Зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхойтой төрсөн Тэмүүлэн (нэрийг өөрчлөв) хүү нэг нас хүрээд хагалгаа хийлгэх болов. Уг нь зүрхний цоорхойн хэмжээ нь маш жижиг буюу 0.4 мм байсан тул эмч нар битүүрэх магадлалтай гэж үзжээ. Ханиад хүргэж болохгүй, аль болох уйлуулахгүй байвал энэ төрлийн жижиг хэмжээтэй цоорхой ямар нэгэн эмчилгээ шаардахгүйгээр эдгэрдэг аж.
Тэмүүлэнгийн ээж хүүдээ өвчин тусгачихгүй юм сан гэж хэрэндээ хичээх ч Улаанбаатарын утаа, орчны бохирдол, нян, вирусээс зайлж чадна гэж үү.
Хүү сарын өмнө хоёр уушгиндаа хатгалгаатай гэсэн оноштой харьяа дүүргийнхээ Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарчээ. Гэсэн ч өвчин нь сэдэрч, өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэж буй аж. Ханиад нь эдгэрэхгүйн улмаас хүүгийн зүрх ачаалж, цоорхойн хэмжээ нь 0.8 мм болж томорчээ. Тиймээс мэс засал хийлгэхээс өөр аргагүйд хүрсэн тухайгаа хүүгийн ээж ярилаа.
Тэмүүлэнгийн өвчин монгол хүүхдүүдэд зонхилон тохиолддог хөнгөн хэлбэрийн эмгэг юм. Түүнээс ч хүнд, олон эрхтний гажигтай нялхас манайд өчнөөн төрөх болов. Албаныхан “Нэг үеэ бодвол хүүхдийн эндэгдэл буурч байгаа” гэх. Хэдий тийм ч хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх таван шалтгаанд нь төрөлхийн гажгийн эзлэх хувь өндөр хэвээр байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Тандалт судалгааны албаныхан 2014 оноос нярай хүүхдүүд төрөлхийн гажигтай, эсэхийг тогтоож, бүртгэж эхэлсэн бол 2017 оноос тав хүртэлх насны бүх хүүхдийг үүнд хамруулах болжээ.
Төрөлхийн гажиг гэдэг нь хүүхдийг ураг байхад нь, эсвэл төрөх үед нь, заримдаа том болсон хойно нь оношлогддог бодисын солилцооны эмгэг аж. Тус төвийнхний 2018 онд хэвлүүлсэн “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдэл, төрөлхийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа”-ны тайланд дурдсанаар 1000 амьд төрөлтөд гажгийн тохиолдол улсын дунджаар 8.1 байгаа аж. 2014-2017 онд улсын хэмжээнд 2561 нярай гажигтай төржээ. Тэгвэл өнгөрсөн онд 500 гаруй хүүхэд эхээсээ ийм оноштой мэндэлсэн байх юм. Хүйсээр авч үзвэл бага жинтэй хөвгүүд илүүтэй эндэж байгааг дээрх судалгаанд дурджээ. Тодруулбал, нярайн эндэгдлийн шалтгааны 55 орчим хувь нь төрөлхийн гажгаас шалтгаалдаг аж. Олонх нь буюу 38.2 хувь нь олон эрхтний хавсарсан гажигтай, 27.5 хувь нь цусны эргэлтийн тогтолцооны, 9.4 хувь нь хоол боловсруулах, үлдсэн нь яс, булчингийн эрхтний гаралтай эмгэгийн улмаас нас барсан байна. Гурван сая гаруйхан хүн амтай манайхны хувьд төрөлхийн гажгийн тохиолдол, нас баралт ийм өндөр дүнтэй байгаа нь харамсалтай.
ЭХЭМҮТ-ийнхөн өвчтэй хүүхдүүдийн эцэг, эхийн насыг судлахад, 19-өөс доош насныхны 25.3 хувь нь яс, булчингийн эрхтний, 16.8 хувь нь сэтэрхий уруул, тагнайн гажигтай хүүхэд төрүүлсэн байна. Харин хөгшрөх тусам эл эрсдэл нэмэгдэн, олон эрхтний хавсарсан гажиг үүсэх магадлал өндөрсөж байжээ. Төрөлхийн гажиг нь улс орон бүрт харилцан адилгүй, дийлэнхдээ нийт төрсөн хүүхдийнх нь 2-10 хувийг эзэлдэг юм байна. Тиймдээ ч дэлхий нийтэд энэ асуудал ураг зулбах, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад нялхсын өвчин, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсоор байна.
Манай улсад цусны эргэлтийн тогтолцооны гажиг тэргүүлж буй бол яс, булчингийн, олон эрхтний, уруул, тагнайн сэтэрхий, нүд, чих, хүзүү, нүүрний төрөлхийн эмгэг голдуу бүртгэгддэг аж. Түүнчлэн хоол боловсруулах, амьсгалын эрхтэн тогтолцооны, шээс ялгаруулах замын, мэдрэл, бэлэг эрхтний, хромосом, удамшлын гажигтай хүүхэд ч цөөнгүй төрөх болсон нь мэргэжлийн байгууллагынхны санааг чилээх болжээ.
Төрөлхийн гажгийг эмчлэх төгс арга нь мэс засал бөгөөд эмчилгээний зардал, эцэг, эхийнх нь хэн нэгэн хүүхдээ асрахын тулд ажилгүй болдог зэргээс шалтгаалж тухайн гэр бүлд сэтгэл зүйн болон эдийн засгийн маш том дарамт болдгийг судлаачид хэлэв.
Дэлхийд жил бүр 8.1 сая нярай төрөлхийн гажгийн улмаас энддэг бол тав хүртэлх насны 3.3 сая хүүхэд энэ шалтгаанаар хорвоог орхидог статистик бий. Мөн тооны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэгийг судалгааны олон баримтад дурджээ. Төрөлхийн гажиг нь ихэвчлэн удамшлын шалтгаантай байдаг ч эх жирэмсэн үедээ архи, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх, улаанууд, тэмбүүгийн халдвар авах, иодын дутагдалд өртөх нь эрсдэлийг улам нэмэгдүүлдэг аж. “Хүнд хэлбэрийн гажигтай хүүхэд амьдарсан тохиолдолд бие, сэтгэц, хараа, сонсголын бэрхшээлтэй үлдэхийг үгүйсгэхгүй” гэж эмч нар хэлсэн.
Манай улсад 2014 оноос хойш нярай үедээ оношлогдсон, төрөлхийн гажигтай хүүхдүүдийн 600 орчим нь хүн болоогүйг “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдэл, төрөлхийн гажгийн тархвар зүйн бүрдэл судалгаа”-нд улаанаар тэмдэглэжээ. Эл эмгэгийн дийлэнхийнх нь шалтгаан тодорхойгүй ч 60 орчим хувиас нь сэргийлэх боломжтой гэж ДЭМБ үздэг. Сүүлийн жилүүдэд олон улсад төрөлхийн гажгаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр зарим нэг эмгэгийг бууруулж чаджээ. Тухайлбал, эрсдэлтэй бүлгийнхэнд удам зүйн зөвлөгөө өгөх, шинжилгээ хийх, эрүүл мэндийн боловсрол олгохын чухлыг нийгмийн бүх шатны байгууллагад ойлгуулж, хэрэгжүүлэх нь үр дүнтэйд тооцогдож байна. Харин манайд уг өвчнөөс сэргийлэх ажлууд учир дутагдалтай, оношлогдсоныг нь бүртгэж суухаас өөрөөр дорвитой хөдөлдөггүй.
Судалгааны баримтуудаас харвал, бага, дунд орлоготой улс, орнуудад цусны эргэлтийн тогтолцооны эмгэгүүд, нүд, арьс, Дауны хам шинж, мэдрэлийн гуурсны гажиг өндөр тохиолддог юм билээ. Тодруулбал, манайх шиг хөгжиж буй орнуудад төрөлхийн гажгийн тархалт өндөр хөгжилтэй улсуудынхаас 20 хувиар их байна. Багачууд нь хүнд хэлбэрийн гажигтай төрөх магадлал өндөр, эндэх нь ч элбэг байдаг нь хүүхдийн тусламж, үйлчилгээг хангалтгүй үзүүлдэгтэй холбоотой аж. Манай улсад төрөлхийн гажгийн түвшин бүс нутгаас хамааран харилцан адилгүй байгааг зургаас харна уу. 1000 амьд төрөлтөд Орхон аймагт 13.2, Булганд 8.6, Баянхонгорт 8.5 бүртгэгдсэн нь зарим аймагт өвчлөл улсын дунджаас өндөр байгааг илтгэнэ.
Төрөлхийн гажигт дараах хүчин зүйл нөлөөлж буйг мэргэжлийнхэн судалж, тогтоожээ. Ураг садантайгаа гэр бүл болох нь маш аюултай. Зарим улс оронд ийм гэрлэлт нь ёс заншил болтлоо гүнзгийрсэн байдаг бөгөөд дэлхийн хүн амын 20 хувь нь цусан төрлийнхөнтэйгөө ураг барилддаг байна. Манайд ч цус ойртолт гэх нэр томьёо бий болж, төрөлхийн гажгийн тархалтыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээнд нөлөөлж буй гэх. Үүнээс гадна эцэг, эхийн нас чухал гэдгийг ЭХЭМҮТ-ийн Анагаахын удам зүйн лабораторийн эрхлэгч П.Жамъян хэлэв. Эх хожуу насанд жирэмслэх нь хромосомын гажиг, тэр дундаа Дауны хам шинжтэй хүүхэд төрүүлэх эрсдэл өндөр байдаг аж.
Шилжилт хөдөлгөөн төрөлхийн гажгийн тархалтыг нэмэгдүүлэх бас нэгэн шалтгаан болдог гэнэ. Улаанбаатарт улсын хүн амын тал шахам хувь нь амьдардаг. Жил ирэх тусам нийслэлийн хүн амын тоо олширч, зүрх, судасны өвчин, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, удамшлын шалтгаантай өвчнүүдийг “тордсоор” байна.
Энэ бүхнээс илүүтэй анхаарах чухал асуудлын нэг нь дээр дурдсанчлан хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж юм. Буурай болон хөгжиж буй улсад энэ төрлийн тусламж муугаас төрөлхийн гажигтай хүүхдүүдийн олонх нь оношлогдож амжилгүй энддэг аж.
Хүүхдийн өвчин, эндэгдэл аль ч нийгмийн үед тулгамдсан асуудал байсаар ирсэн. Гэвч төр, засаг дорвитой арга хэмжээ авахгүй өдий хүрлээ. Эцэг, эхчүүд олон нийтээс хандив гуйж, хүүхдээ гадаадад эмчлүүлдэг үзэгдэл бий болоод удав. Эцсийн эцэст төрийн өмнөөс иргэд мөнгө өгөх ёсгүй. Эрүүл амьдрах эрхэд нь халдсаныхаа төлөө төр, засаг иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг баймаар. Эмчилгээний зардалд нь нэмэр хандив өгдөг болох сон.