Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын тухай хэлэлцлээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор болоод нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан танилцуулга хийв.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэж байжээ. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад дөрвөн удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх тав дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөг манай архитектор, инженерүүд боловсруулж, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлуулсан. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулан мөрдөж буй.
Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу зургаа дахь төлөвлөгөөг өдгөө боловсруулж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”, “Концепц”, “Ерөнхий төлөвлөгөө” гэсэн гэсэн үндсэн гурван үе шаттай хийхээр төлөвлөж ажлын хэсэг гарчээ. Өнөөдрийн зөвлөлийн хурлаар уг төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцээд, зарим үйл ажиллагааны төлөвлөгөөг хасах, уялдаа холбоогоор нь нэгтгэх, үргүй зардлыг танах, орхигдсон зарим бүтээлч ажлыг нэмээд, дахин хурлаар оруулж эцэслэхээр тогтов.
“Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол Улаанбаатар хотын амин сүнс учраас маш нухацтай хандаж, нарийн судалгаа тооцоотой эргээд гарах үр дүнтэй ажлууд хийгдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, баталсан ерөнхий төлөвлөгөөнүүдээс хийгдээгүй орхигдсон ажлуудад нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хот өөрөө цогцоороо хөгжих эдийн засгийн чадамжтай, байгаль орчны нөөцөө зөв зохистой ашигладаг, эдийн засгийн тогтвортой эрх зүйн орчинд тулгуурлан хөгжих ёстойг ажлын хэсэг сайн анхаарч, төлөвлөгөөндөө тусгаарай” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан санууллаа.