Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээ, иргэд, айл өрхөд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл болон хэрэгжүүлж буй ажлын зохион байгуулалт, хороодод ажиллах хуваарийг танилцуулав. Түүнчлэн, энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт Онцгой комиссын гишүүд, ажилтан албан хаагчдаас бүрдсэн дүүргийн хэмжээнд ажиллах 9 ажлын хэсэгт сайжруулсан түлшний хэрэглээ, борлуулалт, түгээлтийн ажилд хяналт тавихын зэрэгцээ мэргэжлийн байгууллагуудаас гаргасан сайжруулсан түлшийг галлах, хадгалах зөвлөмж мэдээллийг өрх бүрт сурталчлан таниулж, түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллах чиглэл өгөв.