Байгалийн түүхийн музейг нураан, газарт нь Чингис хааны музей барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Түүнчлэн Дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сан, Улсын драмын эрдмийн театрын барилгыг ч буулган, шинэчлэн барина хэмээсэн нь цөөнгүй хүний шүүмжлэлд өртсөн. Үүнээс болж олон нийт дээр дурдсан барилгуудыг нураана, нураахгүй хэмээн маргалдаж буй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон холбогдох албаныхан өчигдөр Байгалийн түүхийн музейн барилгын нөхцөл байдалтай танилцсан юм. Сайд Ё.Баатарбилэг энэ үеэр Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монголын Үндэсний номын сан, Улсын драмын эрдмийн театрын барилгыг буулгахгүй, шинэчлэн барих ч үгүй, уг ажилд зарцуулахаар 2020 оны төсвийн төсөлд тусгасан 12 тэрбум төгрөгийг тулгамдсан бусад ажилд зарцуулна хэмээн мэдэгдлээ. Олон нийтийн эсэргүүцэл, улстөржилтөөс болж ийм шийдвэрт хүрсэн гэнэ.
“2020 оны улсын төсвийн төсөлд Үндэсний номын сан, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинэчлэхэд 12 тэрбум төгрөг суулгасан байсан. Гэтэл улстөржилт хэрээс хэтэрсэн учир энэ ажлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Засгийн газар соёлын салбарт 1990 оноос хойш дорвитой хөрөнгө оруулаагүй. Харин энэ жил багагүй хөрөнгө зарцуулахаар төлөвлөж, барилгын ажлыг ирэх зунаас эхлүүлэхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь, зарим улстөрч, архитектор, төрийн бус байгууллагынхан болон хувь хүмүүс эл шийдвэрийг жадлан эсэргүүцсэн. Тиймээс 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан бусад асуудлыг шийдэхэд зарцуулах тухай саналаа Ерөнхий сайдад хүргүүлэхээр шийдлээ. Маш харамсалтай байна. Соёл, урлагийн салбарынхнаасаа хүлцэл өчье. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад та бүхэн маань дуугарахгүй юм. Гэхдээ цаашид энэ гурван барилгад олон улсын шинжээч ажиллуулна. Үүнд хөрөнгө, хугацаа шаардлагатай. Тэр хүртэл барилга нурж, хүн гэмтвэл жадлан эсэргүүцсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой шүү гэдгийг хатуу мэдэгдье” гэж Ё.Баатарбилэг сайд хэлсэн.
Харин Байгалийн түүхийн музейг буулгахаас өөр замгүй гэсэн. Гэхдээ олон нийтийн яриад байгаа шиг уг газрыг худалдахгүй, хэн нэгэн эрх мэдэлтэнд өгөхгүй, Засгийн газрын шийдвэрийн дагуу газар дээр нь Чингис хааны музей барих шийдвэр “хөдлөхгүй” хэмээн мэдэгдсэн. Яагаад гэвэл музейн барилга ашиглалтын шаардлага хангахгүй, нурах эрсдэлтэй болсон гэлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан энэ талаар “Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь үнэн. Үйл ажиллагаа явуулбал аюултай. Тэгээд ч энэ барилгыг музейн зориулалтаар бариагүй, соёлын өв ч биш. Харин 1952 онд Хөдөө аж ахуйн техникум байгуулах зориулалтаар барьсан. Барилгын тоосго үйрч байна. Даацын хана нь цуурч, хагарсан. Ийм байшинд музейн үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын зочид хүлээн авч болохгүй. Маш аюултай. Сэргээн засна гэвэл шинэ музей барих хэмжээний хөрөнгө шаардагдана” хэмээлээ.
Бэлтгэсэн: М.Оч