Ан хийж зугаацаж, ашиг олох хүмүүс сүүлийн жилүүдэд гаарах болжээ. Үүнээс болж ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж яригддаг тарвага, цагаан зээрийн тоо толгой ч цөөрсөн. Зэрлэг амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж буй нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хууль бус худалдаа.
Тиймээс Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах, амьтны эд, эрхтний худалдааг хязгаарлах нь чухал болоод байна. Амьтны эд, эрхтний хууль бус худалдаа нь хамрах хүрээ, хор нөлөөгөөрөө дэлхийд хар тамхины наймааны дараа ордог бол манайд үүнээс дутахгүй зах зээл бий болсон гэхэд хилсдэхгүй. Эд, эрхтний наймаанаас гадна ан хийх сонирхол гэх аюул амьтдад нүүрлээд байна. Үнэтэй машин хөлөглөж, чоно авлаж, баавгай намнасан зургаа цахим орчинд байршуулж “гангардаг” нөхөд олон нийтийн эсэргүүцэлтэй тулж сүүлийн жилүүдэд сагсуурах нь багассан. Гэвч тарвага, зурам агнах, загас барих нь хэвээр аж. Монгол орны шавж, загасны 19, шувууны 26, хөхтөн амьтны 25 зүйл хууль бус ан агнуурт өртөж байгааг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш нар судалгаандаа дурджээ. Үсийг нь хэрэглэх гэж тарвага, хэрэм, үнэг, хярс, чандага, туулайг олноор нь хөнөөж байгаа бол эмчилгээний зориулалтаар чонын тархи, зээрийн хээл, аргаль, янгирын цус, баавгайн өөх, доньт зэргийг, эмийн түүхий эд бэлтгэх нэрээр, хүдрийн заар, бөхөн, бугын цусан эврийг зах зээлд үнэ хүргэж наймаалдаг. Харин спорт агнуурт аргаль, янгир, хур, сойр, тул, зэвэг түлхүү өртдөг аж.
Амралт зугаалгаараа ав хийх, тэр дундаа загас агнах нь эрчүүдийн зугаа болоод уджээ. Зөвшөөрөлгүйгээр загас барина, түүнийгээ дамлан наймаална, тэр ч бүү хэл хүн ам олноор төвлөрсөн нийслэл рүү оруулж ирэх гэж зүтгэнэ. Өнгөрсөн сарын 14-нд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Бугат, Ногооннуур, Алтанцөгц сумын нутагт шалгалт хийжээ. Ногооннуур сумын нутаг дэвсгэр дэх Ачит нуураас зөвшөөрөлгүйгээр загас агнасан гурван зөрчил илрүүлж, зөрчил гаргагч иргэн бүрийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150 000 төгрөгөөр торгож, загас тус бүрт нь 10 000-14 000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. Загас барихад ашигласан мөсний өрөм, уурга, багаж хэрэгслийг улсын орлого болгожээ. Иргэд энэ мэтчилэн зөвшөөрөлгүйгээр загас агнах нь хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгддэг элбэг гэмт хэргийн нэг аж.
Ахуйн зориулалтаар загас барих зөвшөөрлийг 1995 онд баталж, “Ан агнах, загас барих эрхийн бичгийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас эрх олгосон ажилтан олгоно” гэж заасан байдаг. Гэвч өдгөө уурга, мөс цоологчтой дуртай нэг нь загас агнах болж. Хүнсний хэрэглээндээ зориулж жижиг загас хууль бусаар агнахыг торгоод өнгөрч болох. Харин устах эрсдэлтэй, ховор загас агнасных нь төлөө торгоод өнгөрч боломгүй. 2018 онд Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг дэвсгэрээс Дархан-Уул аймгийн харьяат иргэд найман тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан хэрэг бүртгэгдсэн. Эдгээр тул загас 0.8-1 метр хүртэлх урттай байсан бөгөөд буруутай этгээдүүдэд “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн удаатай. Хэрэв хууль бусаар загас агнасан нь илэрвэл Зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно гэж МХЕГ-ынхан хэлсэн.
Харин Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5400 (таван мянга дөрвөн зуун) нэгжээс 27 000 (хорин долоон мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10 000 (арван мянган) нэгжээс 40 000 (дөчин мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Он гараад нэг л сар өнгөрөхөд хууль бус загас агнуурын хэрэг хэд хэд бүртгэгджээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 10-нд Хөвсгөл аймгийн улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашинд тул загас гурав, бугын чив тавыг тээвэрлэж явсан зөрчил илэрчээ. Мөн Өвөргүнтийн товчоогоор нэвтэрсэн “62-00 УАЕ” улсын дугаартай “Ниссан” загварын машиныг шалгахад гарал үүсэл нь тодорхойгүй, зөвшөөрлийн бичиггүй, эвдэж жижиглэсэн зэрлэг гахайн мах, ятуу шувуу нэг, цурхай загас хоёрыг тээвэрлэсэн зөрчил гарсан байна. Энэ мэтчилэн байгаль орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Өсөхбаяраас тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Хүрээлэн байгаа орчны эсрэг 489 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2018 онтой харьцуулахад 123 нэгжээр буюу 25.1 хувиар өссөн үзүүлэлт. Үүний 54.1 хувийг илрүүлсэн. Тэдгээрийн дотор хууль бусаар ан агнах 51 зөрчил бүртгэгджээ. Энэ нь 2018 онтой харьцуулахад 19 нэгжээр өссөн үзүүлэлт гэсэн үг. Иргэд ан, гөрөө хийх нь уламжлал гэсэн хандлагатай байгаа учраас ховор амьтан авлах гэмт хэрэг олноор бүртгэгдээд байна.
Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу иргэд ан хийх тусгай зөвшөөрөл заавал авах шаардлагатай. Ан агнах зөвшөөрөл авах иргэн хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой. Тодруулбал, амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийг төлсөн, агнуурын амьтан агнах, барих хугацааг чанд мөрдөх, хориглосон арга, зэвсэг хэрэгсэл хэрэглэхгүй, агнах амьтан нь тус сум, дүүргийн агнуурын бүс нутгаас тухайн жилд агнахаар зөвшөөрөгдсөн амьтдын тоо хязгаарт багтах, ан хийх агнуурын бүс нутгаа сум, дүүргийн байгаль хамгаалагчаар заалгах, агнуурын ховор загасыг зөвхөн нэг салаа сэтгүүртэй, үзүүртээ сэртэнгүй дэгээг ашиглаж, хиймэл өгөөшөөр гэмтээлгүй барьж, усанд нь буцааж тавих хэрэгтэй. Иргэдийн буруу ойлголтоос болж хууль бусаар ан агнах гэмт хэрэг ихэсдэг. Тэд байгаль дэлхийгээ хайрлаагүйдээ биш, ховор амьтан гэлтгүй загас барихдаа зөвшөөрөл авах ёстойг мэдэхгүй байна. Хэрэв иргэдийг зөвшөөрөл авах тогтолцоонд сургаж чадвал энэ асуудлыг зохицуулж болно. Хүмүүс зөвшөөрөл авах нь чирэгдэл ихтэй гэж залхуурна, авсан хойноо хугацаа, тоог хэтрүүлэн барьдаг” гэв. Цагдаа, мэргэжлийн хяналтынхан орон нутагт тэр бүр хяналт тавьж чадахгүйгээс хулгайн ан ихэсдэг гэнэ. Загасыг олноор агнаснаас гол, мөрөн хатаж, усны түвшин буурч, бохирдох, зарим зүйл хязгаарлагдмал тархацтай болж устах аюулд хүргэдэг.
Манай улсад Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Тэрхийн цагаан, Өгий зэрэг томоохон гол, нуурт 22 зүйлийн загас байдгаас Дархадын цагаан, Дэлгэрмөрөний цагаан, Хөвсгөлийн омуль, сибирь хилэм, тул, зэвэг хоёр зүйл хадран, алгана, ердийн цурхай, мөнгөлөг хэлтэг, булуу цагаан, гутаарь, улаан нүдэн, бух сугас зэргийг хууль бусаар их ангадаг аж. Ахуйн зориулалтаар загас барих, агнах зөвшөөрлийг гадаадын болон дотоодын иргэнд ижил шаардлагаар олгодог. Амьтны тухай хуулийн 13.1-т “Өөрөөр заагаагүй бол төлбөрийг бүрэн төлж ан агнах, барих эрхийн бичиг, гэрээ, тусгай зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд багтаан бэлтгэсэн ангийн түүхий эд нь бэлтгэгч этгээдийн өмч болно” гэж заажээ. Ямартай ч амьтны амь таслахдаа ангийн зөвшөөрөл авч сурах хэрэгтэй бололтой, монголчууд.