Манай улс 2006 оноос хойш татварын хуулиа шинэчлээгүй. Харин мэс ажилбар гэмээр жижиг сажиг нэмэлт, өөрчлөлт олныг хийсэн. Оны үнээр, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2006 онд 4.9 их наяд төгрөг байжээ. Тэгвэл өнгөрсөн онд 32.1 их наяд төгрөгт хүрэв. Татварын хуулийг шинэчлэн найруулснаас хойш 13 жилийн хугацаанд эдийн засаг зургаа дахин тэлсэн байна. Уул уурхайн салбар, түүнийг дагасан бизнес эдийн засагт жин дарж, бүтэц нь ч өөрчлөгдсөн. Аж ахуйн нэгжүүдийн орлого ч тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Тиймээс татварын багц хуулийг эдийн засгийн нөхцөлтэйгөө уялдуулан өөрчлөх нь зүйтэй.
Татварын багц хуулийг шинэчлэн найруулахдаа “Нэгдүгээрт, эдийн засгийг дэмжих зорилго агуулж байгаа. Энэ зорилгын хүрээнд бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын өрсөлдөхүйц байдал, экспорт, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах гэх мэт зохицуулалт тусгасан. Ерөнхийдөө эдийн засаг, бизнесийн суурь орчныг сайжруулах зорилготой юм. Хоёрдугаарт, хуулийн дагуу ногдуулсан татвараа бүрэн хураах, тэгш шударга байдлыг бий болгох зорилт тавьсан. Гуравдугаарт, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татвар төлөгчдийг дэмжих зорилго тавилаа” гэж Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн тайлбарласан. Хуулийн шинэчлэлийн дээрх зарчимтай хэн ч маргахгүй биз.
Мөн Татварын багц хуулийг шинэчлэх нэг шаардлага нь гадаад орчноос үүдэлтэй. Манай улсыг Европын Холбооны “хар жагсаалт”-д багтаасан. Монголчууд татварын орчноо дэлхий нийтийн нэвтрүүлсэн дэвшилт стандартад хүргэнэ гэж амлан “хар жагсаалт”-аас хасагдсан юм. Татварын багц хуулиа энэ онд багтаан шинэчлэн найруулж, УИХ-аар батлуулахгүй бол хэцүү нэр зүүхэд ойрхон байлаа. Ерөнхийдөө татварын орчноо дэлхийн жишигт хүргэх шахалт монголчуудад ирсэн гэсэн үг. Олон улсын сайн жишгийг нэвтрүүлэх нь ашиг тусаа өгөх нь мэдээж. Тэгэхээр гомдоллоод байх учиргүй. Татварын хуулийг шинэчлэн найруулж, батлуулснаар нэг биш, нэлээд хэдэн алхам урагшилна гэж Сангийн яамныхан ярьсан удаатай.
Гэтэл нэлээд хэдэн алхам урагшлуулсан татварын багц хуулийн шинэчлэл, бусад дагалдах хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль ёсны эрхийн дагуу бүхэлд нь хориг тавьчихлаа. Тэрбээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зургаа, Татварын ерөнхий хуулийн мөн зургаа, Хувь хүний орлогын албан татварын хоёр заалтыг үндэслэн хориг тавьжээ. Хориг тавьсан үндэслэлээ тайлбарлахдаа цаад учир шалтгааныг нь сайтар судлаагүй, нэг талыг барьсан тайлбар зүүсэн нь анзаарагдав. Хуулийн үндсэн зарчим эдийн засаг, нийгэмд хохирол учруулахаар байсан бол бүхэлд нь хориг тавих нь зүйн хэрэг. Гэтэл цөөн хэдэн заалтыг үндэслэл болгох нь бүхэлд нь хориг тавих шалтгаан мөн үү гэдэг нь эргэлзээтэй.
Хуулийн заалт хуудуутай, улс орны эрх ашиг, нийгэм, эдийн засагт хохиролтой бол хэзээ ч засаж залруулж болно. Ерөнхийлөгчид хуулийн төсөл санаачлах эрх бий. Тиймээс хуулийн төслийн хийдэл, алдааг засаж залруулах эрх нь бүрэн нээлттэй. Татварын багц хуулийн төслийг ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ. Шинэчлэн найруулж, батлуулсан хуулийн дагуу дараа жилийн төсвийг төлөвлөнө. Шинэчилсэн хуулийн алдаа, оноо ирэх жил илүү тодорхой болох юм. Амьдралд туршсаны дараа алдаа, оноог нь дэнслэх нь зүйтэй гэж бодож байна. Гэтэл бүхэлд нь хориг тавьсан нь улс төрийн хоосон сүржигнэл шиг харагдлаа. Үндэслэлээ тайлбарлахдаа “тэгж үзэж болохоор байна”, “тийм шинжтэй байна”, “ингэх магадлалтай” гэсэн үгээр төгсгөсөн нь үүнийг улам батлав. Үндэслэл бол хөдөлшгүй тооцоо, судалгаанд суурилах ёстой нь гарцаагүй.
Татварын багц хуулийг шинэчлэн найруулсан төслийг удаан хугацаанд олон нийтээр хэлэлцүүлсэн, саналыг нь авсан. Татвар бол хувь хүн, аж ахуйн нэгжийн ашгийг багасгадаг зүйл. Тиймээс хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх санал давамгайлах нь зайлшгүй. Гэхдээ хүссэн бүхэнд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх нь учир дутагдалтай. Татварын хуульд таатай ханддаг нэг ч хүн байхгүй. Ашиг орлого олж л байгаа бол улс, нийгмийнхээ сайн сайхны төлөө татвар төлөх л учиртай. Иймээс татварын хуулийг батлахдаа маш болгоомжтой хандаж, олон талын байр суурийг сонсох нь зүй. Тиймдээ ч татварын багц хуулийг шинэчилсэн найруулгын төслийг удаан хугацаанд олон нийтээр хэлэлцүүлсэн болов уу. Хэлэлцүүлгийн үеэр гарсан оновчтой саналуудыг хуулийн төсөлд бүхэлд нь тусгасан гэж Сангийн яамныхан тайлбарладаг. Гэтэл Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсон О.Амартүвшин татварын багц хуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн. Уг нь өмнөх ерөнхийлөгч Б.Лхагважав татварын хуулийг шинэчлүүлэхээр олон жил идэвхтэй ажиллаж, зорилгодоо хүрсэн билээ. МҮХАҮТ-ын удирдлага хуулийг эсэргүүцсэн хувь хүний “тоглолт” ороод ирлээ гэсэн сэтгэгдэл төрүүлснийг нуух юун.
Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан үндэслэлдээ “МҮХАҮТ-аас татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн УИХ-аар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Засгийн газартай хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн. Гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон татварын багц хуулиас Татварын ерөнхий болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг УИХ-ын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байв. Хориг тавих нэг үндэлэл МҮХАҮТ-ын санал болжээ. Хуулийн дагуу УИХ хоригийг хүлээж авах, эсэхийг хэлэлцэнэ. Хүлээж авбал хуулийг дахин хэлэлцэх учиртай. Мэдээж энэ үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбар анхаарал татах нь дамжиггүй.
Тэрбээр “Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй. Үндэслэлгүй, доторх агуулгыг нь ойлгоогүй хориг тавьсан байна” гэсэн юм. Ерөнхийлөгчийн хоригт татварын хөнгөлөлт нь “Оюутолгой” компанид бага татвар төлж, давуу тал өгөх санаатай байсан гэсэн үндэслэл бий.
...Аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа тайлан гаргаад нэг хувийн татвар төлөх, эсвэл улирал бүр тайлан гаргаад бусад хөнгөлөлт чөлөөлөлтөө эдлэх сонголт өгсөн. Тиймээс бусад боломжийг хаасан зүйл байхгүй...
Тэгвэл Сангийн сайд татварын хөнгөлөлт ашигт малтмал, цацраг идэвхт бодис, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нөлөөлөхгүй гэж хуульд заасан гэж няцаав. Мөн “Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг дордуулсан гэсэн үндэслэл гаргасан. Үүнийг Ч.Хүрэлбаатар сайд “Европын Холбооноос “хар жагсаалт”-д Монгол Улс татварын асуудлаар орсон. Үнэ шилжихийн эсрэг заалт Монголын татварын хуульд байхгүй байна. Үндэстэн дамнасан корпорацуудад татвараас бултах боломж олголоо гэсэн үндэслэл “хар жагсаалт”-д оруулах нэг нөхцөл болсон. Иймээс шаардлагад нь нийцүүлэх хэрэг гарсан” гэж тайлбарлав. Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос 30 хувийн татвар авдаг байсныг 10 болгон бууруулж дордуулсан гэсэн үндэслэлийг хориг тавихдаа Ерөнхийлөгч гаргасан. УИХ-аас 2018 онд иргэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлбэл 10 хувийн татвар хураана гэж заажээ. Гэтэл компаниуд татвараас зугтахын тулд иргэнд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх болсон байна. Мөн олон аж ахуйн нэгжээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулсны татварыг 10 хувь болгож өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн аж. Тиймээс хүсэлтийг нь хуулийн төсөлд тусгаж өгсөн гэнэ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр татварын тайлан гаргахаар хуульчилсныг Ерөнхийлөгч Х.Баттулга мөн буруушаасан. Тэгвэл Ч.Хүрэлбаатар сайд “Тусгай зөвшөөрөл болгоноор тайлан авахгүй бол ашигтай ажилласнаа ашиггүйтэйгээ хольж бичээд татвар төлөхгүй байна. Манай яам тусгай зөвшөөрөл болгоноор тайлан аваад ашгийн татвар авна гэж тооцсон” гэв. Үүнээс гадна арилжааны банкууд гадаадаас санхүүгийн эх үүсвэр татахад 10 хувийн суутгах татвар ногдуулдаг байсныг тав болгосон нь буруу гэж үзсэн. Тэгвэл Сангийн яамныхан гадаад эх үүсвэрийн зардлыг бууруулах нь цаашлаад зээлийн хүүг багасна гэж тооцсон учраас ийм зохицуулалт хийсэн хэмээн тайлбарлав. Жилийн 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн татвар төлөх боломж олгоод бусад хөнгөлөлтөд хамрагдах нөхцөлийг нь хаасан гэж Ерөнхийлөгч үзсэн. Сангийн сайд “Ийм аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа тайлан гаргаад нэг хувийн татвар төлөх, эсвэл улирал бүр тайлан гаргаад бусад хөнгөлөлт чөлөөлөлтөө эдлэх сонголт өгсөн. Тиймээс бусад боломжийг хаасан зүйл байхгүй” гэж тайлбарласан юм. Ерөнхийлөгчийн хориг тавихдаа үндэслэл болгосон заалтуудыг Сангийн сайд ийн няцаалаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт таагүй ханддагийг олон нийт ярих болсон. Түүний санаачилсан ажлыг гацаах гэсэн хувийн сонирхол Ерөнхийлөгчид байдаг юм болов уу. Хоригийн хохирогч ч тодорхой бололтой. Харин хожигч нь хэн бэ.