Хоол хүнсэнд агуулагдах тос хүний бие организмд сөрөг нөлөөтэй гэж хэдэн арван жилийн туршид тооцогдсоор ирлээ. Хүмүүс эрүүл саруул, гоо бие бялдартай байхыг хүсэхийн хэрээр өөх тосны хэрэглээг хязгаарлан зарим нь бүр хүнснээсээ бүр мөсөн хасах нь цөөнгүй. Гэтэл өөх тосгүй хоол хүнс таны урт наслахын үндэс гэсэн онол хамгийн алдаатай зүйлийн нэг аж. Түүгээр ч барахгүй хүний бие организмд сайн(үл ханасан) тос ашигтай төдийгүй асар шаардлагатай зүйлийн нэг аж. Тэгвэл өөх тос муу гэсэн дүгнэлт хэзээ хаанаас гарсан юм бол? Өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн зүрхний ишеми өвчин ихсэх болсонтой холбогдуулан өөх тос өндөртэй хоол хүнсний судалгаа явагдаж эхэлсэн байна. 1960-аад оны сүүлээр Америкийн зүрхний нийгэмлэг өөх тосны хэрэглээг багасгах зөвлөмж гаргасан бол 1976 онд АНУ-д “Хооллолттой холбоотой үхэлд хүргэх өвчнүүд” сэдэвтэй олон улсын хэд хэдэн хурал зохиогджээ. Эдгээр үйл ажиллагааны үрд дүнд хүмүүсийг өөх тосны хэрэглээгээ багасгаж, нүүрс усны агууламж ихтэй хүнс хэрэглэхийг зөвлөх болсон аж. Ингээд дэлхий даяараа өөх тосод дайн зарлав. Хэдий нүүрс усыг жимс жимсгэнэ, ногоо, бүхэл үрээс авч байхыг зөвлөсөн ч хүмүүс ашигтай (нийлмэл) болон хортой (энгийн) нүүрс усыг ялгахгүй тул тэдэнд ямар ч төрлийн хамаагүй төрлийн нүүрс усыг хэрэглэх нь амар байв. Хүнсний үйлдвэрлэл нүүрс усны агууламж өндөртэй өөх тосгүй хүнсний бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэж, дэлгүүрийн лангуу, айл гэрийн шүүгээ хөргөгчүүд өөхгүй сахар ихтэй хүнсээр дүүрчээ. Бидний багадаа идэж байсан хоол хүнс урьдын амт чанараа алдах болсонтой хэн хүнгүй л санал нийлэх биз. Эрүүл мэндийн үүднээс ч гоо сайхны талаас ч өөх тосгүй хоолны дэглэм барих нь ач тустай гэсэн зөвлөгөө яваандаа хүмүүсийн ой тоонд өөх тос хортой гэсэн хэвшмэл ойлголт бүр суулгаж орхисон аж. Гэтэл үнэн хэрэгтээ зүрх судасны өвчнийг хоол тэжээлтэй холбосон нэг ч судалгаа байдаггүй аж. Харин эсрэгээрээ эл домгийг үгүйсгэсэн маш олон эрдэм шинжилгээний ажил бий. Тэдгээр судалгаанууд нь өөх тосны хэрэглээ нь зүрх судасны ишеми өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдэг нотолгоо байхгүй гэдгийг харуулсан байдаг. Үүнээс гадна Стэнфордын их сургуулийн генетикийн тэнхимийн долоон жилийн судалгаанд 48 мянган эмэгтэй оролцсон бөгөөд уг судалгаа өөх тосыг хориглосноор биеийн жин төдийлөн буурдаггүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харвардын их сургуулийн генетик ба нарийн өвчин судлалын тэнхимийн туршилтаар ханасан өөх тос ихтэй, нүүрс ус багатай хоолны дэглэм барьсан хүмүүсийн цусан дахь холестерины үзүүлэлт газар дундын тэнгисийн орнуудын хоол хүнсээр илүү хооллосон өөрөөр хэлбэл өөх тосгүй, нүүрс усны агууламж багатай хүнс хэрэглэсэн хүмүүсийнхээс хамаагүй илүү буурсан үзүүлэлт гарчээ. Тэд үл ханасан өөх тосны тогтмол хэрэглээ нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулж судасны уян хатан чанарыг сайжруулдаг гэсэн дүгнэлт хийсэн байна. Харин тосны хэрэглээг багасгаснаар дааврын нийлэгжилтийг зөрчилд хүргэдэг аж. Булчингийн өсөлт хөгжилтийг хариуцдаг дааврууд бага ялгардаг болсноор бие сулран доройтно. Тосоор дамжин хүртэгдэх А, E, D, K аминдэмүүд дутагдах болно. Түүнээс гадна хүнсэндээ тосыг эрс багасгавал, бие организм бүхий л боломжоороо тосыг хуримтлуулж, харин ч их тосчих, өөхлөх тохиолдол гардаг. Хүнснийхээ тосыг багасгахгүй ч, тосыг залгидаг сорбент бэлдмэл, тосыг саармагжуулдаг хитозан бэлдмэлийг хэрэглэдэг хүмүүс буй. Үр дүн нь мөн л дээрхийн адил сөрөг байх болно. Холестеринтэй хэт их "дайтах” нь ч буруу юм. Өсөж буй насныханд холестеринийг хорьж бүр ч болохгүй. Америкчууд олон жилийн турш холестерингүй хүнсээр хооллосон. Тийм хүнс үйлдвэрлэдэг бүхэл бүтэн салбар буй болсон. Үр дүнд нь, илүүдэл жинтэй хүн өмнөхөөсөө олон болж, хүн амын 30 гаруй хувийг эзэлдэг болоод байна. Хүнсний тосыг багасгаснаар, зайлшгүй шаардлагатай тосны хүчлүүд организмд орж ирэхээ болино. Тэдгээрийг хүний бие нийлэгжүүлэн буй болгож чадахгүй. Махыг ад шоо үзэж, буурцгаар (соя) бүрэн орлуулж болно ч гэж туйлширсан. Мах хэрэглэхийг багасгах нь организмд маш чухал бодисууд орж ирэхийг хязгаарлан зогсооно. Жишээ нь, L-карнитин гэдэг аминхүчил маханд байдаг. L-карнитин нь тосны хүчлийг эсийн митохондрид тээвэрлэн хүргэдэг. Тэнд түүнийг "шатааж”, энерги гарган авдаг юм. Маханд мөн В бүлгийн витаминууд, фолийн хүчил агуулагдана. Тэдгээр нь метионин зэрэг аминхүчлүүдийн хэвийн солилцоог нөхцөлдүүлдэг. Метионин эсийн хөгшрөл, эсийн бүрхэвчийн гэмтэл, судас хатуурал зэргээс сэргийлдэг ач холбогдолтой. Мах, тосыг эсэргүүцэгчдийн гоо сайханд ч асуудлууд учирна. Хуурай, үхмэл арьс, хугарамтгай, "амьгүй” үс гээд л. Тосны хүчлүүд организмд энерги, уян (пластик) материал авахад нь тусалдаг. Ялангуяа үл ханасан тосны хүчлүүд. Энэ хүчлүүдийн нүүрстөрөгчийн атомууд хоорондоо хоёрлосон химийн холбоогоор холбогдож, харин устөрөгчийн атомаар хангагдаагүй байдаг. Тиймээс үл ханасан гэж нэрлэгдэнэ.Үл ханасан тосны хүчлүүд амьдралын процессод маш чухал үүрэгтэй. Өвөрмөц химийн холбоо нь хялбар тасарч, биед амар шингэж, ашиглагддаг. Үл ханасан тосны хүчлүүд бүх эсийн бүрхэвчийн салшгүй хэсэг нь болдог. Простагландин, тромбоксан, лейкотриен зэрэг зохицуулах үүрэгтэй бодисууд биед нийлэгжин үүсэхэд оролцоно. Тэдгээр нь цусны даралт, бүлэгнэлт, дулааны тэнцвэр, үрэвсэх явцыг зохицуулдаг. Үл ханасан тосны хүчлүүд арьс, үсний бүтцийг сайжруулна, тархи, нүдний торлогийн бүрэлдэн тогтолтод шаардлагатай мэдрэлийн дохиолбол дамжуулна. Эрдэмтэд үл ханасан тосны хүчлүүдийг судлах тусам хүнд үзүүлэх ач тусыг нь илрүүлэн нээсээр байгаа билээ. Бид энэ удаа та бүхэнд хамгийн сайн чанарын 5 тосыг нэрлэж байна.
1. Шар тос
Монголчууд бид шар тосыг эрт дээр үеэс хэрэглэж ирсэн ч сүүлийн жилүүдэд түүний ашиг тусыг бараг мартсан гэж хэлж болно. Шар тос нь өөрөө маш хүчтэй антиоксидант юм. Антиоксидант нь чөлөөт радикалтай тэмцэж, зүрх судас, дархлааны системийг дэмжиж, арьсны төлжилтийг хурдасгадаг гээд олон талын ашигтай бодис юм. Үүнээс гадна шар тос бусад тосноос илүү 160-190С хэмд хүртэл ууршиж шаталгүй тэсэх чадвартайгаараа онцлог. Тиймээс хоол хийхэд шар тос бусад тосноос хамгийн тохиромжтой гэсэн үг. Сайн шүүгдсэн тос учир хадгалах хугацаа нь урт. Шар тос нь А, Е аминдэмээр баялгаас гадна сүүлийн үеийн судалгаагаар найрлага дахь фенол бодис нь дархлааг маш сайн дэмждэгийг нотолжээ. Үүнээс гадна шар тосыг эмчилгээнд хэрэглэдэг. Жишээ нь Энэтхэгт шар тосыг архи болон хар тамхины эмчилгээнд хор гадагшлуулах зорилгоор өргөн хэрэглэдэг аж. Мөн монгол уламжлалын анагаах ухаан шар тосыг маш олон өвчин эмгэгт өргөн хэрэглэсээр ирсэн. Харин орчин үеийн өрнийн шинжлэх ухаан шар тосыг холестерин болон триглецирид бууруулдаг гайхамшигтай ид шидийн тос гэж хэдийнээ хүлээн зөвшөөрчээ.
2. Чидун жимсний тос
Америкийн Темпл их сургуулийн эрдэмтэд чидун жимсний тос нь ой санамж,суралцах чадварыг сайжруулахаас гадна судасны хана зузаарахаас хамгаалдгийг баталжээ. Учир нь чидун жимсний тос нь уураг тархины хөгшрөх явцыг удаашруулдаг нэн чухал үл исэлдэгч полифенол хэмээх бодисыг агуулдаг. Тархины эс залуу байх тусмаа удаан хугацаагаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаг. Мөн полифенол нь бодисын солилцоо болон гэдэс дотрын бичил орчныг сайжруулдаг юм. Та энэ жимсний ашиг тусыг мэдэрье гэвэл идэх гэж буй салаатаа хоёр цайны халбага түүхий чидун жимсний тосоор амтлахад л хангалттай. Харин хайрч хуурах гэж байгаа бол боловсруулаагүй тосыг авахыг эрдэмтэд зөвлөж байна.
3. Авокадо жимс
Тийм ээ, ногоо биш жимс. Энэ жимс нь асар их тослогтойгоороо бусад жимснүүдээс онцлог. Авокадо нь маш олон талын ашиг тустай тул түүний хэрэглээ дэлхийд асар их. Авокадо нь ханасан өөх тосоор баялаг тул муу холестеролыг бууруулахын зэрэгцээ сайн өөх тосыг дэмждэг гайхамшигтай чанартай. Авокада нь уургаар Эсийн ислэг эд, калий, С, В6,Е амин дэмээр баялаг тул биеийн эсийг чөлөөт радикалаас гэмтэхийг урьдчилан сэргийлж, дархлаа сайжруулж, хөгшрөлийн явцыг удаашруулж, арьсны төрхийг сайжруулаад зогсохгүй чихрийн шижин, хорт хавдраас сэргийлэхэд нэн ач холбогдолтой аж. Мөн бүтцэд нь байдаг фолийн хүчил (В9 витамин) жирэмсэн эмэгтэйчүүдэд тустай тул энэхүү витамин нь хүүхдийн төрөлхийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулахад тусалдаг байна.
4. Наргил модны самарын тос
Наргил модны самар нь маш их уураг, амино хүчил, витамин агуулдаг жимс. Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, дархлаа сайжруулдаг төдийгүй тамир тэнхээ сэргээдэг. Наргил модны самрын тосыг хүн төрөлхтөн олон зүйлд ашигласаар ирсэн. Кокос гэж нэрлэгдэх энэхүү тосыг 101 төрлийн ашиг тустай хэмээн зарим эх сурвалжид бичсэн байх аж. Эрүүл мэнд, гоо сайхан, анагаах ухаан, хүнс гээд өдөр тутамдаа бид түүнийг хэрэглэж болно. Уг тосонд ханасан өөх тос ихээр агуулагддаг учир зүрх судасны өвчин үүсгэх эрсдэлтэй гэж үзсээр ирсэн. Гэхдээ энэ нь том эндүүрэл гэж эрдэмтэд үзэх болжээ. Учир нь наргил модны самрын тосны бүтцийн 50%-ийг лаурийн хүчил эзэлдэг.Үүнийхээ ачаар наргил модны тос бусад ханасан өөх тосноос огт өөрөөр урвалд ордог. Эл хүчил нь хоолны дуршлыг бууруулж, өөх тосыг шатаахаас гадна. зүрх судасны болон даралт ихсэх өвчнийг урьдчилан сэргийлэх чанартай аж. Кокосын тос амны хөндий үрэвсэл,үс уналтад гойд сайн нөлөө үзүүлдэг нь батлагдсан юм.
5. Омега-3
Яагаад Омега-3-ийг юугаар ч сольшгүй өөх тос гэдэг вэ? Яагаад гэвэл бие организм түүнийг өөрөө үйлдвэрлэж чаддаггүй. Тийм учраас бид энэ өөх тосыг зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээс л олж авах боломжтой. Тиймээс энэ тослог хүчил нь дэлхийн нийт хүмүүст дутагдаж байгаа хамгийн гол элемент юм. Омега-3 нь өөрөө поли үл ханасан тос бөгөөд гурван төрөл байдаг.
1. Альфа-линолены хүчил (АЛХ)
2. Декозагексаений хүчил (ДГК)
3. Эйкозапентаений хүчил(ЭПХ)
ДГХ, ЭПХ тосны хүчил нь ач тусын хувьд илүү өндөр бөгөөд далайн гаралтай бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг аж. Цоохор хилэм (севрюга), далайн алгана (морской окунь) загаснуудад агуулагддаг Омега-3 гэдэг бодис сүүний булчирхайн хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодгийг эрдэмтэд тогтоосон билээ. Энэ нь тусгай хоол, анагаах ухаанд үл ханасан тосны хүчлийг хэрэглэх асуудлыг дуулиан шуугиантайгаар гаргаж ирсэн билээ. Далайн гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ ихээр хэрэглэдэг Зүүн, Зүүн-Өмнөд Азийнхан урт наслалт эрүүл мэндээрээ тэргүүлж байгаа нь үүнтэй холбоотой. AЛХ нь ихэвчлэн ургамлын гаралтай зарим хүнсэнд жишээ нь самар, үр, түүнчлэн сайн чанарын маханд ч (хонь) агууллагддаг аж. Омега-3-ийн ач тус асар их. Тэдгээрээс дурдвал
-Тосны солилцоо, цусны холестериний төвшнийг зохицуулна
-Дархлаа, мэдрэл, зүрх-судасны тогтолцооны тэнцвэрийг тогтворжуулна;
-Үрэвсэл эсэргүүцэгч простагландиний боловсролтыг нэмэгдүүлнэ;
-Судас бөглөх аюултай цусны ялтсын наалдалтаас сэргийлнэ;
-Тархи, нүдний бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болж өгч, хэвийн үйл ажиллагааг нь хангана;
-Арьсны өвчлөлийг эмчлэхэд
-Ходоод, 12 хуруу гэдэсний шархыг эмчлэхэд
-Жин хасах хөтөлбөрийн үед хэрэглэхэд
-Үе мөчний үрэвсэл (артрит), үений бодисын солилцооны зөрчил (артроз), яс-мөгөөрсний бодисын солилцооны зөрчил(остеохондроз) зэрэг эмгэгтнүүдэд сайн нөлөөтэй ажээ.
Хүний биед хамгийн их ашиг тустай тосыг өдөр тутмын хоол хүнсэндээ оруулах ёстой бөгөөд ингэснээр таны бие организмын хэвийн үйл ажиллагааг хангаж, эрүүл, эрч хүчтэй, залуу байж чадна.