Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах зорилготой "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал болсныг иргэд сайн мэднэ.
Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар болон иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн Төрийн ордонд нэвтэрч, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах албан шаардлагыг өгч, уулзалт хийсэн байдаг. Тухайн үед ордон руу нэвтэрсэн иргэний нийгмийн хөдөлгөөний нэг хүн УИХ-ын дарга асан М.Энхболдыг хутгалах гэж байсан талаар түүний хуульч асан Л.Гүнбилэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Тэгвэл энэ талаар М.Энхболд өнөөдөр ингэж жиргэжээ. Тэрбээр "Надруу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн" хэмээжээ.