-Монголд аялсан жуулчдын олонх ам сайтай буцдаг-
Монголбанк, Аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт судалгааг саяхан хийж дуусгав. Судалгаа нь аялал жуулчлалын салбарын хөгжил, өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээлийг эрэлт буюу гадаадын жуулчид, нийлүүлэлт буюу аялал жуулчлалын компани талаас нь тодорхойлохыг зорьжээ. Ингэхдээ түүвэрлэн санал асуулга авах судалгааны аргачлалыг сонгосон байна. Энэ удаад гадаадын жуулчдын эрэлт хэр байсан, тэд ямар сэтгэгдэлтэй буцсаныг дээрх судалгааны үр дүнд тулгуурлан хүргэе.
Манай улсын эдийн засгийн 30 хувийг уул уурхай, түүнийг дагалдан бий болсон салбар бүрдүүлдэг гэж үздэг. Тэгвэл үүний дараа хөдөө аж ахуйн салбар эдийн засагт жин дардаг билээ. Судлаачид эдийн засагт жин дарах өөр нэг салбар нь аялал жуулчлал байх ёстой гэдэг ч хөгжилд нь дорвитой ахиц гарсангүй. Аялал жуулчлал хөгжвөл, өөрөөр хэлбэл, манайд зочлох жуулчдын тоо нэмэгдвэл худалдаа, үйлчилгээний салбар ч дээшлэх юм. Мөн гадаад валютын Монгол руу орох урсгал “үерлэж”, энэ нь макро эдийн засаг тогтвортой байх үндсийг бүрдүүлдэг учиртай. Түүнчлэл аялал жуулчлал нь ажлын байрыг ихээр “шингээдэг”. Тиймээс ядуурлыг бууруулах нэг гарц болох юм.
Дэлхийн эдийн засгийн форумаас 2007 оноос хойш хоёр жил тутамд 140 орныг хамруулан аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг тооцон, эрэмбэлж байгаа. Манай улс энэ оны байдлаар уг индексийн долоон онооны 3.5-ыг авч, 93 дугаарт эрэмбэлэгджээ. Индекс тооцож эхэлснээс хойш манайх гурав орчим оноо л авсаар ирсэн байна. Индексийн 2017 оны үр дүнг өнөөгийнхтэй харьцуулахад эрүүл мэнд, эрүүл ахуйн байдал, төрөөс аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээр нэрлэсэн гэсэн хоёр үзүүлэлтээр л манай эрэмбэ сайжирчээ. Өрсөлдөх чадвараа сайжруулах тусам жуулчдын тоо өсөж буй нь судалгаанаас харагдсан аж. Тэгэхээр аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд өрсөлдөх чадвартаа анхаарах шаардлагатай байх нь.
Монгол Улсад аялахаар ирж буй жуулчдын тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Манай улсын хилийг хариас нэвтэрсэн гадаадын иргэний тоо өнгөрсөн онд 529.4 мянгад хүрсэн байна. Тэдний олонх нь БНХАУ, ОХУ болон БНСУ-ын иргэн аж. Үүнээс гадна АНУ, Австрали, Тайвань, Нидерланд улсын жуулчдын тоо жилд 5-11 хувиар өсөж буй аж. Харин Япон, Герман, Франц, Британи зэрэг орны жуулчдын тоо буурах төлөвтэй гэнэ. Аялал жуулчлалын үйлчилгээнээс манай улсын олох орлого 2007 оноос хэсэг хугацаанд буурчээ. Тухайлбал, 2011 онд 156 сая ам.долларт хүрсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувьтай дүйсэн үзүүлэлт болсон аж. Харин сүүлийн жилүүдэд аялал жуулчлалаас олох орлого эрчимтэй өссөн байна. 2018 онд энэ салбараас 461 сая ам.доллар олсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьд хүрчээ.
Судалгаанд хамрагдсан 1436 хүний санал асуулгыг хүчинтэйд тооцож дүн шинжилгээнд ашигласан байна. Тэд 55 орны жуулчид байсан гэнэ. БНСУ, АНУ, Франц, Герман, Япон, БНХАУ, ОХУ, Британийн жуулчид судалгаанд түлхүү хамрагджээ. Тэдний 72 хувь манай оронд аялж, амрахаар зорьж ирсэн байж. Тэгвэл 10 хувь нь албан ажлаар, зургаа нь гэр бүл, найз нөхрийнхөөрөө зочлохоор, гурав нь сурахаар иржээ.
Тэдний 38 хувь нь Монгол Улсад хийсэн аялалдаа сэтгэл хангалуун байна гэж хариулсан гэнэ. Тэгвэл 56 хувь нь боломжийн буюу дунд зэрэг гэж хариулсан аж. Жуулчдын 94 хувь нь дунджаас дээгүүр үнэлгээ өгчээ. Тэгэхээр манайхаар зочилсон гадаадынхан ам сайтай буцдаг байх нь. Харин тэдний таван хувь нь хүлээлтээс доогуур буюу сэтгэл хангалуун биш байна, нэг хувь нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй муу гэж хариулжээ.
Монгол Улсад аялахад таатай сэтгэгдэл үлдээж, сонирхол татсан зүйлсийг нь лавлахад жуулчид үзэсгэлэнт байгалиар аялах гэж хариулсан байна. Тэд Хөвсгөл нуур, говь, элсэн манхан, тал нутаг, хөдөөгийн уудамд дураар зорчих орон зай хамгийн их сэтгэгдэл үлдээсэн гэжээ. Удаах сэтгэгдэл үлдээсэн зүйл нь Монгол аж ахуй, нүүдлийн соёл гэнэ. Ялангуяа малчин айл, нутгийн иргэдийн найрсаг харилцаа, зочломтгой занг жуулчид ихэд үнэлсэн байна. Мөн морь унах, үнээ саах, мал туух зэрэг нь их сонирхолтой санагджээ. Үүний дараа наадамд оролцож, морь уралдах, бөх барилдах, нум сумаар харвахыг харсан нь сайхан сэтгэгдэл үлдээсэн байна. Нум сум харваж үзсэн нь мартахааргүй дурсамж үлдээснийг зарим жуулчин тодотгосон гэнэ. Эдгээрээс гадна өөрийн хүслээр дугуй унах, машин жолоодох, хөдөө майханд хонох, загасчлах боломжтой байсан нь сэтгэгдэл үлдээжээ. Эндээс манай улсын гадаадын жуулчдыг татах “зэвсэг” нь үзэсгэлэнт байгаль, онгон зэлүүд газар нутаг, нүүдлийн соёл иргэнд тулгуурласан амьдралын өвөрмөц хэв маяг юм байна гэж дүгнэж болох нь.
Мэдээжийн хэрэг манай улс хөгжил буурай орон. Тиймээс өндөр хөгжилтэй орны жуулчдад таалагдахгүй зүйлс тохиолдох нь ойлгомжтой. Монголд аялахад хамгийн их хүндрэл учирсан асуудлыг эрэмбэлнэ үү гэсэн асуулгад жуулчдын 70 гаруй хувь нь хариулжээ. Тэд нийтийн ариун цэврийн өрөөний бохир, олдоцгүй байдал нь хамгийн хүндрэлтэй, таагүй сэтгэгдэл төрүүлсэн гэсэн байна. Энэ төрлийн үйлчилгээний үзүүлэлтээр манайх хамгийн муу дүн авсан байх нь. Дараа нь зам засвар, замын хөдөлгөөнтэй холбоотой асуудал, интернэт, утсан холбоо дутмаг гэх зэрэг асуудлыг нэрлэсэн аж. Мөн аяллын хөтөлбөр, бүтээгдэхүүн тааруу гэх хариулт өгсөн гэнэ. Үүнээс гадна гэр баазын ариун цэврийн байдал, цагаан хэрэглэл, халуун ус, цахилгааны хүртээмж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ажиллагсдын гадаад хэлний мэдлэг, Улаанбаатар хотын хувийн такси, тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур байжээ.
Судалгаанаас жуулчид дунджаар 13 хоногийг Монголд өнгөрүүлдэг нь харагдсан байна. Ингэхдээ нислэгийн тийзийн үнийг оролцуулан нийт 2318 ам.доллар зарцуулдаг аж. Нислэгийн тийзэд 1000 “ногоон” зарцуулдаг гэж тооцъё. Ингэвэл нэг жуулчин 3.5 сая төгрөг зарцуулаад буцдаг байх нь. Бид нөөц боломжоо тодруулж, таниулан, алдаа дутагдлаа засаж байж жуулчдын сэтгэлийг татах учиртай. Бидэнд нөөц боломж ч, алдаа дутагдал ч бий. Алдаагаа засаж байж, аялал жуулчлалаа хөгжүүлж, эдийн засгийн нэг том тулгуур болгох зорилгодоо хүрэх нь ойлгомжтой билээ.