Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэг дэх хэд хэдэн замын ажилтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Эхлээд Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0.8 км байгалийн чулуун зам дээр очив. 10 мянга гаруй иргэнтэй тус хорооны энэ хэсгийн зам маш муу байсан нь иргэдэд хүндрэл учруулж байжээ. Харин одоо 2 талаараа 1.5 метрийн өргөн явган зам бүхий байгалийн чулуун зам тавигдсанаар иргэд хороон дээрээ очиж төрийн үйлчилгээ авахдаа тав тухтай, аюулгүй замаар зорчих боломжтой болсон байна. Гүйцэтгэгч компани нь гэрээний хугацаандаа барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, өнгөрсөн 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгчээ.
Баянхошууны эцсээс Зүүн салаа хүртэлх 3 км замын нөхцөл маш хүнд, иргэд 3 км газар алхаж, ажил, сургууль, цэцэрлэгтээ явдаг байна. Тус хэсэгт автозам тавихад 2 тэрбум төгрөг шаардлагатай аж. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Баярсайхан хэлэхдээ “Баянхошууны эцсээс Зүүн салаа хүртэл зам тавьж өгөх хүсэлт иргэдээс маш их ирдэг. Үүнийг өнөөдөр хотын даргад тавьлаа. С.Амарсайхан дарга зам барихад шаардагдах төсвийг шийдвэрлэж өглөө. Бид иргэдийнхээ өмнөөс баяртай байна” гэлээ.
Хотын даргаар ахлуулсан баг үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд ажиллалаа. Тус хорооны Засаг дарга П.Тунгалаг хэлэхдээ “Хувьсгалчдын гудамжнаас Хайлааст хүртэлх 3.4 км замыг 2016 онд хатуу хучилттай болгосон. Ингэхдээ 600 метр хэсэг нь хучилтгүй үлдсэн юм. 400 метрийг хорооныхоо түвшинд шийдсэн. Одоо 200 метр хэсэг үлдсэн. Бид 2 удаагийн тендер зарлагдаж, компаниудад нээлттэй санал тавьсан. Одоо замаа танилцуулж байгаа” гэлээ. Мөн хороо орж, төрийн үйлчилгээг авахад иргэдэд хүндрэл учирч байгаа учраас 28 дугаар хороо хүртэлх 0.9 км зам дээр мөн 2 удаа тендер зарласан ч компани ороогүй байна. Эдгээр асуудлыг өнөөдөр хотын даргад танилцуулснаар 600 метр замын асуудал шийдвэрлэгдэж, үлдсэн замын ажлыг ирэх онд тусгахаар боллоо.