь олон нийтэд ил болоод хоёр жил боллоо. Гэвч энэ асуудлыг шалгаж, хуулийн хариуцлага тооцох, хууль зөрчиж хийсэн гэрээг хүчингүй болгох, хөрөнгийг буцааж санд төвлөрүүлэлт, төрийг алдагдалгүй болгох асуудлыг өнөөг хүртэл шийдэгдээгүй, Монгол Улсад хууль нэг мөр хэрэгжих зарчим хангагдаагүй байна" хэмээн тодотгожээ.
Энэ үеэр Хууль зүйн сайд асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин "Монгол Улсын прокурорын тухай хуулиар олгосон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэн илт ашиг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчиж хийгдсэн нэр бүхий гишүүд, сайд болон албан тушаалтнуудын авсан зээлийн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. Ингэхдээ гэрээнд заасан хөрөнгийг буцаан санд төвлөрүүлж, хүү болон алдангыг тооцон төрийг алдагдалгүй болгох хэрэгтэй" хэмээн ярилаа.