Энэ намар харьцангуй дулаан байна. Гэхдээ л шөнөдөө агаарын температур хасах үзүүлэлттэй, гурав хоногийн дараа нийслэлд шөнө 12 градус хүрч хүйтэрнэ. Гэр хорооллын айлууд галаа урьдын адил нүүрсээр түлж байгаа. Гэхдээ боловсруулж, сайжруулсан түлш хэрэглэж буй. Хүмүүс мартамхай юм. Түрүү жилийн өдийд нийслэлчүүд өглөө, оройдоо хотын утаа амьсгалах аргагүй болгож, угаартаж үхэхдээ тулаад байгаа талаар амтай болгон ярьж, бичиж байсан. Өдгөө бол үгүй. Ноднин өдийд гэр хорооллынхон ердийн нүүрс түлж байлаа. Харин энэ жил сайжруулсан нүүрсээр галлаж эхлэв. Ялгаа нь хотын утаа мэдэгдэм багассанд биш гэж үү.
Бидний зорилго, зорилт нийслэлийн, аймгийн төвүүдийн утааг багасгаж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах. Бидний гэдэгт хамаарах субъект Засгийн газраас агаарын бохирдлоороо дэлхийд нэгт бичигдэж буй нийслэлээ найрлагад нь хорт бодис ихтэй утаанаас ангижруулах зорилгоор түүхий нүүрсхэрэглэхийг хориглож, сайжруулсан байдлаар нийлүүлэх арга хэмжээ авч эхэлсэн нь үр дүнгээ өгч эхлэв. Үр дүн өгч байгааг яаж батлах юм бэ гэж асуух хүн байвал өглөө, эсвэл орой гадаа хэсэг зогсоод анзаарна уу. Түрүү жилийнх шиг, өмнөх арав гаруй жилийнх лугаа адил хоолой тань хорсож, уур уцаар тань хүрэхгүй. Гадаа дулаан байгаа болохоор айлууд гал түлж эхлээгүй шүү дээ гэж тэс хөндлөн хэлэхгүй тань лавтай.
Улаанбаатарын утаа, 2018 онд
Дөрвөн хүн угаарын хийд хордож нас барлаа гэсэн нь шинжилгээгээр эцэслэн тогтоогдоогүй байна. Тийм атал андуу ташаа мэдээллээр далимдуулж, сошиалд “Энэ хүн огцрох болзлоо хангалаа. Хүний амь нас эрсдээд байхад сандал ширээтэйгээ зууралдахгүй байлгүй. С.Амарсайхан хэдхэн хоногийн өмнө “Шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй, санаатайгаар гүтгэлэг явуулж байгаа иргэн болон аж ахуйн нэгжүүдийг ЦЕГ, ТЕГ анхааралдаа авч хатуу арга хэмжээ ав” гэж үүрэг өгч байсан. Харамсалтай нь нийслэлийн удирдлагууд энэхүү түлшний чанарыг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө шалгаж, шинжлэлгүй айл өрхүүдэд “шахсанаар” дөрвөн хүний аминд хүрсний дараа гэнэт ухаан орцгоолоо. “Таван толгой түлш” төрийн өмчит үйлдвэрийн дарга нарт хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой” хэмээн бичсэн байсан.
Цахим ертөнцийн бие биеэ дагаж давалгаалахдаа гаргуун хэд нь мэдээллийг хөөргөдсөөр. Сайжруулсан түлшнээс болж хүмүүс нас барж байгаа нь үнэн гэсэн ойлголт нийгэмд төрүүлэх сонирхол хэсэг хүнд байгаа юм байна гэж бодоход хүрлээ. Тэдний явуулгаар бичигсэд, худлыг үнэн болтол давтагсад олон аж. Магадгүй цахимд хөлсөөр ажилладаг ч байхыг үгүйсгэхгүй. Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа тул ард иргэд, гэр хорооллын оршин суугчид амнаас ам дамжин тэнэж, хийсэж буй явуургүй мэдээлэлд итгэн, түлж байгаа түлшиндээ эргэлзэх, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг санаатайгаар эсэргүүцэж, мушгин гуйвуулагчдын атгаг санаанд авталгүй, нийслэлээ агаарын бохирдлоос ангижруулах үйлсэд гэр бүлээрээ хувь нэмэр оруулах сэтгэлээр сайжруулсан түлшийг заавар, горимын дагуу түлж, гарч, орох, унтахдаа зуух, яндангаа сайтар шалгаж, сэрэмж болгоомжтой аж төрөх цаг ирснийг сануулах гэсэн юм.
Ер нь аливаа муу, муухай, нийгэмд хортой үзэгдэлтэй нийтээр, зохион байгуулалттай тэмцэж байж ангижирдаг, ялдаг. Монгол Улсын төр, Засгийн газар 1950-иад онд ард түмнээ тэмбүү, сүрьеэ өвчнөөс салгах гэж ЗХУ-ын эрүүлийг хамгаалагчдын тусламж, санхүүгийн дэмжлэгээр хэрхэн тэмцэж, хэдэн жилийн дараа эдгээр өвчин үндэсний хэмжээний аюулт үзэгдэл байхаа больсныг бид түүхээсээ мэддэг.
Монголчууд яр, тэмбүү, сүрьеэтэй тэмцэж, орос мэргэжилтнүүдээр ахлуулсан экспедиц орон даяар ажиллуулж байх үед буюу 1952 онд британичууд Лондон хотоо агаарын бохирдлоос ангижруулах үндэсний хөдөлгөөн эхлүүлж байв. Үйлдвэржилтээр тэргүүлэгч Их Британи 1700-гаад оноос эхтэй төрөл бүрийн үйлдвэрийн, тэр дундаа химийн хорт нэгдлийн утаанд нэрвүүлсээр 1900 онд анх хүн ам нь утаанд, амь нас нь эндэх болсныг анхааруулж байжээ. Түүхийн явцад, дайн самууны хөлөөс болж үйлдвэржилтийн хүрээ, цараа хумигдсантай холбоотойгоор нэг хэсэг утааны хордлогын тухай хаана, хаанаа мартаад байсан ч Дэлхийн II дайн дуусмагц хэзээний хөдөлмөрч британичууд чиглэл чиглэлийнхэ бизнесийг үргэлжлүүлэн, цэцэглүүлэх явцдаа түүхий нүүрс, дизель түлш их хэмжээгээр хэрэглэж байснаар Лондон хотын агаар бохирдож, 1952 онд дээд цэгтээ хүрсэн аж.
Лондоны “Алуурчин манан”, 1952 онд
Тэр жил агаарын найрлага дахь хорт бодис, нэгдлийн хор уушгинд нөлөөлснөөс болж 12 мянган хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт, мөн тухайн оны арванхоёрдугаар сарын 5-наас эхэлсэн таван өдөр, таван шөнө хот даяараа амьсгалах аргагүй болсон гэсэн хоёр шалтгаанаар Их Британийн төр, Засгийн газраас түүхий нүүрс ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Дэлхий даяар “Killer fog” буюу “Алуурчин манан” хэмээх нэрээр алдаршсан хорт утааны эсрэг британичууд Засгийн газартайгаа хамтран тэмцэх ажлыг ийнхүү эхлүүлсэн байна. Түүхий нүүрсийг хэрэглээнээс гаргаж, байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүч гэсэн эх үүсвэрийг нийтээр 100 хувь ашигладаг болох хүртэл хугацаа багагүй орсон бөгөөд тэмцлийг тууштай үргэлжлүүсний ачаар 1962 онд бохир агаараас болж нас барагсдын тоо жилд 750 болж буурсан байжээ.
...Өдөр тутмын амьдралын байдаг л хэв маяг, дүрэм журам. Санамсаргүй байдлаар энэ дүрэм, журмыг зөрчиж, гэнэ алдах аваас сайжруулсан бүү хэл муужруулсан түлш хэрэглэсэн ч угаартана. Иргэд анхаарал болгоомж алдсанаас болж угаартсан тохиолдол бүрийг сайжруулсан түлшнээс болж ийм боллоо гэсэн ухуулга явуургүй...
“Алуурчин манан”-гийн үед Лондон, улмаар Их Британи улс дэлхийн анхааралд байсан. Гэхдээ агаарын бохирдлыг загвар, трэнд болгосон “түгшүүртэй эдийн засаг”-тай улс гэдэг үзүүлэлтээр улс түмнүүдийн хараанд өртөж байж. Тус улс түүхий нүүрсийг үндэстнээрээ зөвшилцөн хэрэглээнээс шахан гаргаж, оронд нь эрчим хүчний өөр эх үүсвэр ашиглаж, энэ хүрээнд тухайн тухайн үед тавьж байсан зорилт бүртээ хүрч ирсэнтэй зэрэгцэн алдарт “Битлз”-ийн трапецан өмдтэй, урт үстэй, тийм ч гоё биш хоолойтой ч, эрх чөлөө ханхлуулсан дуунуудаа дуулж, хөгжимдсөөр гарч ирсэн нь магадгүй британичуудын сэргэн мандлыг тунхагласан мэт одоо санагдана. “Битлз” хүчээ авч, даян дэлхий зөвхөн тэднээр амьсгалж эхлэхтэй зэрэгцэн Британийг “түгшүүртэй эдийн засаг”-тай улс, агаар нь бохир Лондон гэхээ дэлхий нийт хэдийн больсон байв.
Монголчууд яг үүнтэй адил түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшээ зохистой, ухаалаг хэрэглэж, болохгүй байх аваас асууж, зөвлөлдөж, болж байвал хөхиүлэн сурталчилж нийтээр агаарын бохирдлоос ангижрах цаг болсон. Бидэнд дараа, сүүлд гэж алгуурлах эрх байхгүй. Дээр “Битлз”-ийн жишээг зүгээр ч нэг дурдсангүй. Тэртээ 60-аад жилийн тэртээ Лондон цэлмэж эхлэх үед тэд дэлхийг шуугиулж байсанчлан, монгол түмэн түүхэн алхам хийж, ард иргэд, хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө түлшээ сайжруулж хэрэглээд, нийтээр эрүүл амьдаръя хэмээн Засгийн газар шийдвэр гаргаж, олон түмэн хэрэгжүүлж эхлэх энэ цаг дор хөгжимлөг монгол залуусын нэгдэл “Хү” хамтлаг дэлхийг дайлаар мордож яваа нь монгол хүн бүрт нэн таатай. Нэгнийхээ өмнөөс баярлаж, бахадсан сэтгэгдэл, бие биеэ, Монголоо гэсэн сэтгэлийг нэгэн зүгт, цэгт хандуулбал их хүч юм шүү гэсэн санаагаар хэллээ.
Цувж явах барсаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг. Хүчээ тарамдахгүй, зөв хуваарилж, зохистой ашиглаж, зарцуулахыг өвөг дээдэс маань захиж ирсэн нь энэ. Сайжруулсан түлш түлж нийслэлээ, аймгуудын төвийг ч хорт утаанаас салгая, бүгдээрээ эрүүл амьдаръя гэсэн засгийн шийдвэрийг эсэргүүцэж ил, далд явуулга хийж буй нөхдийг ойлгож ядах юмгүй. Нүүрсний уурхайнуудаас нүүрс ухаж, тэр чигээр нь түүхийгээр борлуулж ашиг олж ирсэн, мөнгө сул орж ирж байдаг бизнесээ хамгаалах гэсэн бүлэг этгээдийн дайралт гэж үзэхээс өөр зүйл үнэндээ харагдахгүй байна. Байгалийн баялгийг ямар ч хаалт, хязгааргүйгээр, нэмүү өртөг ч үгүйгээр шанага шанагаар нь утган, ачиж авчраад, жижиглэнгийн худалдаанд зориулж шуудайлаад гудамжны ам болгонд борлуулж байдаг биеийн амрыг харж, бусдын уушгийг хордуулж байдаг бизнесийг зогсоох цаг болсон.
Сайжруулсан түлш түлснээс болж хордлоо гэнэ. Галаа зөв түлээгүйгээс болж зуух нь бараг дэлбэрэх шахлаа гэх. Хэдийнээс нааш зуух, яндан нийлүүлж гал түлж амьдарч ирсэн монголчууд нүүрсний найрлага бага зэрэг өөрчлөгдөх төдийд барьц алдаад, чүдэнз яаж зурахаа мэдэхээ байхдаа тулаагүй байлтай. Гэр бүлийн гишүүдийн анхаарал, болгоомж, хянамгай байдлаас хамаарах л хэрэг. Угаар л гэнэ. Монгол гэр, өвлийн байшингийн алинд ч амьдардаг айл орой унтахдаа галаа манаж, зуух, пийшингийнхээ амыг шалгаж, их, бага цагираг болон яндангийн уулзвар зэргээс утаа гарч байгаа, эсэхийг магадлан, цаг агаарын байдлаас хамаарч өрх, цонхоо онгойлгох, эсэхээ шийддэг. Өдөр тутмын амьдралын байдаг л хэв маяг, дүрэм журам. Санамсаргүй байдлаар энэ дүрэм, журмыг зөрчиж, гэнэ алдах аваас сайжруулсан бүү хэл ердийн нүүрс түлш хэрэглэсэн ч угаартана. Иргэд анхаарал болгоомж алдсанаас болж угаартсан тохиолдол бүрийг сайжруулсан түлшнээс болж ийм боллоо гэх ухуулга явуургүй. Түүхий нүүрс зөөж борлуулагчдын турхиралт.
Улаанбаатарын утаа тренд, нэг хэсэгт нь ашиг өгдөг байхаа болих цаг тун удахгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын танхим түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх тухай шийдвэрээсээ ухрахгүй, үргэлжлүүлэх биз. Тэдэнд олон нийт, хэвлэл мэдээллийнхний дэмжлэг хэрэгтэй байна.