Завхан аймгийн Дөрвөлжин сумаас баруун зүгт нэлээд зайтай Онц багийн нутагт байдаг, Ховд аймгийн Дөргөн нууртай залгаа орших Бага нуурын эрэгт олон тооны шувуу учир битүүлгээр үхсэн байжээ. Тус сумын Засаг дарга Ч.Батдөл энэ талаар онцгой байдлын байгууллагад “Усны 30 орчим шувуу үхэж, нэмж 20 гаруй жигүүртэн өвчилсөн байна” хэмээн мэдэгдсэн аж. Түүний мэдээллийн дагуу Завхан аймгийн Онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, Цагдаа, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн алба, Эрүүл мэнд, байгаль орчин, Ус, цаг уурын байгууллагын ажилтнуудыг энэ сарын 1-нд газар дээр нь ажиллуулсан байна. Тэд үхсэн шувуудаас дээж аваад, булж тухайн орчинд нь ариутгал хийжээ.
Тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан химийн хорт бодис ашиглах үйл ажиллагаандаа хяналт тавиагүйн улмаас цианит натритай усанд нь болжморын төрлийн шар хацарт чагнуухай хэмээх 1000 орчим шувуу хордсон хэрэг 2014 онд гарч байсан ч тэгсхийгээд намжсан билээ. Түүн шиг үйл явдал болсон юм биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа юм. Уг явдлаас хойш хөрсөнд цианит натри нэг бус удаа алдсан хэрэг гарч байсан ч тухай бүр нь дарсаар, хариуцлагаас мултарсаар ирсэн юм. Орон нутгийн эх сурвалжтай холбогдож болсон явдлын талаар тодруулахад “Галуу, цахлай, алаг нугас зэрэг олон шувуу үхсэн, зарим нь өвчилсөн байсан. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, шувуудаас, нуурын уснаас дээж аван шинжлүүлж байна.
Дүгнэлт гараагүй учраас чухам юунаас болж шувууд хорогдсон талаар мэдээлэл өгөх боломжгүй. Шувууд үхсэн, өвчилсөн Бага нуур нь сумаас баруун зүгт 200 гаруй км зайтай. Харин “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхай сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км-т оршдог. Тиймээс тус уурхайн үйл ажиллагаандаа ашигладаг химийн бодисоос болсон гэж үзэх боломжгүй гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа л тодорхой мэдээлэл өгч болно” хэмээсэн юм.
Бэлтгэсэн: Г.Орчлон