Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран 2019 оны долдугаар сарын 29-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байсан. Мөн БНХАУ-ын найман иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байв.
Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харъяатын газраас шалгаж байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.