БОАЖЯ-ны санаачилгаар Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “МОН-9189” төслийн үйл явцыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр нийтэд танилцууллаа. Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах зорилготой уг төслийг 2017-2020 онд хэрэгжүүлэх юм. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн VI, VII, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн 1500 байгууламж барихаар төлөвлөсөн аж. Хамрагдаж буй дүүрэг, хороодыг гэр хорооллын нягтшил ихтэй, барилгажих төлөвлөгөөнд хамрагдаагүй, дэд бүтэц төвлөрсөн шугамаас зайдуу зэрэг шалтгаанаар сонгож авсан гэнэ.
Ийм нэг байгууламжийг 1 500 000 төгрөгөөр босгох юм байна. Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр барьж байгаа гэсэн. Төсөл хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд хөрсний бохирдол 50 хувь буурсан тухай холбогдох албаныхан онцоллоо. Тодруулбал, эл хугацаанд нэг цэгээс зургаан удаа хөрсний дээж авсан аж.
Анх 2017 онд авахад 86 хувьтай байсан хөрсний бохирдол энэ оны зургадугаар сард 36 хувьтай болж буурчээ.
Бэлтгэсэн: Э.Аз