А ангийнхаа охиныг бусадтай нийлж, хүчирхийлсний улмаас хоригдож буй. Эмзэг, ариухан үе тэнгийн охиноо шившиглэж, гутаасан үйлдэлдээ тэрбээр харамсаж, эндээс гараад нийгэм, хүмүүс намайг хүлээж авах болов уу гэсэн айдас түгшүүрт бодлоор өдөр хоногийг өнгөрөөж байна. Хуучнаар хүүхдийн хорих 411 дүгээр анги буюу Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын 110 дугаар сургуульд суралцаж буй тэрбээр
“Охидтой зүй бусаар харилцаж болохгүйг мэднэ. Итгэл үнэмшилдээ эзэн байж чадалгүй бусдын үгэнд автсандаа харамсдаг. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг үнэн юм. Муу хүүхэд байсандаа харамсаад барахгүй”
хэмээн ярьсан. Түүнтэй хамт ангийнх нь хэд хэдэн хүүхэд тэнд хоригдож байгаа аж. Үүн шиг нэг ангийн найм, есөн хүүхэд хүчингийн хэрэгт холбогдон ирэх тохиолдол нэг биш удаа гарчээ. Хохирогч нь голдуу ангийнх нь охин байдаг гэнэ. Шүүгч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан ч өсвөр насныхны дунд хүчингийн хэрэг өсөх хандлагатай байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэв.
Энэ байдал хэр газар авсныг сурвалжлахаар Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад очлоо. Тус байгууллагад хүмүүжигчдийн дунд хүчингийн хэрэг үйлдсэн хүүхэд цөөнгүй байлаа. Байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамирын хэлснээр эдгээр хүүхдийн ар гэрийнхэн нь боломжийн амьдралтай, дээд боловсролтой гэнэ. Тийм атлаа томчууд багачуудыг хайхралгүй, ийм байдалд хүргэснийг онцлов. Тодруулбал, хүүхдээ хэрэгт холбогдсон хойно нь “Юу хийж явсныг нь мэдээгүй. Хүн шиг амьдраасай гэсэндээ байр, машинтай болгохын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж, нойр, хоолоо умартан зүтгэсэн” зэргээр гомдоллодог аж.
Тун цөөн эцэг, эх л буруугаа хүлээн зөвшөөрч “Бид анхаараагүйгээс ийм хэрэг боллоо. Хүүхдийнхээ ирээдүйг үгүй хийчихлээ” хэмээн харуусдаг юм байна. Хүү, охин гэлтгүй өсвөр насны хүүхдээ анхаарч, тэдэнтэй ярилцаж, сэтгэл зүрхийг нь уудлах зайлшгүй шаардлагатай цаг үед тэд амьдарч байна. Өглөө сэрэх бүртээ ой тойнд оромгүй гажууд, муухай хэргийн талаар сонсож, сэтгэл чилээсэн түгшүүртэй нийгэмд хүүхдүүд өсөж буй. Гэртээ ирэхэд эцэг, эх нь эзгүй шахам, сургуульдаа очоод багш нар хичээл заахаас хэтрэхгүй, хүн байхын тухай ярихгүй байгаа нь хүүхдүүд өөрийн эрхгүй цахим орчинд уусахад хүргэдэг аж.
Эсвэл тэд үеийнхэнтэйгээ үзэл бодлоо хуваалцдаг. Төлөвшөөгүй, зүгээр л “Би том хүн болсон” хэмээн өөрийгөө тоож, томчуудын хийдгийг хийхээр шунан дурлаж байгаа өсвөр үеийнхэн нэг нэгэндээ буруу зөвлөгөө өгч хамтдаа хэрэгтэн болох нь ихэсжээ. Сэтгэл судлаачдын хэлснээр, хүүхдүүд 14 нас хүрээд насанд хүрэгчдийн гадаад онцлог шинж, төрхийг дуурайж эхэлдэг байна. Тухайлбал, тамхи татах, тэдэнтэй адил хувцаслах, уруулаа будах, үерхэлд яарах, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэв маягийг нь дагадаг аж. Энэ нь “том хүн” болох хамгийн хялбар боловч аюултай арга зам гэнэ. Эгзэгтэй энэ үед нь хүүхэдтэй муухай харилцаж, буруу үлгэр дуурайл үзүүлбэл хуурай өвсөнд гал тавихтай адил буцааж болшгүй, нөхөж баршгүй сөрөг үр дагаварт хүргэдэг байна.
Нөгөө талаас ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг нэг нэмж, бас хассаныг зарим хүн шүүмжилдэг. Тодруулбал, улстөрчид зөв, буруу гэж маргасаар эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд оруулахыг нэг хэсэг зогсоосныг хүн бүр мэднэ. “Шанд” нь өсвөр насны өдий төдий хүүхэд бэлгийн харьцаанд орж, үр хөндүүлсэн гашуун сургамж бэлхнээ бий. Мөн хөвгүүд хожмоо ямар сөрөг үр дагавар гарахыг төсөөлөхгүй, бэлгийн харьцаанд ор гэж бусдыг уруу татаж, гэмт хэрэгтэн болгодог гэнэ. Тиймээс 2018-2019 оны хичээлийн жилд эргэн сэргээсэн эрүүл мэндийн хичээлээс гадна эрх зүйн хичээл заах шаардлагатай байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан хэлсэн юм. Эрүүл мэнд, эрх зүйн мэдлэггүй өсвөр насныхан үерхэлд яарч, зарим нь үе тэнгийн охиндоо хүч хэрэглэх болжээ. Улмаар нэг нь сэтгэлдээ шархтай, нөгөө нь гартаа гавтайгаар амьдралыг үргэлжлүүлэх болдог. Хамгийн харамсалтай нь, өсвөр насандаа олсон шарх хэзээ ч анидаггүй, хожмын амьдралд нь ч сөргөөр нөлөөлдөг гэдэг. Одоогоор эрх зүйн хичээлийг нийгмийнхтэй хамтатган зааж буй. Хязгаартайгаар, бүр тодруулбал, нэг хоёр цагийн хичээлээр эрх зүйн мэдлэг олгох нь учир дутагдалтай. Тиймээс эрх зүйг нийгмийн хичээлийн нэг хэсэг бус, бие даасан хичээл болгох нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.
Шилжилтийн насанд нь тэднийг үл хайхарснаас ийм хэрэг гардаг гэдгийг дахин дурдмаар байна. Боловсролын байгууллага урьдчилан сэргийлэх хичээл заадаг, багш хүүхэдтэй ярилцдаг, аав, ээжүүд тэднийг анхаарсан бол энэ төрлийн хэрэг гарахгүй байж болох.
Томчууд анхаардаггүйгээс өсвөр насныхны зарим нь зочид буудал, цэнгээний газруудаар хэсдэг. Улмаар охид хүчингийн гэмт хэргийн хохирогч, хөвгүүд гэм зэмтэн болж насны амьдралдаа арилшгүй хар толбо үлдээж байна. Орон нутагт дунд сургуулийн дотуур байранд охид, хөвгүүдийг хамт амьдруулдаг нь хүчингийн хэрэг гарах бас нэг шалтгаан болдог юм байна. Дотуур байрууд хяналтын камергүй бөгөөд ихэвчлэн ганц багш шөнөдөө жижүүр хийдэг. Тиймээс тэнд хулгай, дээрмээс гадна хүчингийн хэрэг ч гарах нөхцөл бүрддэг аж. Ах нь дүүгээ хэдэн жилийн турш хүчирхийлж байсныг сургуулийн багш нар мэдээгүй гэх.
Энэ талаар Б.Тамир “Өсвөр насныхан хар тамхи хэрэглэх, хулгай хийх, хүчингийн хэрэг үйлдэх нь ихэслээ. Жилд 100 хүүхэд ирэхэд тал хувь нь хүчингийн хэрэг үйлдсэн байх жишээтэй. Тиймээс аав, ээжүүд хүүхдээ хүмүүжүүлэх аргаа эргээд нэг хараасай. Орчин үед хүүхэд хүмүүжүүлэх арга барил өөр болсон. Тэднийг сонсож, ярилцаж, сэтгэл рүү нь өнгийж, ойлгох шаардлага тулгарч байна. Тиймээс цаг үетэйгээ уялдсан, хүүхдийн сэтгэхүйд тохирсон аргаар хүмүүжүүлэх нь хамгийн зөв. Аав, ээжүүд хайнгаасаа болоод хүүхдээ хохироож байгааг онцолъё” хэмээв.
Тиймээс Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагынхан нээлттэй хаалганы өдрөөрөө ээж, аавуудыг урьж хүүхдүүдтэй нь уулзуулахыг чухалчлахаа больжээ. Тус байгууллагын ажилтнууд дунд сургуулиудад ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа хийж, буруу хийсэн ганц үйлдэл ирээдүйг хэрхэн хараар буддаг талаар мэдээлэл, ойлголтыг сурагчдад өгөхийг хичээх болсон байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сард нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуульд ажиллаж, хүүхдүүдтэй ярилцжээ. Мөн амжилтад хүрсэн хүмүүсийг байгууллагадаа урьж, ажил хөдөлмөрийн амт, амжилтад хүрсэн түүхийг нь яриулдаг, амьдралын ухааны илтгэл сонсгохыг чухалчлах болсон аж.
Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг. Томчууд хүчингийн хэрэгт холбогдсон, хохирогч нь балчир хүүхэд гэх мэдээлэл өдөр алгасахгүй шахам сонсогдох болсон. Эцэстээ энэ нь хүүхдүүдэд “халдварлаж” тэд томчуудыг даган дуурайж байна. Энэ бол гамшиг, үндэстний мөхөл гэлтэй. Өсвөр үеийнхэнд сайн сайхан ирээдүй, нийгмийн зөв хандлагын талаар жаахан ч гэсэн ойлгуулж, сэтгэлд нь гэрэл гэгээ тусгахгүй бол хүчирхийлэл хэмээх хаалганаас нэгхэн алхмын наана тэд бөөн бөөнөөрөө зогсчихоод эл хязгаарыг давахад бэлэн байна. Үр хүүхэдтэй хүн бүхэнд дахин анхааруулъя. Та бид ч бас хүүхдээ хүн болгох уу, эсвэл араатан болгож, ороо бусгаа энэ нийгмийн золиос болгох уу гэдэг сонголтын өмнө зогсож буйгаа сэхээрч анхаарах цаг иржээ.