“Нийслэлийн орон сууцны корпорац” компанид хөл хөдөлгөөн их байна. “Хурал хэзээ болох вэ”, “Гэрээгээ хэзээ байгуулах бол”, “Өндөр настай, хэвтрийн хүн байгаа юм, заавал энд авч ирэх ёстой юу” зэрэг асуулт сонсогдоно. Уурлаж, хашхирч буй хүн байгаа бол “Манайхыг тэнцүүлжээ. Хэзээ нүүж очиж болох вэ” хэмээн баярлаж байгаа нэгэн ч байна. Энэ нь “Буянт-Ухаа 2” хороололд 580 айлыг оруулахад бэлэн болсонтой холбоотой. Өнгөрсөн зургадугаар сард тус хороололд барьсан орон сууцуудад 972 айлыг оруулж, түрээслүүлэх, улмаар өмчлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнтэй холбоотой ажлыг зохион байгуулах үүргийг “Нийслэлийн орон сууцны корпорац” компанид даатгасан.
...Ер нь түрээсийн орон сууцны нэг байранд 60 айл өрсөлдсөн. Тэгэхээр 59 нь сэтгэл дундуур үлдэж, нэг нь л баярласан хэрэг. Тиймээс ийм их маргаан дагуулаад байгаа юм. Гэхдээ бид анх удаа ийм олон айлыг нээлттэй шалгаруулж, орон сууцад оруулах ажлыг хийж байна...
Тэд өнгөрсөн наймдугаар сард төрийн албан хаагч, өндөр настан, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшиг, ослын улмаас орон гэргүй болсон айл зэрэг ангиллаар “Буянт-Ухаа 2”-т орон сууц авах хүсэлтэй өрхүүдийн мэдээллийг цахимаар авсан. Цахимаар 35 000 гаруй өрх хүсэлтээ ирүүлсэн дүн бий. Тэдгээрээс өмнө нь байр авч байгаагүй, түрээс болон ашиглалтын зардлаа төлөх чадвартай зэрэг анхан шатны шалгуур хангасан өрхүүдийг сонгон, холбогдох бичиг баримт, мэдээллийг нь хүлээн авч, өрх нэг бүрийн “түүхтэй” танилцсан гэнэ. Ингэснээр 580 айлыг сонгон, орон сууцад оруулахад бэлэн болжээ. “Буянт-Ухаа 2” хороололд орох өрхүүд дараах хоёр “хэлбэр”-ээр амьдрах юм байна. Нэгдүгээрт, энгийн түрээсийн үйлчилгээ. Энэ нь өрх бүр сар сард нь түрээсийн төлбөрөө төлөн, гэрээгээ жил бүр сунгана. Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр гэж бий. Энэ нь тухайн айл байрныхаа урьдчилгаа болгон өөрт байгаа мөнгийг өгч, үлдсэнийг нь нь буюу нийт үнийн дүнгийн 30 хувийг таван жилд бүрдүүлэх нөхцөлтэйгөөр орон сууцад орно гэсэн үг.
Улсын комисст “Буянт -Ухаа 2”-ын шинэ орон сууцуудыг хүлээлгэн өгөх ажил дуусаж буй аж. Гадна талбайн тохижилтод анхаарч, зарим орц, айлын хаалганы цоожийг сайжруулах зэрэг зөвлөмжийг гүйцэтгэгч компаниудад нь хүргүүлжээ. Уг ажлыг аж ахуйн нэгжүүд нь хийж дууссан бөгөөд айл өрхөө хүлээн авахад саадгүй болсныг “Нийслэлийн орон сууцны корпорац” мэдээллээ. Тэд энэ сард багтаан айлуудыг оруулах нь. Мөн аль блокийн аль хэсэгт хэднээс хэдний өдрүүдэд айлууд нүүж очих талаар зөвлөмж, мэдээлэл түгээхээр бэлтгэн, хуваарь гаргаж буй гэнэ. Ингэснээр тухайн орчимд ачаалал, эмх цэгцгүй байдал үүсэхээс сэргийлэх зорилготой. Түүнчлэн байранд орох шаардлага хангасан өрхийн гишүүдтэй уулзан, сард хэдэн төгрөгийн түрээс төлөх болон хэдэн ам метр орон сууцад орох боломжтойг нь асуун, гэрээгээ байгуулах ажлыг энэ долоо хоногт эхлүүлэх юм байна.
Зарим иргэн түрээсийн орон сууцад орох шаардлага хангаагүйдээ бухимдан, өндөр шалгуур тавьсан хэмээн гомдол гаргасан. Тухайлбал, заавал 80-аас дээш настай хүнийг оруулах болзол тавьсан нь учир дутагдалтай гэж буй. Энэ талаар буюу орон сууцад оруулах иргэдийг ямар шалгуураар сонгосон тухайд “Нийслэлийн орон сууцны корпорац” компанийн дэд захирал С.Дорждэрэм “Зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж эхлүүлсэн. Хамгийн том бэрхшээл нь өрхүүдийг сонгон шалгаруулах байлаа. Өндөр настнуудыг оруулахад нас заагаагүй. Улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн болон гэр бүлийн байдал, тэтгэврийн хэмжээ зэрэг олон зүйлийг харгалзан үзсэн. Тухайлбал, 65 настай, улсад төдийлөн олон жил ажиллаагүй, амьдрах нөхцөл нь зарим хүнээс илүү дээр нэгнийг сонгохоос татгалзан 80 гаруй насны, улсад 30 жил ажилласан, олон хүүхэд төрүүлсэн хүнийг сонгосон нь зөв юм.
Ер нь түрээсийн орон сууцны нэг байранд 60 айл өрсөлдсөн. Тэгэхээр 59 нь сэтгэл дундуур үлдэж, нэг нь л баярласан хэрэг. Тиймээс ийм их маргаан дагуулаад байгаа юм. Гэхдээ бид анх удаа ийм олон айлыг нээлттэй шалгаруулж, орон сууцад оруулах ажлыг хийж байна. Шалгаруулалтыг үнэн шударга, ил тод, журмын дагуу явуулсан гэдэгтээ эргэлзэхгүй байна” хэмээн ярив. Тэгвэл түрээсийн орон сууцад орох болзол хангасан Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баатар “Би ээж болон эхнэртэйгээ амьдардаг. Ээж маань 100 настай, эхнэр бид хоёр 70-тай. Бид гурвын тэтгэвэр нийлээд сард 1.3 сая төгрөг болдог. Манайх 49 ам метр талбайтай байранд орох төлөвлөгөөтэй. Түрээсийн төлбөр нь сард 300 000 орчим төгрөг болно гэсэн. Ашиглалтын зардлаа нэмбэл 400 000 төгрөг хүрэх болов уу. Үүнийг төлөөд амьдрахад бэрхшээл алга. Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж, биднийг тохилог байранд амьдрах боломж бүрдүүлсэнд талархаж байна” гэсэн юм.
“Буянт-Ухаа 2” хороололд нийт 972 айлыг оруулах боломжтой. Үүний 60 хувийг буюу 580 айлыг шалгаруулж, айлууд ийнхүү нүүхэд бэлэн болжээ. Тэгвэл үлдсэн 347 байранд иргэдийг оруулахад ямар шалгуур тавьж буй бол? Дээрх орон сууцуудад нийслэлийн хот төлөвлөлтөд багтан газраа чөлөөлсөн ч хараахан байрыг нь ашиглалтад оруулаагүй, ахин өөр байршилд газар чөлөөлөлтөд хамрагдах иргэдээс сонгох юм байна. Үүнтэй холбоотой мэдээллийг энэ долоо хоногт багтаан “Нийслэлийн орон сууцны корпорац” өгөх аж.