Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй компаниудын үйл ажиллагааг БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн шалгаж, “Монгол газар” компанийн эзэмшлийн 13 уурхайг өнгөрсөн пүрэв гарагт хаасан. Үүнээс гадна “Сэншивэе Монгол” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл ч хүчингүй болсон тул үйл ажиллагааг нь улсын байцаагчийн гаргасан актын дагуу энэ сарын 23-нд зогсоожээ. Түүнчлэн ашигт малтмал олборлож байсан газраа нөхөн сэргээж, уурхайн хаалтыг зохих дүрэм, журам, стандартын дагуу гүйцэтгэн, орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгөхийг “Сэншивэе Монгол” компанийн удирдлагад үүрэг болгожээ.