“Тогоон чинээ гэдэстэй” гэж ярьдаг даа. Тийм гэдэстэй бүсгүй Баянгол дүүрэг дэх “Гранд плаза” төвд байх төрийн үйлчилгээний ТҮЦ машинд дугаарлаж зогссон хүмүүсээс урдуураа оруулахыг гуйв. Түүнийг гуйсан, үгүй “За, миний өмнүүр үйлчлүүлчих” гэхээр тулгар биетэй. Тэрбээр хоёр дэрсхэн хүүхэдтэй бөгөөд гурав дахь нь төрөх гэж байгаа нь энэ аж. Бага хүүдээ ногдох мөнгийг авч чадахгүй байсаар өдий хүргэсэн гэнэ. Хороо, дүүрэг хоёрын хооронд хэдэнтээ явж залхаад, мөн жирэмсний хордлого өгөөд байхаар нь өдий хүртэл хөөцөлдөхгүй байсаар оройтуулжээ.
Бага хүүгийнх нь нэр бүртгэлд алга гэсэн болохоор холбогдох бүхий л материалыг бүрдүүлэх шаардлагатай болоод гэдсээ дааж ядан яваа нь энэ. Хүүгийнх нь нэр бүртгэлээс хэзээ, хэрхэн хасагдсан байж таарах вэ.
Ная гаруй настай эмээ гутарчээ. “Хөгшрөх гэдэг адгийн юм байна. Давсгаар өвдөөд бөөр, шээсний сувгийн эмчилгээ хийлгээд зүгээр болдоггүй. Хашир хүний зөвлөснөөр харьяа эмнэлгийнхээ мэдрэлийн эмчид хандтал “Мэдрэлийн өвчнөөс үүдэж ингэж өвдөх талтай” гээд сайн эм бичиж өгөх болж гэнэ. Эмээгийн өөдөөс харж суусан залуу эмч “За, байз юу билээ” гээд байхаар нь хөгшин гайхжээ. Тэгснээ эмч утсаараа хэн нэгэн рүү залгаснаа “Таны хэлээд байсан, өнөөх сайн эмний нэр юу билээ” гэснээ “Аан, нээрэн тийм, саналаа” гэсээр бичиж өгчээ. Эмээ яаж зүгээр байх билээ. “Хүү минь утсаар асууж, бичээд ямар эм уулгах гэж байна даа” гэхэд “Бичгээ барьж очоод эмийн сангаас аваарай. Нэрийг нь та бүү хэл, би ч цээжлэхэд хэцүү юм байна” гэжээ. Эмээ энэ тухай яриад, “Нас дээр гарахад хүүхэд, нохойн доог болдог гэдэг үнэн юм шив дээ” гэж байлаа. Дүүргийн эмнэлгийн эмч үйлчүүлэгч иргэнээ сэтгэлээр унагаснаа мэдсэн болов уу.
Гадаадад их сургууль төгсөж, эх орондоо нэлээд хэдэн жил ажиллаж буй танил маань ирэв. Тэрбээр ихэд бухимджээ. “Сонинд бичвэл дээрддэг юм болов уу. Монгол Улсын иргэн би төрийн үйлчилгээний ажилтнуудад маш их дээрэлхүүллээ. Гомдолтой байна. Хаана, хэнд хандаж гомдлоо барагдуулах вэ. Би тайтгарлаа гэж бодоход тэр хүмүүс бусдад адилхан тэгж үйлчилдэг гэж бодохоор маш муухай санагдаж байна” хэмээн зогсоо зайгүй дуржигнуулав. Сэтгүүлчид мэдээлж байгаа нь тэр.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн харьяат бөгөөд Нийгмийн даатгалын хэлтсээр үйлчлүүлжээ. Даатгалын шимтгэл төлдөг иргэний хувьд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний буюу олны ярьдгаар листний мөнгө авах гэж очоод өөрийнх нь буруугаас болж бүтээгүй юм байна л даа. Гэтэл нийгмийн даатгалын хэлтсийнхэн энэ тухай тайлбарлахдаа үл тоомсорлож, маш удаан хүлээлгэж, хэд гурваараа бөөгнөрч суун ярилцаж, дундаа тавьсан таргийг ууж дуустал босож ирэхгүй байжээ. Дугаарлан зогсож буй хүмүүс дуугүй байх юм гэнэ. Танилын маань өмнө зогссон эмэгтэй юм хэлэхгүй болохоор нь давж хашхираад яах вэ гэж бодоод зогсоод л байж. Удалгүй тэвчээр нь барагдаж “Та тараг ууж дуусахаас нааш босож ирэхгүй юм уу. Бид ингээд хүлээгээд л байх уу.
Та бүхэн иргэдэд түргэн шуурхай, сэтгэл ханамжтай үйлчилнэ гэж тангараг өргөсөн төрийн үйлчилгээний ажилтнууд. Бидэнд яаж хандаад байгаа юм бэ” гэж асуухад нь төрийн үйлчилгээний ажилтан бүсгүйчүүд дуугарахгүй, тоомжиргүй хараад суугаад байжээ. Тэгтэл нөгөө талын, хаалга нь онгорхой өрөөнөөс “Өнөөх лист авч чадаагүй бүсгүй уураа гаргаж байна” гэж гэнэ. Ингэж ярихыг сонссон бүсгүйн дотор эвгүйрхээд иржээ. Ийм нөхцөлд яах ёстойгоо мэдэхгүй хэсэг тээнэгэлзэж байснаа хэлтсийн даргын өрөөг зорьж. Нийгмийн даатгалын байцаагч бүсгүйчүүд үйлчлүүлэгчтэйгээ яаж харилцаж байгаа тухай хэлээд, даргад хэрэндээ даалгавар өгөөд гарчээ. “Та бүхэн баг хамт олноороо энэ асуудлын талаар хэлэлцээд, хэрвээ өөрсдөө буруутай гэж үзэж байвал энэ дөрвөн эмэгтэй миний өмнө жагсаж зогсоод уучлалт гуйвал би бага зэрэг тайвширна. Үгүй бол танай хэлтсийнхний бусармаг байдал улам лавширна. Удирдагч хүний хувьд ямар арга хэмжээ авахыг тань харъя. Надтай эргэж холбогдохыг хүсье” гээд гарчээ.
Бүсгүй хэлэх үгтэйн зэрэгцээ хийсэн бүтээлтэй ч юм. Япон Улсад график, дизайны чиглэлээр их сургууль төгссөн. Эх орондоо ирээд санасан бодсоноо хэрэгжүүлж яваа эмэгтэй. Тэрбээр сэтгүүлчид санаа оноо өгөх үүднээс нэмэлт тайлбар хийв.
Японд төрийн үйлчилгээний албан хаагчдыг тухайн ажлын байранд хоёр жилээс илүү ажиллуулдаггүй аж. Хоёр жил болж ажлын дөр суусан ажилтнуудыг чиглэл өөрчлөх, сайн байвал шат ахиулах, тааруу байвал бууруулах, эсвэл ажлаас чөлөөлөх арга хэмжээ авдаг байна. Нэг албан хаагчийн ард олон хүн ээлжээ хүлээж байдаг тул ажилдаа дадахгүй, эсвэл хууль зөрчих, ёс зүйн өчүүхэн ч болов алдаа гаргахад чөлөөлдөг учраас нэгэнт шалгуур давж ажилд орсон бол үнэнч бөгөөд ёс зүй, дүрэм журам, хуулийн дагуу хийж гүйцэтгэн, тэр үзүүлэлтээрээ хөдөлмөрөө үнэлүүлж, цалин хөлс авдаг юм байна. Бүсгүй тус улсад таван жил амьдрахдаа төрийн үйлчилгээг хаан мэт, хатан аятай авч дадсан учраас Монголын төрийн үйчилгээний ажилтнуудын “Намайг хэн яах юм” гэх аятай үйлчилгээ, өөрийг нь нохой, муураас дорд үзсэн харилцаанд барьц алдаж, бачуурахдаа сэтгүүлч танилаа зорьж ирэн гомдоллосон нь энэ. Монголын төрийн үйлчилгээний албан хаагчдын өнөөгийн дүр төрх ерөнхийдөө иймэрхүү гэхэд хилсдэхгүй. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийнхний үйлчлүүлэгч иргэнээ бүлэглэн эвгүй байдалд оруулсан түүх нэг л жишээ.
Ердөө хоёр хоногийн өмнө Дани улсын Ерөнхий сайд эмэгтэй парламентынхаа гишүүдийн өмнө Засгийн газрын төсвийг хэрхэн зарцуулсан тухайгаа тайлагнаж буй бичлэг цахим ертөнцөд шуугиан тарьсан. Тайланд төсвөөс гадуур нэг тэмээ худалдаж авсан тухай дурджээ. Улсын төв циркээс дөрвөн заан худалдаж авах болоход нэгнийх нь дотносож, салахын аргагүй найз болсон тэмээг ганцаардуулан үлдээхгүйн тулд өнөөхийг төсвийн хөрөнгөөс “завшиж” мөн худалдаж авч гэнэ. Засгийн газрын төсвийн хөрөнгийн зарцуулалтын тайлангийн хуралд инээд хөөр бүхий завсарлага мэт хэрнээ сахилга, дэг журам чанд улс орны өдөр тутмын амьдрал хэрхэн өрнөж, урагшилж байдгийг тольдсон жишээ юм. Гэтэл манай улсад төрийн албанд хөл тавьж, гар дүрж авсан л бол яаж ч дураар авирлаж болдог гэсэн ойлголт лавширсаар байна. Ажлын цагаар үйлчлүүлэгчдээ жагсаачихаад тараг ууж суудаг нь Монголын л төрийн үйлчилгээнийхний төрх.