Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад өдгөө 14-18 насны 30 орчим хүүхэд хүмүүжиж байна. Улаанбаатар хот болон 21 аймгаас ирсэн тэдний олонх нь эцэг, эхийнхээ хайхрамжгүй байдлаас болж гэмт хэрэг үйлджээ.
Нэг нь ирж, нөгөө нь явсаар жилд 200 гаруй хүүхэд нийгмээс тусгаарлагддаг гэнэ. Хорих ял эдэлж байгаа өсвөр насныхан хөдөлмөр эрхлэх боломжгүй. Харин сургалтад хамрагдаж, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. 2018 онд давхардсан тоогоор 120 хүүхэд дуу хөгжим, зураг, нарийн боов, эсгий урлал, бетон арматур, гагнуур, өрөг угсрагчийн сургалтад хамрагдаж, чадамжийн гэрчилгээтэй болсон байна. Үүнээс гадна тэд ерөнхий боловсролын 110 дугаар сургуульд суралцдаг, элсэлтийн ерөнхий шалгалтаа ч өгдөг юм байна. Өнгөрсөн жил дөрвөн хүүхэд уг шалгалтад 600-гаас дээш оноо авч их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах болзол хангажээ. Өдгөө элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй хүүхдүүд ч сайхан мэдээ дуулгах нь лавтай хэмээн 110 дугаар сургуулийн багш нар ярьж байлаа. Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамирын хэлснээр тэнд хүмүүжигчдийн олонх нь амьжиргааны түвшин дээгүүр айлын хүүхэд аж. Тэдний нэг, 18 настай С-тэй ярилцлаа. Хэдийгээр С 18 нас хүрсэн ч дүүргийн шүүхээс түүнийг засарч хүмүүжсэн гэж үзээд суллагдтал нь тус байгууллагад үлдээхээр шийдвэрлэжээ.
-Сайн байна уу. Энд яагаад ирсэн талаараа ярьж болох уу?
-Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ирээд нэг жил орчим болж байна. Хулгай хийсэн учраас шүүхээс хоёр жил, зургаан сар, 15 хоногийн ял сонссон.
-Ам бүл хэдүүлээ вэ?
-Аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Ах, эгч хоёр тус тусын амьдралаа хөөсөн.
-Уучлаарай, юу чамайг ийм тоогүй хэрэг хийхэд хүргэв ээ?
-Би компьютер тоглоомын хамааралтай. Тоглоомын газарт очихын тулд хулгай хийсэн.
-Хэдэн настайгаасаа компьютер тоглоомд хорхойсож эхэлсэн бэ. Энэ нь сэтгэцийн өвчтэй болгодог гэж мэдэх үү?
-Таван настайгаа тоглосон. Анх гэрийн ойролцоо хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож байсан юм. Найзууд компьютероор тоглоё гэхээр нь дагаад явсан. Ингээд л цахим тоглоомд донтсон. Сүүлдээ ээж, ааваас зугтааж, тоглоомын газарт хонодог болсон.
-Таван настай хүүхэд ганцаараа ийш тийш яваад төөрөхгүй гэж үү, гадуур хонохдоо айгаагүй юу?
-Би ой тогтоолт сайтай. Нэг явсан замаа эргээд олчихдог. Гэрээсээ гараад хаашаа ч явсан эргээд ирж чаддаг байсан.
-Аав, ээж нь хориглодоггүй юу?
-Тэд минь аргадаж гуйгаад, зодоод ч намайг зогсоож дийлээгүй. Тэр муухай тоглоомд ингэж их донтсон.
-Гадуур тэнээд байхаар цагдаа нарын анхааралд өртсөн байлгүй дээ?
-Цагдаа нар намайг анх Хаяг тогтоох төвд аваачсан. Дараа нь уг төв татан буугдаж, Баянзүрх дүүргийн Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор луу шилжсэн юм. Багаасаа хөлбөмбөг сонирхдог тул тэнд суралцах хугацаандаа улсын лигт багтаж чадсан. Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. Бусад хүүхэдтэй харьцуулахад намхан тул олон тэмцээнд оролцож чадаагүй. Гадаадад болох тоглолтоос бүр хасагдсан. Нөгөө талаар тэмцээнээс бусад үед зав л гарвал компьютер тоглоомд автдаг нь амжилт буурахад нөлөөлсөн байх.
-Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байсан, одоо ч тэндээ байгаа ч амжилттай яваа олон хүүхдийг мэднэ. Чи яагаад тэдний нэг болж чадсангүй вэ?
-Хөлбөмбөгөөр амжилт гаргаж, Тайвань руу аялж байсан. Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байсан найзуудаас сайн сайхан яваа хүүхэд олон бий. Тэднээр бахархдаг. Германд, Бээжинд, Хөх хотод цөөнгүй нь тэтгэлгээр суралцаж байна. Энд ирээд их зүйлийг ойлгосон. Хүмүүс намайг цээж сайтай гэдэг. Энэ давуу талаа зөвөөр ашиглаагүйдээ харамсаад байх юм. Хүүхдүүд хичээлээ давтаж, хөгжмийн сургуулилалт хийж байхад би зөвхөн тоглохыг л чухалчилсан. Хичээлээс чөлөө аваад юм уу, таслаад тоглодог байлаа.
-Бидний сууж буй номын сан маш олон номтой юм. Эдгээрээс уншсан уу?
-Хоригдсоноосоо хойш жилийн хугацаанд 37 ном уншсан. Бас тэмдэглэл хөтөлсөн. Бүгд уран зохиолын ном. Бусад ном товхимлыг оруулбал уншсан номын тоо нэмэгдэх биз. Теодор Драйзерын “Америкийн эмгэнэлт явдал” их таалагдсан. Мөн УИХ-ын гишүүн байсан Ц.Оюунгэрэлийн “Миний ноу хау” ном дажгүй юм билээ. Ерөнхийдөө эрх зүй болон уран зохиолын ном их уншдаг. Зөв хүн болж төлөвших нь зөвхөн надаас шалтгаална гэдгийг ойлгож байгаа.
-Өмнө нь ном уншдаг байсан уу?
-Үгүй ээ. Одоо маш их уншиж байна. Хайран цаг хугацааг алдсандаа харамсах юм. Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад ирснээсээ хойш номд дурласан. Энд байх хугацаандаа өөрийгөө маш сайн ойлгохыг хичээж хичээж байна.
-Одоо хэддүгээр анги вэ?
-110 дугаар сургуулийн есдүгээр ангид сурдаг. Нийгэм болон түүх, математикийн хичээлд илүү сонирхолтой. Физик хэтэрхий олон томьёотой тул жаахан хэцүү байна. Зургадугаар ангиасаа сургуулиа хаясан минь нөлөөлсөн байх. Анх “Эрдмийн өргөө” цогцолборт нэгдүгээр ангид элссэн. Дараа нь “Амгалан” цогцолборт шилжин суралцлаа. Хичээл тараад шууд тоглоомын газар луу явдаг болж, сүүлдээ сургуулиа хаясан. Нэг мэдсэн 12 жил тоглосон байна.
-Баригдахаасаа өмнө хаана амьдарч байсан бэ?
-Хоригдохоосоо зургаан сарын өмнө ээж дээрээ очсон. Туул голд сэлж байгаад буцах замдаа Баянзүрхийн товчооны ойролцоо нэг айл эзгүй байхыг харсан. Ингээд хулгай хийх сэдэл төрж, цоожийг нь эвдэж ороод гар утас, зөөврийн компьютер, зурагт, пүүз зэрэг зүйл авсан.
-Айлаас авсан зүйлээ яав?
-Тал үнээр нь зарсан. Хямдаар зардаг тул хүмүүс дуртай авдаг. Гэхдээ зарим нь яагаад ийм хямд байгаа юм бэ гэж асуудаг. Ихэнхдээ надад итгэдэг. Эхний удаа баригдаагүй. Хоёр дахь дээрээ ч бас. Харин гурав дахь удаагаа хулгай хийгээд баригдсан. Шүүх хурал болох үед өмнөх хоёр хулгайн хэрэг ч илэрсэн.
-Багш нар чинь “Сурлагатай хүүхэд” гээд чамд их л ам сайтай байна. Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
-Хүнсний чиглэлээр хувийн бизнес хийх төлөвлөгөөтэй. Ямар мэргэжлээр суралцах талаараа багш нартайгаа зөвлөлдсөн. Бас их, дээд сургуулиуд, МСҮТ-ийн танилцуулга мэдээлэл авчирч өгөөч гэж тэднээс гуйсан. Олон материалтай танилцаад Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн тогооч, нарийн боовчны ангид сурахаар төлөвлөсөн. МСҮТ төгсөөд нэг хэсэг ажил хийх байх. Хуримтлалтай болох шаардлагатай. Дараа нь хүссэнээрээ хувийн зоогийн газраа нээх болов уу. Эрэгтэй хүмүүс ихэвчлэн ахлах тогооч байдгийг анзаарсан уу. Үнэрлэх мэдрэмж нь эмэгтэйчүүдээс илүү болохоор тэр шүү дээ. Энэ чиглэлийн мэргэжлийн ном, танилцуулга их уншиж байгаа. Хоол хийх дуртай. Гадуур тэнэж байгаад өлссөн үедээ гэрээ эзгүйчилж ирээд хоол хийж идчихээд явдаг байв.
-Эндээс гараад гэртээ очих уу. Хүмүүс яаж хандах бол гэж эмээдэг үү?
-Эндээс гарсан ч ганцаардахаас айхгүй байна. Эмзэглэх юм алга. Угаас би хүмүүстэй нэг их дотно харилцаад байдаггүй. Хэн нэгэн надтай чин сэтгэлээсээ ярилцах, намайг сонсох үед л сэтгэлээ нээдэг. Хүн хүн дээр очиж яриа дэлгэдэггүй.
-Ээж нь, гэр бүлийнхэн чинь их л шаналж байгаа байх даа?
-Ээж сард 3-4 удаа ирж уулздаг. Аав хөл муутай учраас арай цөөн ирдэг юм. Аав минь ихэнхдээ ах, эгчийн хүүхдийг хараад үлддэг. Гэр, бүлийнхэнтэйгээ тийм ч дотно биш. Хамт байсан хугацаа бага учраас тэр байх. Эндээс гарахаараа хамт амьдарна. Алдсан цаг хугацаагаа нөхөх хүсэлтэй.