Нэгэн цагт Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайдын амьдарч асан “Гоожингийн өндөр” хогийн цэг болжээ
Долоон жилийн өмнө юм. Урд хөршид аялсан манай хэсэг сэтгүүлч дээд монголчууд амьдардаг Хөх нуур мужийг зорьж очихдоо сүүлийн тав, зургаан жилд барьсан гэх олон давхар шилэн байшин хорооллууд бүхий Жинин хотыг нь гэхээсээ илүү түүнээс гадагш гарч, тус улсын давсны нөөцийн ихээхэн хэсгийг бүрдүүлдэг Хөх нуурыг зорин довтолгож явахад таарсан, уулан дахь даяанчийн агуйнуудыг илүү сонирхож билээ. Дан элснээс тогтсон мэт, эхлэл төгсгөл нь үл мэдэгдэм урт нурууны үелсэн давхарга бүрт байсхийгээд л онгойсон нүх лугаа адил агуй харагдах нь эртнээс нааш даяанчид амьдарч, бясалгаж ирсэн орон зай аж. Үеийн үед хоол идэхтэй, үгүйтэй, нүцгэн шахам лам нар бурхны ном уншиж, хорвоогийн түмэн явдлын ухааныг олохоор бясалгаж суухдаа жаргаж байсан юм болов уу, зовж байсан уу гэж би лав бодож явсан сан.
Жинин мужийн нийслэл, томоохон хот юм билээ. Хэдэн жилийн өмнө болон сүүл хавьд барьсан гэх өндөр шилэн барилгууд ташраараа эзгүй нь бүр эвгүй. БНХАУ-ын Засгийн газраас төвлөрлийг сааруулах зорилгоор алс хязгаар нутагт иргэдийн аж төрөх орчин, боломжийг сайтар ханган, оршин суугчид хүлээж авахад бэлтгэж тийм хорооллууд байгуулсан хэмээн аяллын хөтөч тайлбарлаж байсан. Мэдээж оршин суугч олонтой болбол амьдрал буцлаад сайхан болоод ирэх байх. Гэхдээ тэдгээр шилэн байшин нүдэнд хүйтэн харагдах нь тэдгээрт үүх түүх гэх юм огт байхгүйд байсан юм. Гэтэл өнөөх онгойж харласан агуйнууд домог ярьж, хууч хөөрөхөөр, цаанаа нүнжигтэй. Үүх түүх, уламжлал, соёл ийм л зүйлээс үнэртдэг болов уу. Байгалийн тогтоц соёлын өвд хамаарахгүй ч, хүмүүний оршихуйтай холбогдоод ирэхээрээ амь ордог аж. Эргэн тойронд нь яриа хөөрөө өрнүүлэн, зуун, жарныг өгсөж нэг, уруудаж нэг аялж, танин мэддэг.
Үүнтэй нэгэн адил шавар, шохой, мод, чулуугаар босгосон байшин барилга хүний оюун, ухааны ур, сэтгэлгээний онцлог хэдий чинээ шингэсэн байна, тэр хэрээр соёлын агууламжтай болдог ажээ. Энэ талд, өөрөөр хэлбэл соёлын, тэр дундаа хотын соёлын хамгаалж, хадгалах өв ихтэй нь европчууд ажгуу. Азийн суурин соёл иргэншилтэй улс үндэстнүүдэд бас дутахааргүй бий.
Харин нүүдэлчдэд хотын соёлын өв суурин улс орнуудтай харьцуулахад бага аж. Өнөөдөр Улаанбаатарыг үүхтэй, түүхтэй, соёлжсон ард түмэнтэй хот гэж харагдуулдаг, нэгэн хэвийн байшингуудаас арай өөр, соёлын чиглэлийн хэдэн барилгыг нураах, эсэхтэй холбоотой маргаан олон нийтийн дунд үүсээд байгаа нь нэг талаар монголчууд соёлжиж, боловсорсныг илтгэх буй за. Нөгөө талаар нийслэлчүүд ялангуяа шат шатны дарга, удирдлага хотын соёл, соёлын өвтэй холбоотой ойлголт, мэдлэгээр маруухан, тэдгээрт хандах нь өнөөг хүртэл тааруухан байсаар ирснийг алга урвуулахын зуурт харуулах шиг болов. Театр гэж юу вэ. Зөвхөн барилга, байшин, хана, цонх, шат уу. Хэрвээ тийм сэн бол нурааж ядах юун. Гэтэл барилгын материалын цаана хүмүүний, үе үеийн уран бүтээлчдийн оюунаа шавхаж бий болгосон биет болон биет бус бүтээл байдаг. Тэдгээрийн үр шимийг үзэгчид хүртдэг. Үр дүнд нь бий болсон театр, соёлын газар луу чиглэсэн тэмүүлэл аяндаа гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй эерэг хүч болдог бөгөөд үүнд соёолон төлждөг төлөвшил, хөгжил, түүх, дурсамж, бахархал, хайр яваандаа үнэ цэн болон хувирна. Тэгэхээр театр, соёлын газрууд, түүхэн барилга, байшин бол үл үзэгдэх эерэг хүчний уурхай юм. Соёлын, тэр дундаа хотын соёлын өв, түүхэн дурсгал гэж чухам юу болох талаар хэн хүнгүй хичээл заалгаж, мэдэхгүйгээсээ болж болчимгүй үг амнаасаа унагасан болхидуу дарга нар гаргасан шийдвэрээ эргэж харах өдрүүд үргэлжилж буй мэт.
Бэлтгэсэн: Р.Оюунжаргал
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Аврал эрсэн түүхийн дурсгалт барилгууд
Улаанбаатар хотын 380 жилийн ой энэ онд тохиож байна. Төдийгөөс өдий хүртэл нийслэлийн өнгө төрх, түүхийг хүүрнэх хуучны барилга, байгууламж гарын таван хуруунд багтахаар цөөрчээ. Уг нь үр хойчдоо өвлүүлэн үлдээх түүх, соёлын дурсгалт барилга, байгууламж, газрыг тордож, тойглох нь төрийн үүрэг боловч тоолгүй хаяад удаж. Соёлын өвөө сэргээн засах нэрээр нурааж, сүйтгэдэг ард түмэн монголчуудаас өөр байдаг болов уу. Шар нар, бор хоногийг даван туулсан Хүрээний барилгууд өнөөдөр мөхлийн ирмэгт ирээд байна. Хуучны барилга гэхээс өөрөөр нэр, түүхийг нь ч мэдэхгүй болтлоо мартсан Хүрээний барилгуудын талаар сурвалжиллаа.
Богд хааны ордон музейг 1893- 1903 онд барьсан ба долоон үндсэн хэсгээс бүрддэг. Монгол Улсын шашин, төрийг хослон баригч VIII Богд Жавзандамба хутагт амьд сэрүүн ахуйдаа амьдарч байсан энэ барилга жуулчдын нүдийг хужирладаг цөөн түүхэн газрын нэг билээ. Өдгөө нийслэлд байх хуучны барилга дундаа өнгө, үзэмж сайтайд тооцогдох уг музейд очив. Хэсэг хэсгээр хуваагдан зогсох гадаадын жуулчид элбэг энэ газар гадна орчны тохижилт сайтай тул эмтэрч, цуурсан хэсэг нь нүдэнд бага өртөх аж. Наранд халж будаг нь хатсан цонх, шавар нь унаж мод нь цухуйсан хана гээд тоочоод байвал засах юм зөндөө л байх санж. Тус музейнхнээс соёлын өвийн барилга, байгууламжийн сэргээн засварыг хэрхэн хийх, төрөөс ямар дэмжлэг үзүүлж буй талаар тодруулах гэж очсон минь энэ. Музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Төрөөс хэрэгжүүлж буй соёлын өвийг сэргээн засварлах ажлыг дэмжих, дэмжихгүй хоёрын голд гацчихаад байна. Багадаа 80-90 жил болчихсон барилга хөгц, мөөгөнцөрт идэгдээд дотор нь байгаа хүн амьсгалахад ч бэрх болсон байдаг. Нөхцөл байдал ийм байгаа учир сэргээн засварлах нь зөв.
Гэвч засвар нэрээр нураачихаад оронд нь өөр барилга бариад байгаа нь асуудал боллоо. Хуучны хэв шинжийг агуулаад яг өмнөх шиг нь стандартад нийцүүлээд барьчихвал бид ирээдүй хойчдоо үлдээх түүхийн дурсгал юм шүү дээ” гэлээ. Түүний хэлсэн үнэний ортой. Буулгасан барилгынхаа оронд тэс өөр юм барьчихдаг нь хэвийн үзэгдэл. Оронд нь шинэ барилга барина гэдгээ төр, засаг нь урьдчилж мэдэгдмээр. Үүний нэгэн жишээ бол П.Гэндэнгийн нэрэмжит Хэлмэгдэгсдийн музей. Хуучин барилгыг нь бараг нураагаад дуусжээ. Энэ талаар тодруулахаар Хэлмэгдэгсдийн музейг зорин очсон юм. (аравдугаар сарын 8-нд) Хажууханд нь байрлах Чойжин ламын сүм музейн ажилчдын хэлж буйгаар аравдугаар сарын 6-ны 03.00 цагт нурааж эхэлсэн гэнэ. Барилгыг буулгаж буй ажилчдаас тодруулах гэсэн боловч амнаас нь үг унасангүй. Бас л буух эзэн, буцах хаяггүй бүтээн байгуулалт бололтой. Хариуцсан хүнтэй нь уулзъя гэсэн болов ч хаалгаа тас хийтэл хаачихав. Нураачихсан хойноо өмнөхтэй нь адилхан барилга биш 22 давхар оффис барина гэдгээ Хот байгуулалт, хөгжлийн газрынхан өчигдөр мэдээллэсэн. Тус барилгыг 1930 онд барьж Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэнд 1931 онд өгсөн түүхтэй. Хэлмэгдүүлэлтэд өртсөн 30 000 гаруй хүнтэй холбоотой мэдээлэл, түүх, архив, эд материалыг хадгалж, 90 жилийн нүүр үзсэн уг барилгыг хойч үеийнхэн гэрэл зурган дээрээс л харах бололтой.
Тэнэмэл нохой шиг хаягдсан соёлын өвийн барилга, байгууламж үүгээр дуусахгүй. Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд байрлах “Гоожингийн өндөр” хэмээх барилга 100 хол давсан настай. Цагтаа түүнийг Хүрээний хамгийн өндөр байшин гэдэг байсан. Гэвч одоо бол уг байшинг дурсах байтугай мэдэх хүн ховор болжээ. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн Орос улсад айлчилж ирээд тухайн үеийн “Өндгийн сүргийн нутаг” гэх газарт шав тавьж уг байшинг бариулсан аж. Харин одоо архины шилээр дүүрсэн хогийн цэг болон хувирсан уг барилгад хэн нэгэн нь хашаа татжээ. Хашаанд орохтой зэрэгцэн өмхий үнэр хамар сэтлэх шахав. Ойр хавийн оршин суугчдаас асуувал “Буулгах гээд л хашаа хатгасан байх. Сайн мэдэхгүй” гэв. Хажуу талынх нь барилгын манаачаас тодруулахад мөн л ижил хариулт хэлэв. 70 насыг хол давсан манаач ахыг Д.Хүрэлбаатар гэдэг.
Тус барилгыг хогийн цэг болохоос өмнө мэддэг байсан гэнэ. Энэ талаар лавшруулж асуувал “2-3 дугаар ангид байхад багш нар биднийг дагуулаад хотын дурсгалт газруудыг үзүүлдэг байлаа. Эхлээд музей дараа нь хуучны барилга үзүүлнэ. “Гоожингийн өндөр”-т анх ирэхэд яг л музей шиг байсан. Бичгийн ширээ, сандалтай, өнгө будаг нь холилдож нүд хужирлам сайхан байшин байж билээ. Тэр үед нэг залуухан эгч жижүүр хийдэг байлаа. Одоо харин харж, хамгаалах хүнгүй болоод хогонд дарагдаж дээ. Архи ууж, траншейд амьдардаг нөхдөд хааяа энд хоноглож харагддаг. Манай төр, засаг хуучны барилга байгууламжаасаа нүүр буруулаад удаж байна. Миний мэдэх хуучны олон барилгыг нураасан. Энэ барилгыг хүүхэд байхдаа харж байсан шиг өнгө өнгөөр чимэглэсэн, ширээ, сандал ихтэй байхыг дахиж харахгүй нь харамсалтай” гэлээ. Энэ хэвээр буулгасаар байвал нийслэлийн 380 жилийн түүхийг хадгалж буй барилгуудыг гуравхан жилийн дотор газрын хөрстэй нь тэгшлэх байх. Сэргээн засварлах нэрээр буулгаж оронд нь өөр барилга барьсаар байвал нийслэлийн түүхийг өгүүлэх соёлын өвгүй болох нь цаг хугацааны асуудал болжээ.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Г.ЭНХБАТ: Хуучин барилга бүрийг хамгаалах хэцүү, боломжгүй
БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбаттай ярилцлаа.
-Ямар барилгыг соёлын өв гэж үзэх вэ?
-2015 онд анх удаа түүх, соёлын дурсгалын анхан шатны үзлэг, тооллого хийсэн. Үүний хүрээнд хэдэн дурсгал байна, тэдгээр нь эвдэрч гэмтсэн үү, эзэмшигч, ашиглагч нь хэн бэ, судалгааны эргэлтэд орсон уу зэрэг олон мэдээллийг нэгтгэх ёстой. Энэ ажил өдгөө үргэлжилж буй. 1921 оноос өмнөх юм уу, Ардын хувьсгалын үеийн дурсгалт барилгыг соёлын өвд тооцно гэсэн маш ерөнхий нэг шалгуур байсан. Харин бид үзлэг, тооллогод 1965 оноос өмнө барьсан, уран барилгын хэв шинжийг агуулсан байгууламжийг оруулж болно гэдэг арга зүйн зөвлөгөөг аймаг, нийслэлийн холбогдох албаныхан, тооллого явуулсан багийнханд өгсөн. 1965 оноос өмнөх бүх барилгыг бүртгэнэ гэсэн үг биш. Түүх, урлаг, уран сайхан, архитектур, монгол ур хийцийг нь харгалзан үзнэ. Бүртгэнэ гэдэг нь тухайн барилга соёлын өв мөн гэж тодорхойлсон хэрэг биш. Бид хаана, юу байгааг мэдэж авч буй юм. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
-Яагаад 1965 оноос өмнөх барилгууд гэж онцолсон юм бэ?
-Нийслэлийн 380 жилийн ой энэ онд тохиож байна. Бид суурьшмал соёл иргэншил, тэр дундаа дурсгалт уран барилга гэдгийг дөнгөж л ярьж эхэллээ. Монголын анхны архитекторууд хойд хөршид суралцан, 1950- иад оны үед төгсөж ирээд, сурсан мэдсэнээ барилга байшинд “шингээж” эхэлсэн. Тэдгээрийг өв гэж харах үүд одоо л нээгдэж байна. 2015 оны үзлэг, тооллогын үр дүнд бид юутай ч улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай боллоо. Улаанбаатар хот дахь 141 барилгыг үзлэг, тооллогод хамруулсан. Дээр дурдсанаар үзлэгт хамрууллаа гээд соёлын өв болчихгүй. Олон шалгуур үзүүлэлтээр өв болох, эсэхийг нь шийдэж, хамгаална. Тухайлбал, монгол хүний ур ухаан шингэсэн, өөр хаана ч давтагдаагүй, манайхаас өөр газар байхгүй барилга өв болно. Энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, аймаг, нийслэлийн ерөнхий архитектор түүх, соёлын дурсгалуудынхаа алийг нь хамгаалан үлдэж, алийг нь буулгаж, шинэчлэхийг шийдэх ёстой. Хуучин барилга бүрийг хамгаалах хэцүү, боломжгүй.
-Улсын хамгаалалтад авсан барилга манай хотод бий юү. Маргааны бай болсон Байгалийн түүхийн музей, ДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилга өвд тооцогдох уу?
-Соёлын өвийг хамгаалах тухай хуульд улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтад авна гэж тусгасан. Шаталсан хамгаалалттай гэсэн үг. Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор 452 дурсгалыг улс, аймгийн хамгаалалтад багтаасан. Дээр дурдсан барилгууд үүнд хамрагдаагүй. Хамгаалалтад оруулаагүй хэрэг. Тухайлбал, Байгалийн түүхийн музейн хувьд өмнөх хоёр чулуун арсланг нь л хамгаалалтад авснаас барилга нь хамрагдаагүй. Тэгэхээр барилгыг бус, хоёр чулуун арсланг яаж хамгаалах тухай л ярих ёстой.
-Түүх, соёлын дурсгалт барилгуудаа огт хамгаалж байгаагүй гэсэн үг үү?
-Бид өнөөдрийг хүртэл дурсгалт уран барилга гэдгийг сүм хийдээр хязгаарлаж ирсэн. Тухайлбал, жил бүр төсөв гаргаж, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Гандантэгчэнлин хийд зэрэг 30 гаруй дурсгалыг сэргээн засаж байгаа. Сүм хийдээс бусад барилгын тухайд одоогоор сэргээн зассан, эсвэл засах жагсаалтад оруулсан зүйл алга. Өөрөөр хэлбэл, одоогоор 100 хувь сүм хийдийн барилгад анхаарч ажиллаж байна.
-Дурсгалт уран барилгуудыг хамгаалах, сэргээн засах үүргийг хэн хүлээх вэ. Хууль, эрх зүйн баримт бичигт энэ талаар дурдсан уу?
-1924 онд Судар бичгийн хүрээлэнгээс хуучны эд зүйлсийг хамгаалах дүрэм гаргаж байжээ. 1960, 1975 онд Түүх, соёлын дурсгалыг хамгаалах хууль байсан. 2000-аад онд Соёлын өвийг хамгаалах тухай хуультай болсон. Ерөнхийлөгчөөс авхуулаад нийслэл, аймгийн ИТХ соёлын өвийг хамгаалахад ямар үүрэг хүлээхийг тус хуульд анх удаа тусгасан. Аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад, нутаг дэвсгэртээ байгаа соёлын өвийг хэрхэн хамгаалахаа шийднэ. Өөрөөр хэлбэл, орон нутагт эрх мэдэл нь байна гэсэн үг. Харин улсын хамгаалалтад оруулсан дурсгалыг салбарын яам хариуцна.
-Байгалийн түүхийн музей, ДБЭТ, УДЭТ, Үндэсний номын санг буулгах тухай асуудал сөхөгдөхөд эдгээр барилгыг Азийн соёлын өвд бүртгэсэн гэх мэдээлэл сонсогдсон. Энэ үнэн үү?
-2000 оны эхэн үед “Азийн шилдэг архитектуртай 100 барилга” сэтгүүлд Монголоос Гадаад харилцааны яам, УДЭТ зэрэг хэд хэдэн барилгыг оруулсан байдаг юм. Тэдгээр барилгыг архитектурын талаас нь л онцолсон байсан. Соёлын өв гэдэг утгаар нь хамруулаагүй.
Бэлтгэсэн: Ч.Мөнх
БАЙР СУУРЬ
Түүх, соёлын дурсгалт барилгуудаа хэрхэх ёстой вэ. Нураагаад, яг адил загвараар шинэчлэн барих уу, эсвэл хамгаалж, сэргээн засах ёстой юу гэдгийг мэргэжлийн хүмүүсээс тодрууллаа.
Байгалийн түүхийн музей ослын байдалд тулжээ
Ц.ЦЭНГЭЛ (Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч):
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан 2012 онд үзвэр, үйлчилгээний бүх газрыг шалгасан. Тухайлбал, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан, Спортын төв ордон, Улсын драмын эрдмийн театр зэргийг үүнд хамруулсан. Голдуу л 1950, 1960-аад оны үед барьсан тэдгээр барилгын ихэнх нь ашиглалтын шаардлага хангахгүй байна. Жишээ нь, Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болсон. Зөвхөн манай байгууллагын дүгнэлтээр ийм арга хэмжээ аваагүй. ШУТИС-ийн “Реконстракшн” төвийнхөн барилгын суурь, хана, дам нуруунд биет үзлэг хийгээд ослын байдалд тулжээ гэж дүгнэсэн. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон эдгээр барилгыг сэргээн засна гэвэл шинээр барих хэмжээний зардал гарна.
Г.ГАНБААТАР (ДБЭТ-ын ерөнхий зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн):
-Дуурийн театрын барилгыг нураах нь буруу гэж үзэж байна. Нураах биш, харин сэргээн засах ёстой. Театрын барилгыг сэргээн засахдаа үйл ажиллагааг зогсоодоггүй, уран бүтээлийг тасалдуулдаггүй. Бид Москвагийн Их театр, Санкт-Петербургийн Мариинский театрын жишээг мэддэг. Аль алийг нь сэргээн засахдаа хажууд нь шинэ тайз буюу нэмэлт байшин барьж, жүжгүүдээ тоглож байсан. Их театрыг хажууд нь барьсан шинэ барилгатай холбосон. Харин Мариинскийг ЮНЕСКО-гийн хамгаалалтад оруулж, авч үлдсэн. Хажуудаа шинэ тайз бариулаад, хоёр газарт уран бүтээлээ үзүүлдэг болсон. Манай ДБЭТ-ын хувьд хашаандаа шинэ тайз бариулж, жүжгүүдээ тоглож байгаад, эх театраа сэргээн засаж болно. Одоо цайны газар байгаа намхан байшин орчимд хангалттай талбай бий. Машины зогсоолыг газар доор байгуулж болно. Тэгэхээр театрын амьдрал, орчинд шинэ тайз гэдэг ойлголт чухал байгаа биз. Театрыг нурааж, дахин барих нь бүү хэл сэргээн засах байлаа ч үйл явцыг одоогийнх шиг эхлүүлэхгүй. Өнөө цагт дэлхийн театруудыг барьж байгуулж буй, энэ чиглэлээр мэргэшсэн 10 гаруйхан архитекторт эхний ээлжид урилга илгээнэ. Тэдний цаг, завыг харна, хариу сонсоно. Хэн нэгэн ажиллахаар болсон цагт сэргээн засах зураг, төлөвлөгөөний ажлыг эхлүүлнэ. Түүнээс биш нураасны дараа архитектор хайх тухай ойлголт байхгүй.
Хүүхдийн урлан бүтээх төвийг сэргээн засчихаад байхад бусдыг нь болохгүй гэх юм
Д.БАТ (Гавьяат барилгачин, зөвлөх архитектор)
-Хэн нэгэн эрх мэдэлтний нэг шийдвэрээр улсын түүх, дурсгал бүхий барилга, байгууламжийг устгадаг жишиг тогтлоо. Үүнээс урьдчилан сэргийлэх арга нь Архитектурын тухай хуультай болох юм. Өөрөөр хэлбэл, түүх дурсгалын өв болсон байшин, барилгыг хамгаалж, хэрхэн сэргээн засварлахыг нь хуульчлах хэрэгтэй. Соёлын үнэт өв болсон байгууламжийг сүйтгэх шийдвэр гаргасан эрх бүхий хүмүүст хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл нь хуультай болсны дараа бүрдэнэ. Өв соёлын түүхэн дурсгалт байгууламжийг хувьчилсан ч өнгө төрхийг нь алдагдуулж болохгүй гэх зэрэг зүйл, заалтыг тусгасан хууль өдгөө алга. Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын хана 10 см цуурсан, суурин доогуур нь ус урсаж, өгөршсөн байхад засаж, сайжруулаад одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл бусад барилгыг засаж болохгүй мэтээр ярих юм. Музейг нураахад л 400 сая төгрөг шаардлагатай гэв үү.
Өв соёлоо устгахад ийм их мөнгө үрэхийн оронд түүнийгээ өөр зүйлд зарцуулсан нь дээр. Үндэсний номын сан, Улсын драмын эрдмийн театрын барилгад хөрөнгө оруулахгүй гэж албаныхан ярьж байна лээ. Хэнийг айлгаж байгаа юм бол. Тухайн барилгуудын модон дамнуурга, гэрэлтүүлэг, цахилгааны утас зэргийг нь сольж болно. Үүнд хөрөнгө оруулах хэрэгтэй. Гэхдээ тухайн үед урласан хээ, хуар, чимэглэлийг нь хуучин хэвээр нь үлдээх ёстой. Харин ямар зураг төслийн дагуу, хэрхэн гүйцэтгэхийг мэргэжлийн хүмүүсээс асуух нь зөв. Ямартай ч түүхэн дурсгалт байшинг ашиглаж, арчилж чадахгүй, арчаагүй, мэдлэггүй хүний балгаар Байгалийн түүхийн музей ийм байдалд хүрсэн. Музейн дээврээс борооны ус дусалж, шавар нь урсах гэж байхад арга хэмжээ аваагүй атлаа одоо яагаад нураах гээд байгаа нь сонирхолтой.
Шинэ газарт музей, театр байгуулах хэрэгтэй
Ц.УЯНГА (“Улаанбаатар иргэний форум” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн)
-Соёлын өвд тооцогдох дөрвөн барилгыг нураалгахгүй хэмээн манай ТББ жагсаал хийсэн. Уг нь бол эдгээр барилга нурах хэмжээнд хүртлээ муудаагүй. Бид барилгын олон компанид хандсан. Нурах хэмжээнд хүрээгүй. Сэргээн засахад ямар нэгэн асуудалгүй гэсэн. Зарим эрх, мэдэлтэн барилгыг нурааж, газрыг нь авах гэж байгаа байх гэж харддаг. Улаанбаатар хот сул газаргүй болтлоо барилга барьсан. Тиймээс соёлын өвийн хуучны барилгыг буулгаж оронд нь өөрсдийн эрх ашигт нийцсэн барилга барих гэж байгаа.
Угтаа хуучныг нь нурааж шинээр барих шаардлага үгүй. Үнэхээр соёл, урлагийн театр, музей баримаар байвал дэд бүтэц хөгжсөн олон газрын нэгэнд байгуулж болно. Налайх, Амгалан гээд хотыг тэлэх боломжтой, театр, музей шаардлагатай газар олон бий. 1000 жилийн настай барилгыг дэлхийн улс орнууд тордож болж байхад 100 жилийн босго давж буй байшингуудыг засаж чадахгүй, нураана гэж буй нь эмгэнэл. Дотор нь байгаа хүмүүс нураах шаардлагатай гэж хэлж байна лээ. Эдгээр барилгыг ийм байдалд хүргэсэн буруутан бол дотор нь ажиллаж байгаа хүмүүс. Өдий хүртэл, сүүлийн 20 жил төсвийн мөнгөөр засвар хийсэн удаагүй. 50-60 жил болсон залуу барилга тул соёлын өв биш гэж байна лээ. Цөөхөн жилийн настай, соёлын өв биш гээд нураагаад байвал цаашид олон жил болсон хуучны барилга үлдэхгүй нь ойлгомжтой.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Ашиглавал сайн хадгалагддаг
Германд түүх, соёлын дурсгалыг хамгаалах асуудлыг мужийн Соёлын яам нь хот, дүүргийн Түүх, соёлын дурсгалыг хамгаалах байгууллагуудаар дамжуулан зохих хуулийн хүрээнд зохицуулдаг. Хот байгуулалтын уран сайхан, шинжлэх ухаан, техник, түүхэн үнэт зүйлд тооцогдох соёлын дурсгалуудыг хариуцагч нь хадгалах, хамгаалах үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн мужийн түүх, соёлын дурсгалыг хамгаалах байгууллагууд элэгдэж, муудахаас сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авдаг байна. Үүнд хариуцагч болон эзэмшигч саад болох ёсгүй. Түүх, соёлын дурсгалыг хамгаалах байгууллагууд учирсан хохирлыг хариуцагч болон эзэмшигчээс шаардан гаргуулж болно. Соёлын дурсгалыг анхны зориулалтаар нь ашиглаагүй бол түүнийг илүү удаан хамгаалах боломжийг өмчлөгчөөс шаардах үүрэгтэй. Түүх, соёлын дурсгалыг хамгаалах байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцагчид 50 мянгаас нэг сая еврогийн торгууль ногдуулахаас эхлээд дурсгалыг хураах хүртэл арга хэмжээ авдаг.
Архитектурын дурсгал хэдий ч хоосорч, ашиглахгүй болсон барилгууд шийдэхэд хамгийн хүндрэлтэй асуудал болжээ. Ийм тохиолдолд тухайн барилгыг нураахгүй, үзэмжийг нь хэт өөрчлөхгүйгээр ашиглах арга олох талаар ажилладаг байна. Сэргээн засах, харуул хамгаалалтын өртөг өндөр, цаг үрсэн, шинэ барилга барихаас үнэтэй тусна гэсэн яриа үнэнд нийцэхгүй. Энэ нь барилгын компаниудад л ашигтай яриа гэнэ. Шинэ барилга болон сэргээн зассан дурсгалыг хооронд нь харьцуулах нь утгагүй. Ямар ч барилга, байгууламжийг идэвхтэй ашиглаж буй тохиолдолд сайн хадгалагддаг. Улсаас санхүүжилт олгох нь эзэмшигчдэд түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад түлхэц өгдөг аж. Ийм санхүүжилт нь өндөр мэргэшилтэй сэргээн засагч ажиллуулах боломж олгодог гэнэ.
Манай хойд хөрш дуурь, балетын Их театрын түүхэн барилгаа 2005 оноос эхлэн бараг зургаан жил засаж, 21 тэрбум рубль зарцуулахдаа үзэгчдийн танхимаа бүрэн засаж, акустикийг сэргээхэд онцгой анхаарч, оркестрын хэсгээ дэлхийд томд тооцогдохоор болгожээ. Газар доор байрлалтай концертын танхим нэмж байгуулсан байна. Урд хөрш түүх, соёлын өвийн дурсгалын жагсаалтаа тогтмол шинэчилж, жил бүрийн зургадугаар сарын хоёр дахь бямба гаргийг “Хятадын соёлын өвийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Түүх, соёлын өвийн дурсгалаа сэргээн засдаг төдийгүй хамгаалах орчныг бүрдүүлэн, тэдгээрийн үзэмжид сөргөөр нөлөөлөх коксын зуух, утаат яндан, үйлдвэрийг хүртэл хаадаг байна. Үнэлж баршгүй өвөө аврахын тулд тус улс гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж байна. Өдгөө Хятадад улсын болон ЮНЕСКО-гийн хамгаалалтад авсан дэлхийн өвийн 37 объект бий. Эл үзүүлэлтээр тус улс дэлхийд Итали, Испанийн дараа гуравдугаарт ордог аж.
Бэлтгэсэн: З.Гал