2013 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар "Улаанбаатар хотын банк"-нд эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутагт МУБИС-ийн уулзвараас “Централ тауэр” хүртэл модот гудамж буюу “Улаанбаатар зочид буудал"-ын өмнөх цэцэрлэгийг 2017 онд нийслэлийн Засаг дарга С.Батболд газрыг орчны тохижилттой, газар доорх олон давхар зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай өнөөх л банкандаа дахин эзэмшүүлж, баталгаажуулсан байсан тухай бид урд нь мэдээлсэн.
Гэвч энэ хугацаанд "Улаанбаатар хотын банк"-ныхан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул нийслэлийн Газрын албанаас 2018 оны есдүгээр сард газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгохоор болсноо мэдэгдсэн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн Нийслэлийн Хот Тохижилтын Газар нийслэлийн харьяанд эргэн ирсэн цэцэрлэгт хүрээлэнг засаж янзлах ажлаа эхлүүлсэн байна. Хувийн хэвшлийн "арчилгаанд" байсан зургаан жилийн хугацаанд уг цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэл чийдэн ажиллахаа больж, усан оргилуур нь эвдрэн, хог шороондоо дарагдан, гэмт хэрэг их хэмжээгээр гардаг газар болсон байсан гэнэ. Тиймээс ногоон байгууламжийн дутагдалд орсон нийслэл хотын НХТГ уг цэцэрлэгийн өнгийг засахын сацуу шөнийн цагаар зорчиход аюулгүй болгох зорилт тавьсан аж.