Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, мөрдөх журмыг шинэчлэн тогтоов. Агаарын тухай хууль, Засгийн газраас гаргасан, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нар хамтарсан тушаал, захирамж гарган, дээрх журмыг шинэчлэн баталлаа. Уг журмын дагуу сайжруулсан түлш үйлдвэрлэж, айл өрхүүдэд нийлүүлэх юм.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээний сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг Эрчим хүчний яам, нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн ЗДТГ хариуцна. Түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгох юм байна. Түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, түлш тээвэрлэн Улаанбаатарт оруулж ирэх зөвшөөрлийг хорооны Засаг даргын тодорхойлолтод үндэслэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас олгох аж.
Шинэчилсэн журмаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийг агаарын чанар сайжруулах дөрвөн бүсэд хуваажээ. Нэгдүгээр бүс буюу Сонгинохайрханы XXI, Баянзүрхийн XX, Хан-Уул дүүргийн XII, XIII, XIV хороонд түүхий нүүрс түлэхийг зөвшөөрөх аж. Хоёр, гуравдугаар бүсэд төвийн зургаан дүүргийн нийт 83 хороо хамрагдсан бөгөөд эндхийн айлууд түүхий нүүрс бус, сайжруулсан түлш хэрэглэх үүрэг хүлээнэ. Харин дөрөвдүгээр бүс буюу хотын төв хэсэгт хамаарах 49 хороонд түүхий болон сайжруулсан түлш аль алиныг түлэхийг хориглож, гэр хорооллын айлууд цахилгаанаар дулаанаа шийдэхийг үүрэг болгох нь.
Бүх шатны Засаг дарга, холбогдох чиглэлийн улсын байцаагч, цагдаагийн байгууллага, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны орон тооны бус ажилтан, хороодын хэсгийн ахлагч нартай хамтран хяналт тавих юм байна. Журам зөрчвөл Агаарын болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулах аж.