-18 000 нэгж талбарын газрыг хууль бусаар олгожээ –
Улаанбаатар хотын ой хатуу дэглэмтэй, хамгаалалтын гэсэн ангилалд хамаардаг. Өөрөөр хэлбэл, ойн үүрэг нь нийслэлчүүдийг цэвэр агаараар хангах. Бидний уушги л гэсэн үг. Тийм ч учраас нийслэлийн ногоон бүсийн ойд дур мэдэн халдаж, ашиглахыг хориглодог. Мөн ойн нөхөрлөл ажиллаж, ашиг шимийг нь хүртдэггүй. Харин нийслэлийн 33 байгаль хамгаалагч хариуцаж, хамгаалдаг.
Утаа, тоосонд дарагдсан Улаанбаатарын иргэдэд “Цэвэр агаартай газарт зуслангийн байшинтай болох сон” гэдэг хүсэл байгаа нь лавтай. Нэлээд хэд нь энэ хүслээ биелүүлж, хотын ойн сан бүхий газарт хашаа хатгаж, байшин барьсан нь өдгөө бидний мэдэх зуслангийн бүс. Улаанбаатар хотын нийт талбай 470 500 орчим га. Үүнээс суурьшлын бүсийн хязгаарыг 35 206 га-гаар тогтоох захирамжийг С.Батболд хотын даргаар ажиллаж байхдаа 2017 оны нэгдүгээр сард гаргажээ. Үлдсэн талбайн 116 000 га нь ойн санд хамаардаг аж.
Хотын гэр хорооллын өрхийн тоо хэдийн 200 000 давсан. Үүний дөрөвний нэгтэй тэнцэх буюу 50 000 гаруй айл өдгөө зусланд хашаа байшинтай. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээлснээр, хотын ногоон бүс буюу Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн амуудад дээр дурдсанаар 50 000 гаруй нэгж талбарын газар олгожээ. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Баруун, Зүүн салааг ч зуслангийн бүсэд хамааруулан тооцдог. Харамсалтай нь, өнөөгийн нөхцөлд гэр хороолол нь зуслангийн бүстэйгээ хаяа залгажээ. Өөрөөр хэлбэл, аль нь зуслан, гэр хороолол болохыг ялгахад хэцүү, тэр гэхийн тэмдэггүй.
Хуулийн дагуу бичиг баримтаа авчихсан бол хэн, хаана, юугаа барих нь хамаагүй байж болно. Гэхдээ гол асуудал нь бохир хотоос залхсан, цэвэр агаар хайсан хүмүүс “уушги” руугаа халдах болсонд оршино. Ой тэлэн ургаж, цаашид илүү өргөн хүрээг хамрахыг тооцоолсны үндсэн дээр холбогдох хууль, журамд хамгаалалтын, эрүүл ахуйн, хориглолтын гэх мэтээр бүс тогтоодог. Хамгаалалтын бүсийн газрыг хөндөж, талхлах, эвдэж сүйтгэх, барилга байшин барихгүй байх хуультай. Гэтэл манай хотод харсаар байтал хууль бус ийм үйлдэл газар авчихсан, ойд тулгаад, зарим тохиолдолд модон дунд хашаа хатгаад, байшин барьчихдаг. Тэгсэн атал хууль мөрдүүлэх ёстой хүмүүс нь ч тоохгүй, хээвнэг “Өмнө нь ажиллаж байсан хүн газар өгчихсөн байна лээ” гэх маягаар гар хумхин суудаг “журамтай”. Дээр дурдсан 50 000 нэгж талбарын 18 000 гаруй нь хотын ногоон бүсийн ойн сангийн хамгаалалтын зурвас газрыг эзэмшсэн буюу хууль зөрчсөн байна.
ГОЛ БУРУУТАН НЬ ХЭН БЭ
Ийм байдалд хүрсэн шалтгааныг албаныхан социализмын үеийнхэнтэй холбон тайлбарлалаа. Тухайн үед байгууллагууд ажилтнуудаа нэг зусланд төвлөрүүлэн буулгахад зарим айл ойн болон усан сан бүхий газарт суурьшиж, өдий хүртэл тэндээ амьдарчихаж л дээ. Түүнийг харсан хүмүүс өдгөө “Энд айл байхад би яагаад газар авч болдоггүй юм бэ” гэж барьцдаг тул аргагүйн эрхэд өгсөн маягийн жигтэй тайлбар хэлэх хүн ч бий. Үүнээс гадна сайн нэр, санал олж авах гэсэн горилогчид сонгуулийн үеэр зуслангийн газар эзэмшүүлэх гэрчилгээ бөөн бөөнөөр “үйлдвэрлэсэн” нь ч нөлөөлжээ. Иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх нь дүүргүүдийн ЗДТГ-ынханд байдаг бөгөөд тэдний харалган шийдвэр ч бас нэг шалтгаан нь. Зөвшөөрөлгүй газарт суурьшсан айлуудыг шилжүүлэх гэхээр хүний хувийн өмчид халдсан болдог тул нүүх “зөвлөгөө” дэмий шахам өгч, толгойг нь илээд өнгөрдөг байдал амь бөхтэй оршсоор иржээ.
Одоо бол дураараа олгоё гэсэн ч газаргүй болжээ. Улаанбаатар хотын ногоон бүсийн ихэнх хэсэг нь Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хамаардаг. Чингэлтэй дүүрэгт зуслангийн ес, Сүхбаатарт 10 орчим ам бий бөгөөд аль аль нь цаашид тэлэх боломжгүй аж. Ойгоо устгаж, голоо ширгээдэггүй л юм бол “гишгэх” газаргүй, хотын ногоон бүсэд хэдийн “улаан дохио ассан” гэсэн үг. Уг нь зуслангийн бүсийн ерөнхий төлөвлөгөө гаргаж, аль газрыг хэнд, хэрхэн өмчлүүлэх, хаана ямар объект барихыг, ногоон бүсэд суурьшиж буй айлууд ямар үүрэг хүлээхийг нарийвчлан зураглах шаардлагатайг өчнөөн жил ярьсан ч өдий хүртэл хэрэгжүүлсэнгүй. Улаанбаатарын зуслангийн бүс анхнаасаа л ерөнхий төлөвлөгөөгүй “хөгжсөн”, одоо ч байхгүй хэвээрээ.
ШИЙДЭЛ НЬ МӨНГӨ
Ой, усан сан бүхий газруудаа хамгаалах захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ. Үүний дагуу ой, усан санд газар ашиглаж байгаа иргэдийн гэрээний хугацаа дуусвал сунгахгүй, мөн шинээр газар эзэмших эрх олгохгүй болсон аж. Бас хамгаалагдсан бүсэд нүхэн жорлон ухах, худаг гаргаж, ашиглахыг хоригложээ. Ингэж захиргааны аргаар асуудлыг шийдэхийн зэрэгцээ эдийн засгийн хөшүүрэг ашиглах боломжийг ч холбогдох албаныхан эрэлхийлж байна. Тухайлбал, энэ жил НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хэрэгжүүлж байгаа тогтвортой хөгжлийн зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх загвар таван хотын нэгээр Улаанбаатар шалгарчээ. Үүний хүрээнд манай хотынхон ойн сан бүхий газруудын иж бүрэн судалгаа, төлөвлөлт, эрх зүйн баримт бичгийн төслүүд боловсруулж, экосистемийн үйлчилгээний төлбөр бий болгохоор зорьжээ. Ингэснээр хотын бүх иргэнд цэвэр агаар бэлэглэх ёстой ойг эзэмшихийг санаархан, дотор нь очоод суучихаж буй иргэн илүү төлбөр төлөх нь.
Өөрөөр хэлбэл, ой, устай ойрхон амьдарч, экосистемийн үйлчилгээг бусдаас илүү хүртэж байгаа иргэн мөнгө төлөх ёстой. Ингэхдээ байгалиас авч байгаа үйлчилгээнийхээ хэмжээгээр буюу ойтой хэр ойрхон байна, тэр ойд ямар мод түлхүү ургасан зэрэг олон зүйлийг харгалзан, шаталсан төлбөр тогтоох төлөвлөгөөтэй гэнэ. Хуримтлагдсан хөрөнгөөр байгаль орчны дараагийн төслүүдийг санхүүжүүлэх аж. Гэхдээ энэ нь одоохондоо төлөвлөгөө төдий. Хэрэв үүнийг хэрэгжүүлэх бол хамгаалалтын зурваст хашаа хатгаж, хууль зөрчсөн хүмүүс хамгийн түрүүнд өндөр төлбөрт унах нь.
Ийм зохицуулалттай болох хүртэл “гал унтраах”-ын тулд нийслэлийн Байгаль орчны газрын дарга 2019 оны нэгдүгээр сарын 1-нд тушаал гаргаж, тус байгууллагын хариуцсан нутаг дэвсгэрт хашаа, байшин барихыг хоригложээ. Барьсан тохиолдолд хариуцлагыг нь тухайн хэсгийг хариуцсан байгаль хамгаалагчид хүлээлгэн, ажлаас нь чөлөөлж эхэлсэн байна. Одоогоор таван байгаль хамгаалагч ийм шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэнэ.
60 ГАРУЙ ХҮН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ИДЭВХТЭН БОЛЖЭЭ
Зуслангийн бүсэд өнгөрсөн долоо хоногт хоёр удаа түймэр гарлаа. Ногоон бүсэд халдах явдал зөвхөн газар олгосноор хязгаарлагдсангүй, гар нь загатнасан нөхөд хууль бусаар мод бэлтгэн, хулгайгаар амьтан агнах явдал ч гарсаар байгааг байгаль хамгаалагчид хэлсэн. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүх төрлийн ан хориотой. Улсын нийслэл, онцгой бүс учраас тэр. Гэтэл хотын ногоон бүсэд амьтан агнах явдал гарсаар буй гэнэ. Мөн хулгайгаар мод бэлтгэх нь ч цөөнгүй аж. Энэ жил нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглосонтой холбоотойгоор энэ төрлийн зөрчил улам нэмэгдэнэ, ойн санд эрсдэл учирч мэднэ гэж байгаль хамгаалагчид тооцжээ. Тиймээс сайн бэлтгэлтэй байгаа гэнэ. Хууль бус агнуур хийж, мод бэлтгэгчдийг хөдөлгөөн, дулаан мэдэрдэг камераар илрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн орон нутгийн иргэдийн оролцоо чухал гэж үзэн, хүсэлт гаргасан хүмүүст байгаль хамгаалагч идэвхтний эрх олгож эхэлсэн байна. Ойн сангийн ойролцоо оршин суудаг 60 гаруй иргэн одоогоор байгаль хамгаалагч идэвхтэн болжээ. Амьдрах орчноо доройтуулахгүй, түймэрт автуулахгүй, хулгайд модоо алдчихгүй юм сан гэсэн хүсэлтэй ийм олон иргэн байгаад тэд талархсаныг уламжилъя.
Э.БАТТУЛГА: ЭКОЛОГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГАЗРУУДЫГ ШАТ ДАРААТАЙ ХАМГААЛАЛТАД АВНА
Хотын ногоон бүсийг хэрхэн хамгаалж байгааг нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгаас тодрууллаа.
-Ойн бүс дэх айлуудыг нүүлгэж болдоггүй юм уу?
-Ойн ойролцоо айл буулаа гээд тэр газрыг ногоон бүсээс гаргахгүй л дээ. Жишээ нь, зуслангийн айлуудын тоо нэлээд нэмэгдсэн. Гэсэн ч тэнд байгалийн нөөц байгаа учраас хамгаалалтаа улам чангатгаад, дэглэмээ улам нарийн мөрдүүлнэ. Тэр хэрээр байгаль хамгаалагчийн ачаалал, байгальд үзүүлж байгаа стресс л нэмэгдэнэ. Ер нь аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт ногоон бүсийн газар чөлөөлөх эрх, үүргийг өгөх нь зүйтэй гэж үздэг. Тэгвэл асуудлыг даамжруулахгүй, богино хугацаанд шийдэх боломжтой. Одоо бол байгаль хамгаалагчдад ийм эрх байхгүй, мэдээлээд л өнгөрдөг шүү дээ.
-Хотын байгаль хамгаалагчдын хүч чадал хүрэлцдэг үү?
-Техник, технологийн дэвшлийг ашиглан хотын ногоон бүс дэх хулгайн анг бараг зогсоосон. Хөдөлгөөн, дулаан мэдэрдэг, сэргээгдэх эрчим хүчээр өөрийгөө цэнэглэдэг камер ашиглаж байна. Нийслэлийн байгаль хамгаалагчийн техник, хэрэгсэл сүүлийн жилүүдэд маш сайжирсан. Хамгийн сайн мотоцикл, автомашин, тоног төхөөрөмжийг ашиглаж буй. Тэр хэрээр зөрчил, дутагдал ч буурч байгаа.
-Ногоон бүсээ цаашид яаж хамгаалах вэ?
-Экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудыг шат дараатай хамгаална. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дээндийн нуруу, Дээндийн гол орчмыг, Гачууртын Бэрх төгөл хэмээх хүлэрт намагтай газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар төлөвлөсөн. Ингэснээр тэнд газар олгохгүй, суурьшил үүсэхгүй, илүү нарийн дэглэм мөрдөнө. Гэхдээ бид хамгаалахын зэрэгцээ ашиглуулах, ач холбогдлыг нь олон нийтэд таниулах менежментээр ажилладаг. Тэр утгаараа Сэлбэ голын эхэд нийтэд зориулсан нээлттэй парк байгуулсан. Явган алхах зам, автомашины зогсоол, стандартын дагуу байгуулсан бие засах газар, тэмдэг, тэмдэглэгээтэй. Хотын иргэд байгальд чөлөөтэй нэвтрэх боломжийг бид бүрдүүлнэ. Хааж, хориглох зүйл байлгүй яах вэ. Гэхдээ зөвхөн бид биш, иргэн бүр байгалиа хамгаалдаг болохын тулд тийшээ чөлөөтэй нэвтрэх ёстой юм.
Бэлтгэсн: М.Оч