Улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь нийслэлд төвлөрснөөс замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг улиг болтол ярьж байгаа ч эдгээр бэрхшээл, мянган зовлонг нимгэлэх дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн. Улаанбаатар хотыг 2020, 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн найман байршилд хотын төвтэй дүйх дэд төвүүдийг байгуулж, төвлөрлийг сааруулна гэж эрх баригчид эртнээс ярьсан нь одоо л ажил хэрэг болж байна. Эхний ээлжид алслагдсан гэр хорооллын бүсүүдэд зургаан дэд төв байгуулах төслийг Азийн хөгжлийн банк (АХБ) болон Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ)-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа аж.
АХБ-ныхан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийнхөө хэрэгжилтийг хянахаар өнгөрсөн даваа, мягмар гарагт Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай танилцлаа. Уг төслийн суурь судалгааг 2009 онд эхлүүлж, 2011-2012 онд техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан юм байна. Өөрөөр хэлбэл, 10 жилийн өмнө дэд төвүүд байгуулах ажил эхэлсэн гэсэн үг. Үүний дараа буюу 2014 онд Засгийн газар, АХБ зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлжээ. Улаанбаатарын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хотын төвөөс алслагдсан иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулсан, худалдаа, соёлын байгууллагууд төвлөрсөн, байгаль орчинд ээлтэй, ногоон орчныг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв байгуулах нь дээрх хөтөлбөрийн зорилго.
Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг шалгах аяллын хүрээнд АХБ-ны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгжийнхэн болон сэтгүүлчдийн баг нийслэлийн 261 дүгээр цэцэрлэгт зочлов. Баянхошуу дэд төвийг Сонгинохайрхан дүүргийн VII-X, XXI буюу нийт таван хорооны нутгийг хамран, 162 га газарт байгуулахаар төлөвлөжээ. Уг хөтөлбөрийн нэгдүгээр шатанд ус, дулааны инженерийн шугам, сүлжээний ажил, цахилгааны дэд станц, мэдээлэл технологийн сүлжээний төв, нийгмийн барилга байгууламжуудыг сүндэрлүүлж буй аж. Үүний хүрээнд 240 хүүхдийн багтаамжтай 261 дүгээр цэцэрлэгийг тус дүүргийн VIII хороонд барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулжээ.
Цэцэрлэгийн эрхлэгч Г.Чанцалдулам “Манайх алслагдсан хорооны, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хүлээн авах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хичээлийн жилд 10 бүлэгт 350 хүүхэд хүмүүжиж байна. Өөр хорооны хүүхдүүд ч хүлээн авдаг. Цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэх нөөц, талбай манайд хангалттай бий. Цэцэрлэгийн гаднах талбай 8300, барилга 2444 ам метр буюу бага сургуулийн дайны том учраас анги бүр нийтийн, унтлагын болон ариун цэврийн өрөөтэй. Тасалгаа бүр камертай, саруулхан, нэг хүүхдэд ногдох талбай холбогдох стандартыг хангасан цөөн цэцэрлэгийн нэг нь манайх болов уу. Одоогоор нэг ангид 30 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа болохоор багш нарын ачаалал ч бага.
Хүүхдүүд сурч боловсрох таатай орчин бүрдсэн гэсэн үг. Төслийн зорилтын хүрээнд бид VIII хорооны ажилгүй иргэдээс хүний нөөцөө бүрдүүлэхдээ Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, мэргэжлийн хүмүүсийг сонгосон. 41 ажилтны 22 нь туслах болон үндсэн мэргэжлийн багш. Баянхошуу дэд төвд цэцэрлэг байгуулснаар алслагдсан хорооны хүүхдүүдийг хамруулж, олон ч хүнийг ажлын байраар хангалаа. Хүүхдээ хараад гэртээ суудаг хүмүүс ч ажилд орж, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн. Өнгөрсөн хавар бид цэцэрлэгийг барилгыг барьсан “Ус орчин” компанийнхан болон эцэг, эхчүүдтэйгээ хамтраад гаднаа биеийн тамирын талбай байгуулж, орчноо зүлэгжүүлж, мод тарилаа. Мөн хүлэмж байгуулан, өргөст хэмх, чинжүү, хаш, задгай талбайдаа төмс, хүнсний ногоо тарьсан юм. Саяхан ахлах ангийн хүүхдүүдтэйгээ хамтраад ногоогоо хурааж, “Алтан намар”-аа тэмдэглэсэн. Бидэнд ийм сайхан цэцэрлэг барьж өгсөнд талархаад, зүгээр суулгүй орчноо тохижуулж, ногоо тарихаар шийдсэн” гэсэн юм.
Дунд бүлгийн багш Б.Солонго тус цэцэрлэгт ажилд орсноор хоёр хүүхдээ мөн энд хүмүүжүүлж байгаа гэнэ. Тэрбээр “Монголын урлагийн зөвлөлөөс манай цэцэрлэгийн багш нарыг хаягдал материалаар хичээлийн хэрэглэгдэхүүн хийх сургалтад хамруулсан. Мөн бага, дунд орлоготой ээжүүдэд ээмэг, зүүлт зэрэг гоёл, чимэглэлийн зүйл хийж сурахад нь тусалсан. Зарим нь түүгээрээ орлого олдог. Би ч гэртээ ойрхон ажилд орсноор нөхөр минь ажилд орж, хоёр хүүхдээ өөр тийш зөөх шаардлагагүй болсон” гэв.
Тус цэцэрлэгийн хажууханд 320 суралцагчийн багтаамжтай бизнес инкубатор төв байгуулжээ. Тэгш өнцөгт болон нум хэлбэртэй, хоёр давхар, 2081 ам метр талбай бүхий тус барилгыг “Томо бюлдинг”, “Би Эм Си Эм” ХХК хамтран барьсан аж. Уг төвд мэргэжлийн сургалт явуулахаас гадна, зэрэг олгох, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг хөгжүүлж, гарааны бизнес эрхлэхэд нь туслах зорилготой. Тухайлбал, Техник, технологийн политехник коллежтой хамтран барилгын чиглэлээр богино хугацааны сургалт явуулж, дадлагажигчдыг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн гүйцэтгэгч компанийн бүтээн байгуулалтад ажиллуулах боломжтойгоор зохион байгуулжээ. Ирэх долоо хоногт нээлтээ хийх тус төвийн нэгдүгээр давхарт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, банк байгуулснаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах төслийн үндсэн зорилт биеллээ олох нь.
Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутаг, 261 дүгээр цэцэрлэгийн эргэн тойронд Баянхошуу дэд төвийн цахилгаан, усан сан, насосын станц, Харилцаа холбоо, мэдээллийн төвийг байгуулахаар төлөвлөж, барилгын ажил нь ид өрнөж байв. Цэцэрлэгээс 100 метр зайд 35/10 кВ-ын цахилгааны дэд өртөө байрлана. Мөн дулааны 7.6, цэвэр усны тав, бохирын 8.8 км шугам татжээ. Энэ хавийн гэр хороолол дундуур 6.5 км авто зам тавихад бэлэн болсныг төслийн нэгжийн мэргэжилтнүүд хэлсэн. Зам тавихаас өмнө шугам, сүлжээний ажлууд хийсэн бөгөөд үерийн хамгаалалтын 2.3 км суваг татаж, 4.65 га газрыг тохижуулж байлаа. Үүнээс гадна дэд төвүүдэд 1000 шоо метрийн багтаамжтай усан сан, насос станц байгуулах аж.
Баянхошуу дэд төвийн авто зам, инженерийн шугам сүлжээг тавихын тулд 338 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Айл өрхүүдийн газрын нэг ам метр талбайг 65 000 төгрөгөөр тооцож, нөхөн олговор өгснийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Н.Болороо хэлсэн. Тэрбээр “Цэцэрлэг, бизнес инкубатор төв болон цахилгааны дэд өртөө барих талбайд 27 айлын газар хамрагдсан. Энэ төсөл эртнээс яригдсан тул иргэд эхэндээ газар чөлөөлөх дургүй байсан. Инженерийн шугам сүлжээ тавьж, иргэдийн түр оршин суух 50 айлын орон сууц барьсны дараа л итгэсэн. Сэлбэ дэд төвийн төлөвлөгөөнд тусгасны дагуу өрхийн газрын нэг ам метр талбайг 65, Баянхошуу бүсийнхийг 45 мянган төгрөгөөр үнэлсэнд иргэд нэлээд бухимдсан. Тиймээс бид үнэлгээний зөрүүг арилгаж, нэг мөр болгосон. Газрын хэмжээ, үл хөдлөх хөрөнгөөс нь хамаараад иргэд харилцан адилгүй нөхөн олговор авсан. Ямартай ч ихэнх нь орчин нөхцөлөө сайжруулж, хотын төвд орон сууцад, зарим нь хаустай болсон. Баянхошуу дэд төвд барих орон сууцад орохоор тохиролцож, түр байранд амьдарч байгаа нь ч цөөнгүй. Төслийн хүрээнд нийт 904 айл эзэмшил газраа үнэлүүлж, 856 нь нөхөн олговроо авсан. Одоогоор Баянхошуу дэд төвийн газар чөлөөлөх ажлын явц 97 хувьтай” гэж ярилаа.
Төслийн багийнхан хэдийгээр айл өрхүүдээс газрыг нь зах зээлийн ханшаар үнэлж авсан ч иргэдийн амьжиргааг дэмжих хөтөлбөр давхар хэрэгжүүлж буй юм байна. “Гэр хорооллын амьжиргааг дэмжих хөтөлбөр” техникийн туслалцааны төслийн олон нийтийн оролцоог дэмжих ажилтан М.Халиун “Нэг газар олон жил амьдарсан хүмүүс гэнэт нүүх болохоор олон асуудал тулгардаг. Адаглаад бизнес нь зогсож, ажлаасаа холддог. Тиймээс тэр хүмүүст туслах төслийг АХБ давхар хэрэгжүүлж байна. Тодруулбал, газраа чөлөөлсөн иргэдийн хэрэгцээ, шаардлага, ур чадвар, ажлынх нь туршлагад суурилан дэмжлэг үзүүлдэг юм. Ингэхдээ оёдолчин бол мэргэжлийн сургалтад хамруулж, нэг удаад шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь ханган, ажлын байртай болгох замаар орлогыг нь нэмэгдүүлдэг. Одоогоор 90 гаруй айл энэ төсөлд хамрагдсан” гэлээ. Төслийн үр шимийг хүртсэн, Сонгинохайрхан дүүргийн XI хорооны иргэн Б.Саранцэцэг “2002 оноос гутал засварын үйлчилгээ эрхэлж байна. Манайх авто зам тавих газарт амьдарч байгаад нүүсэн юм. Энэ жил төсөлд хамрагдаж, гутал үрэгч автомат машинтай болсноор үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдсэн” гэсэн бол тус дүүргийн XXVIII хорооны иргэн Ц.Оюун “Газраа чөлөөлж, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан тул намайг “Гэр хорооллын амьжиргааг дэмжих хөтөлбөр”-т хамруулсан. Би хувцас оёдог. Төслийн шугамаар эсгүүрийн сургалтад сууж, үйлдвэрийн оёдлын машинаар хангасанд талархаж байна. Ахуйн хэрэгцээний жижиг машинаар оёдог байхад гараас юм гардаггүй байсан бол одоо дээл, хувцсаа олноор үйлдвэрлэж, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн” гэв.
АХБ-ныхан үүнээс гадна “Мэдээллийн технологийг ашиглан иргэдэд мэдээлэл хүргэх” техникийн туслалцааны дэд төсөл давхар хэрэгжүүлж буй аж. Төслийн багийн ахлагч Б.Алтанцэцэг “2018 оны тавдугаар сараас уг төслийг дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн судалгаа, газар зүйн мэдээллийн сан бий болгох, хоёрдугаарт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс хог хаягдлыг ашиглан урлагийн бүтээл хийх сургалт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд явуулсан. Гурван сургуулийн сурагчид хамтраад “Эко ногоон” клуб байгуулж, үзэсгэлэн хүртэл гаргалаа. Дараагийнх нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулсан цахим гарын авлагатай болсон. Хамгийн сүүлд хогны машин ирэхийг “сануулдаг” ухаалаг утасны аппликэйшн зохион бүтээлээ. Гэр хорооллынхонд хамгийн их тулгамддаг асуудал нь хог хаягдал. Ялангуяа өвөл бүр хэцүү. Хогны машин тогтсон өдөр, цагтаа ирдэггүйгээс айл өрхүүд гудамж, гуу жалга, үерийн сувагт хогоо асгадаг. Аппликэйшнийг манай мэдээлэл технологи хариуцсан ажилтан Ц.Цэрэнтогтох зохион бүтээсэн. Гар утсандаа уг аппликэйшнийг суулгаад, гэрийн хаягаа оруулахад танай гудамжаар хогны машин хэзээ ирэхийг “мэдээлнэ” гэсэн үг. Мөн хотын дэд төвүүдийн хүрээний бүтээн байгуулалт, бизнес инкубатор төвийн сургалт, ажлын зар зэргийг иргэдэд хүргэх платформыг тэрбээр боловсруулсан” хэмээв.
Нийслэлийн ЗДТГ, АХБ болон ЕХОБ-ны 160.1 сая ам.доллароор хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгдүгээр шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам, сүлжээ, нийгмийн барилга байгууламжийг барьж буй бөгөөд өдгөө гүйцэтгэл 71.6 хувьтай байгааг албаныхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, гэр хороололд инженерийн дэд бүтэц “ирснээр” орон сууцжуулах боломж бүрдсэн гэсэн үг. Уг төслийн II шатанд Дамбадаржаа, Дэнжийн мянга, III шатанд Шархад, Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэнэ.