Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг НМХГ, НОБГ, АБТГ, ЭМГ-аас мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Хоногийн хугацаанд яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 15 өрхийн 42 иргэн хандсан. Үүнээс нэг том хүн эмнэлэгт хэвтсэн бол гурван хүн эмнэлгээс гарсан.
2019 оны аравдугаар сарын 17-ны өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт таван том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Дүүргээр авч үзвэл, БЗД-т нэг өрхийн гурван иргэн, ХУД-т хоёр өрх, СХД-т найман өрх, ЧД-т нэг аж ахуйн нэгж, байгууллага, хоёр өрх, Сүхбаатар дүүрэгт нэг өрхийн иргэд эмнэлэгт ханджээ. Энэ сарын 02-ноос 17-ны өдрийн байдлаар угаарын хийн хордлогын 180 удаагийн дуудлагаар 402 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс 165 нь хүүхэд, 237 нас хүрэгчид байгаа юм.
Сайжруулсан шахмал түлшний талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхийн 95.9 хувьд нь хүргэж ажилласан. 10 993 өрхөд зөвлөмж хүргэгдээгүй байгаа. Учир нь эзгүй 3923, хаяг дээрээ оршин суудаггүй 4053, цахилгаан халаалтад шилжсэн 2335, төвийн дулаанд холбогдсон 67, дахин төлөвлөлтөд орсон 294, шилжилт хөдөлгөөн хийгдсэн 321 өрхөд мэдээлэл хүргэгдээгүй. Түүнчлэн зөвлөмж хүргэгдсэн айлуудын зуухны судалгаа гарсан. Үүнд, гэрт амьдардаг 62 924 өрх, байшинд амьдардаг 81 252 өрх бий. Төслийн зуухыг 46 733 өрх, ердийн зуухыг 41 483 өрх, ханан пийшинг 44 179 өрх, нам даралтын зуухыг 15 652 өрх ашигладаг гэсэн судалгаа гарлаа" гэв.
Нийслэлийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад РМ10 тоосонцрын хэмжээ стандарт хэмжээнээс 2-3 дахин хэмжигдсэн байна. Харин РМ2.5 СО хүхэрлэг хий стандарт түвшинд хэмжигдсэн байна.