Засгийн газраас хэрэгжүүлж буй Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлыг өчигдөр эхлүүллээ. Үүний хүрээнд БНХАУ-ын 148 сая юанийн (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр зэсийн баяжмал экспортлох хоёр, нүүрс нийлүүлэх 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор барих аж. Улсын төсвийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс дээжийн агууламж, чанарыг автоматаар тодорхойлох дэвшилт тоног төхөөрөмж, өндөр хүчин чадлын рентген, орчин үеийн теле хяналтын систем бүхий шуурхай удирдлагын төвтэй холбогдсон, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд суурилуулах гэнэ.
Дээрх боомтоор нүүрсний экспортын 51, зэсийн баяжмалын 55 хувийг нэвтрүүлдэг бөгөөд зам талбай, дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагууд ачааллаа дийлэхгүйн улмаас тээврийн хэрэгслийн 100 гаруй км дараалал үүсгэж, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Түүнчлэн “нүүрсний хулгай” зэрэг хууль бус, маргаантай үйлдлүүд гарсаар буй аж. Боомтыг шинэчилснээр нүүрс экспортлох хүчин чадал гурав, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэх нь. Мөн тээврийн хэрэгслүүдийг хилийн боомтоор шуурхай нэвтрүүлэн, зорчигч ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх, экспортын бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг тодорхойлж, татварыг бүрэн хураах ач холбогдолтой юм байна. Боомтын барилга угсралтын ажлыг ирэх жилийн аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Ц.Болор