Ард олны хөрөнгөөс хумсалдаг, хулгайлдаг, аль л өнгөтэй өөдтэй бүрт эзэн суудаг, заримдаа довтлон ирж хүч бяраараа далайлган дээрэм хийдэг шуналын сэтгэлээ хорьж дийлэхээ больсон мангас өндөр уулын уужим агуйд амьдран сууна. Хүчит мангасын шунал хүслийн хөлд дарагдсан ард олонд өөдлөн өндийх, дэвжин дээшлэх боломж туйлын хомс. Тэдний дундаас шалгарсан баатар эрс залхаалт мангасыг даран сөнөөхөөр өндөр уулыг зорино. Өчнөөн баатар эрс нум, саадгаа агсаж, сэлэм, жадаа хурцлан мордсон ч эргэж ирсэнгүй. Мангасыг дарахаар мордсон хэн ч эргэж ирдэггүй нь ард олонд улам айдас төрүүлнэ.
Мангасыг дарсан хүү шиг шуналт сэтгэлгүй, шударга зарчимтай, ёс суртахуунтай улстөрчид хэзээ төрөх бол. Ард олон горьдон хүлээсээр л байгаа.
Гэтэл гартаа барих зэвсэггүй жаал хүү мангасыг дарахаар зоригложээ. Явган нүцгэн сайх хүү өргөн талыг гаталж, өндөр ууланд мацаж, мангасын агуйд хүрлээ. Шуналт мангас амаар нь эд баялаг сагасан агуйнхаа аманд хэвтэж байв. Хүүг үзэнгүүтээ хилэнцэт харцаар төөнөж, хүч бяраа илтгэн цамнажээ. Жаал хүү газраас атганд багтах чулуу аваад, мангас руу шидэж орхив. Шидсэн чулуу мангасын хоёр нүдний голд тусаж гэнэ. Гэтэл мангас үхэтхийн унаж, амьсгал хураажээ. Хүү агуйд орлоо. Авдар авдраар алт эрдэнэс, өнгөөр өнгөөр эд бараа хөглөрч байв. Жаал хүү хэдэн атга алтан зоос өвөртөлж орхилоо. Гэтэл гарынх нь хумс уртаас урт ургаж, сарвуунд нь үс сөрвийж эхлэв гэнэ. Хүү алтан зооснуудыг асгаж орхиод, агуйгаас гаран гүйжээ. Уулын бэлд ирээд гараа харвал хумс нь арай богино болсон байж. Гүйсээр тал газарт ирээд гараа харвал хуучин хэвэндээ орсон байв гэнэ.
Уг нь мангасыг дарахаар мордсон баатар эрс түүнийг хороосон байх нь. Гэхдээ тэд мангасын алт мөнгө, эд агуурст шунаад өөрсдөө түүнтэй адил болсныг хүү ухаарлаа. Хэрэг явдлын учрыг нэгэнт ойлгосон хүү мангасыг дарснаа ард олондоо дуулгахаар эрчлэн гүйжээ. Шуналын сэтгэлээ хорьж дийлэнхээ больсон залхаалт мангасыг дарсан үлгэр ийм болой.
Эл үлгэрээс манай нийгмийн тогтолцооны гажгийг харж болохоор санагддаг. Монголын нийгэм авлига, албан тушаалын гэмт хэрэг, хулгайн тогтолцоотой болсон. Энэ тухай хүн бүр л ярьдаг. Мэддэг, мэдэрдэг ч болсон. Одоогоос олон жилийн өмнө 2000-аад оны эхээр нэр нь үл тодорсон бичээч “Авлигын тор” гэсэн нийтлэл хэвлүүлж, олон нийтийн анхаарлыг татаж байлаа. Тэгвэл өдгөө Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Х.Баттулга “Авлига тор байхаа больсон. Авлига тороос болсон” гэж хэлсэн удаатай. Хориод жилийн өмнөөс цэцэглэсэн авлига одоо тороос шиг тасрахааргүй хатуу бөх тогтолцоо болсныг дээр, дооргүй хүлээн зөвшөөрсөн хэрэг. Үүнийг батлах өөр нэгэн жишээг дурдъя. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтад оролцохдоо “Авлигын тогтолцоо үйлдвэрлэлийн өртгийг нэмж байна. Муу дарга нарыг хүмүүжүүлэх учиртай” гэж ярилаа. Бүтээж буй зүйлийн үнэ өртгийг авлига улам нэмж байна гэсэн санааг тэрбээр хөндсөн нь энэ. Авлигын тогтолцоо гэсэн онолын маягийн хэллэгт албан тушаалаа урвуулан ашиглах, нийтийн өмчөөс хулгайлах гэдэг агуулга багтаж буйг санаарай.
Шударга зарчим, ёс суртахуунтай нийгмийн төлөө амь биеэ зориулна гэж уриа хашхирсан залуус улстөрч болдог. “Увайгүй улстөрчид, идээчин, уугаачидтай тэмцэнэ” гэж тэд цээжээ дэлдэнэ. Тэд гэнэн итгэмтгий агаад ядуу ард түмэнд яг л мангасыг дарахаар мордож буй баатар шиг харагддаг. Тэгээд ард олны дэмжлэгийг аван улстөрч болно. Зөөлөн сэнтийд тухалсныхаа дараа амнаасаа шударга зарчим, ёс суртахууны тухай үг бараг л унагахгүй. Аль хэдийн авлигын тогтолцоотой эвлэрэн, амтанд нь орчих нь тэр. Уг нь тэр өөрийгөө мангас болчихно чинээ санаагүй байх. Халуун зүрх нь мангасыг дарж ард иргэдээ сайхан амьдруулна гэж цохилсон байх. Гэвч хүйтэн тархи нь “Чи мөнгөтэй байх ёстой. Мөнгөгүй бол чи улс төрд амжилт олохгүй” гэж байнга хайрч жиндүүлсээр халуун зүрхийг нь хөлдөөчихсөн байх. Манай төрийн тогтолцооны гажиг ерөөс энэ. Эвлэршгүй ийм гажиг нийгмийнхээ хөгжлийг хойш чангаасаар байна. Бид дэлхий дахины хөгжил, дэвшлийн бүх л хэмжүүрээр 200 орчим орноос 100 хавьд л явдаг. Дундуур явж байхад болно гэж сэтгэлээ амраах хүн таарч мэднэ. Бид урдуур “давхих” нөөц боломж өчнөөн бий. Гэвч мангасыг дарах хүч олдохгүй байна.
Бодит жишээ дурдъя. Залуухан улстөрч орон нутгийн засаг захиргаанд өндөр албан тушаал хашдаг. Тэрбээр эгэл жирийн гэр бүлээс гаралтай, дундаж амьдралтай нэгэн. Мөнөөх эр “Мөнгөтэй бол улс төрийн карьераа ахиулах боломж байна. Мөнгө л олж чадахгүй бол миний карьер энэ зууртаа гацах байх” гэж ярьдаг. Мөнгөгүй бол улс төрийн шат шатны сонгуульд нэр дэвших боломжгүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн карьераа өсгөх боломжгүй гэсэн үг. “Томрох”-ын тулд түүнд мөнгө хэрэгтэй. Тэгэхээр яаж мөнгө олох вэ. Түүнд мөнгөтэй болохын тулд авлига авах, төсвийн буюу нийтийн өмчөөс хулгай хийх сонголт бий. Улс төртэй орооцолдсон олон хүн энэ сонголтыг хийсэн. Тэгээд нийгмийнхээ хөгжлийг хойш нь чангаасан мангас болсон. Эрх мэдэл нь нэмэгдэж, танилын хүрээ нь тэлэх тусам тэд эд агуурс, хөрөнгө мөнгөнд шунана. Өөрөөр хэлбэл, авлигын тогтолцоонд гүн гүнзгий шигддэг. Тэднийг ард түмэн “Төрөөс төрсөн тэрбумтан” хэмээх этгээд хэллэгээр егөөдсөн. Бие биеэ шүүмжлэхээрээ ч тэд энэ үгийг баруун, зүүнгүй чулууддаг зантай.
“Энэ хүүхнүүд үү” кинонд сумын заан Идэр эрэгтэй хүний дүрд хувирсан Дуламсүрэнтэй нэгдлийн даргын нүдэн дээр барилдаад унаж өгдөг. Өмнө нь тэр хоёр хуйвалддаг шүү дээ.
Эмэгтэй хүн эр хүний дүрд хувирсан учрыг мэдсэн нэгдлийн дарга Идэрээс асуухад “Эхэндээ ч хууртаж явсан. Дараа нь хуурах ажилд нь оролцсон” гэж хариулдаг хэсэг бий. Манай Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ “Эхэндээ ч хууртаж явсан. Дараа нь хуурах ажилд нь оролцсон гэдэг шиг” гэсэн гарчигтай ярилцлага нийтлүүлж байв. Тэрбээр эхлээд улстөрч болохдоо хуурдгийг нь мэддэггүй байжээ. Харин дотор ороод, дунд нь хутгалдаад эхлэхээр ард түмнээ хуурч эхэлсэн байна гэсэн логикийг эндээс уншиж болох юм. Төрийн тэргүүн авлигын тогтолцооны үндэс газарт гүн шигдсэнийг мэддэгийн өөр нэгэн жишээ энэ. Х.Баттулга хэмээх улстөрчийн хэлснийг эшлээд буй нь муучлах, гоочлох гэсэн санаа огт биш. Бүх ард түмнийг төлөөлж буй ганц улстөрч эвлэршгүй гажгийг ойлгодог гэдгийг сануулах гэсэн юм. Нөгөөтээгүүр, тэрбээр мэдэж чадахгүй, үнэн байдлыг хэлчихдэг учраас хараанд өртсөн байж магадгүй.
Мангасыг дарсан хүү шиг шуналт сэтгэлгүй, шударга зарчимтай, ёс суртахуунтай улстөрчид хэзээ төрөх бол. Ард олон горьдон хүлээсээр л байгаа. Монголын нийгэм хэмээх үлгэр амар сайхандаа жаргах болоогүй байна.