Улсын ерөнхий прокурорын газарт С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан байсныг Олон улсын парламентын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, С.Зоригийн хэргийг шалгах түр хороо зэрэг гурван байгууллагаас албан ёсоор тогтоосон. Гурван шатны шүүх эрүүдэн шүүсэн явдлыг анзааралгүйгээр шийдвэр гаргасан. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдалд орж байгаа хэрэг юм. Мөрдөн байцаагч, прокуроруудын буруутай үйл ажиллагаанаас болж Монгол Улсын иргэн хэлмэгдсэн нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгадаг. Хоёр дахь том шалтгаан бол Амгаланбаатар Содномдаржаа, Чимгээ нарыг гүтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд хууль хяналтын байгууллагууд Содномдаржаа, Чимгээ нарыг нэн даруй суллах үүрэгтэй.
Өнөөдөр Монголын төр ард түмэндээ дэндүү ялгавартай хандаж байна. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг мэтийн луйварчид гадаадад далайн эрэг дээр амарч байхад ардын хүүхдүүд шоронд тамлагдаж, ясаа цайтал сууж байна. Үүнийг ШИНЭ нам болон Монголын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй.
Хэрэв 12 дугаар сардаа багтааж Содномдаржаа, Чимгээ нарыг суллахгүй бол ШИНЭ намаас бүх нийтийн жагсаал цуглааныг албан ёсоор зохион байгуулна гэдгээ мэдэгдье" гэлээ.