Зүүн Азийн шувуудын нүүдлийн зам дагуух орнуудын тогоруу хамгааллын 10 жилийн төлөвлөгөө боловсруулах олон улсын хурлаас ирэх оныг тогоруу хамгаалах жил болгон зарлалаа. Энэ санаачилгын хүрээнд эл шувууг ирэх онд анхааралдаа авахыг Монголын шувуу хамгаалах төвөөс уриалав. Ингэхдээ үүр орчмыг нь хамгаалах, зэгстэй нууранд мал оруулахгүй байх зэрэг арга хэмжээ авахыг сануулсан байна. Эдгээрийг хэвшил болговол тогорууг хамгаалахад нэмэртэй.
Тогорууны нутаглах бүс сүүлийн жилүүдэд манай орны баруун хойш тэлжээ. Монголын шувуу хамгаалах төвийнхний хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Айхан нуурын хөндийд 36 тогоруу үзэгдсэн гэнэ. Хээрийн түймэр, чоно, нохой, ойн солонго, бүргэд, хар ба хон хэрээ нь тогорууны өндөг, дэгдээхэйд ихээхэн аюул учруулж, тоо толгой нь багассан учраас ховор амьтны жагсаалтад багтаасан. Монголын болон Азийн ховор шувуудын “Улаан ном”-д бүртгэж, байршил нутгийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад аваад буй. Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан болон төрийн байгууллагын гишүүд Онон, Улзын гол орчимд нутагладаг иргэдтэй хамтран эл жигүүртний амьдрах орчныг сайжруулах ажил зохион байгуулж эхэлжээ.
Ташрамд дурдахад, энэ сарын 16-нд Дэлхийн шувуу хамгаалах өдөр тохиолоо. Долоо дахь жилдээ тэмдэглэсэн тус өдрийн хүрээнд Монголын шувуу хамгаалах төвийнхөн Олон улсын шувуулахуй болон махчин шувуу хамгааллын холбооны дэргэдэх сургууль хоорондын харилцааны хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлжээ. Хүрээлэн буй орчноо танин мэдэх, шувуулахуйн өв соёл, байгаль, зэрлэг амьтдын харилцан шүтэлцээний талаарх мэдээллийг уг хөтөлбөрөөр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүргэсэн байна.