Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай өнөөдөр НҮБ-ын Тусгай илтгэгч, ноён Мишель Форстыг хүлээн авч уулзан, хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар мэдээлэл солилцлоо.
Тусгай илтгэгч Мишель Форст нь тавдугаар сарын 11-13-ны хооронд Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж гаргахаар ирсэн бөгөөд манайд ажилласан тухай тайлангаа 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах аж.
Уулзалтын эхэнд тэрбээр Европын олон оронд уламжлал болсон Хүний эрхийг хамгаалах маршыг Улаанбаатар хотод зохион байгуулдаг, эсэх талаар болон иргэдийн жагсаал цуглаан хийх асуудлыг хэрхэн хүлээж авдаг тухай нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайгаас тодруулж асуулаа. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нүүлгэн шилжүүлэх үеэр эрх нь зөрчигдөж, хохирч болзошгүй иргэдийг хэрхэн хамгаалдаг талаар хотын удирдлагаас сонирхож, мэдээлэл авсан юм.
Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Манай улсын ард иргэд эрх чөлөөний мэдрэмж сайтай хүмүүс гэж би хувьдаа боддог. Эвлэлдэн нэгдэж чаддаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Иргэдийн жагсаал цуглаан хийх эрх нээлттэй байдаг. Холбогдох дүрэм, журмаа л мөрдөөд, харьяа дүүргийнхээ Цагдаагийн газарт урьдчилж мэдэгдэн Засаг даргаасаа зөвшөөрөл авдаг. Дэд бүтэцтэй холбоотой асуудлын тухайд гэвэл иргэдийн эзэмшил газрыг зах зээлийн ханшаар худалдаж авах байдлаар тохиролцдог. Газрыг эзэмшиж байгаа тохиолдолд суурь үнээр нь худалдаж авдаг гэх мэт зохицуулалт бий. Харин хүний эрхийг хамгаалах чиглэлээр төр, засгаас гаргасан бодлоготой уялдуулан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Цаашид энэ чиглэлээрх олон улсын бодлого, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг судлаад хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээн сонирхсон асуултад нь хариуллаа.
Уулзалтын төгсгөлд Тусгай илтгэгч Мишель Форст НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулах тайланд маш хэрэгтэй мэдээлэл өгсөнд талархаад, Европын орнуудад хэрэгжүүлдэг Хүүхдүүдийн уур амьсгалын марш, Хүний эрхийг хамгаалах маршийн талаарх мэдээ материалаа манай руу хүргүүлж туршлага судлахыг хүслээ.