Амьсгаадан хэвтэх халиун буга өндийх тэнхэлгүй болжээ. Тэр дахиж босохгүй, хэвтэртээ нүд аних нь бий. Хаврын тарчиг цагаар мал, амьтан турж туйлдан сульддаг. Чухам ийм ядруу амьтны эврийг авах гэж хүмүүс машин, мотоциклоор эцтэл нь хөөж бахардуулан унагадаг аж. Ингээд хөдлөх тэнхэлгүй болсон бугын эврийг хөрөөдөж, эсвэл сүхээр хуга цохиж авдаг гэнэ.
Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын заагт, Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог Хустайн байгалийн цогцолбор газар (БЦГ)-ыг өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүлчдийн баг зорьж очлоо. Ийн зорих болсон шалтгаан нь яг өдийд халиун бугын ясан эвэр түүгчдийн хор хөнөөлөөр хөөрхий амьтад хэрхэн хорогдож буйн учир шалтгааныг олон нийтэд хүргэж, мэдээлэхэд байв.
Баруун өмнөөс зүүн хойшоо сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр бөгөөд Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Хустайн нурууг улсын тусгай хамгаалалтад авсан анхны зорилго нь дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу тахийг хамгаалж, сэргээн нутагшуулан, тайван, тааламжит амьдрах орчныг бий болгох явдал байв. Ийнхүү тус газарт амьдрах таатай орчин бүрдэхтэй зэрэгцээд амьтдын тоо толгой, нягтшил огцом өсжээ. Тэрчлэн өмнө нь бүртгэгдээгүй, байгаагүй амьтад хүртэл нутагшин идээших болсон байна. 1993 онд 50 гаруйхан байсан бугын тоо толгой өнгөрсөн 26 жилд 26 дахин өсөж 1300-д хүрчээ.
Хустайг хамгаалалтад авах үед цагаан зээр, аргаль хонь байсангүй. 2000-аад оны эхээр тус нуруугаар аргаль зөвхөн хавар, намрын нүүдлийн үедээ л дайрч өнгөрдөг байжээ. Харин одоо 50 гаруй аргаль жилийн аль ч улиралд идээшин нутагших болов. Мөн 1990-ээд оны дундуур төвийн бүсийг дайрсан зээрийн томоохон нүүдэл явсан бөгөөд үүнээс цөөн тооны зээр үлдсэн нь өдгөө 600 гаруй толгой болжээ. Одоогоор Хустайн БЦГ нь дэлхийн хамгийн олон тахьтай, Монголын хамгийн олон бугатай, тарваганы хамгийн өндөр нягтшилтай нутаг болсон байна.
Харамсалтай нь, уур амьсгалын өөрчлөлт тус бүс нутагт хүчтэй мэдрэгдээд эхэлжээ. Хусан ой нь устаад зогсохгүй булаг шанд нь ширгэж хатан алга болж байгаа гэнэ. Цаашлаад ургамлын ургац буурч, зүйлийн бүрдэл нь хомсдож эхэлжээ. Ялангуяа мал орсон газарт үлийн цагаан оготны тархалт эрс нэмэгдсэн байна.
Ц.ЦЭРЭНДУЛАМ (Хустайн БЦГ-ын Судалгаа, сургалтын албаны ургамлын биологич):
-Уг нь тусгай хамгаалалттай газарт мал бэлчээхийг хориглодог. Гэвч гурван сумын 80 гаруй мянган малаас хамгаална гэдэг маш хэцүү. Малчид мэдсээр байж манай газар луу малаа оруулчихна. Жишээ нь, нэг хонь өдөрт 1.5 кг өвс иддэг гэдэг. Тэгэхээр 1000 хонь ганцхан өдөрт 1500 кг өвс иддэг гэсэн үг. Малчид байгалиас ийм их үйлчилгээ авч, бүгдийг үнэгүй хүртдэг хэрнээ хамгаалах талд хэтэрхий хойрго. Сүүлийн жилүүдэд бэлчээр маш их талхлагдаж байна. Ялангуяа хилийн урд хэсгээр, мал байнга орж ирдэг газарт бэлчээрийн доройтол дээд цэгтээ туллаа. Энэ байдал удаан үргэлжилбэл экологийн сүйрэл бодитоор нүүрлэх аюул бий. Энэ мэт доройтол, сүйрлээс хамгаалахын тулд малын тоо толгойг бууруулах талаар онцгой анхаарч, өсгөж үржүүлснийг нь шагнах бус, цөөн тооны чанартай малтайг нь дэмждэг бодлого хэрэгжүүлмээр байна гэв.
Хустайн БЦГ нь төрийн мэдлийн газар нутгийн хамгааллын менежментийг төрийн бус байгууллага хэрэгжүүлж, өөрийгөө санхүүжүүлдэг гуравхан хамгаалалтын захиргааны нэг. Дэлхийн сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адуу тахийг монголчууд сэргээн нутагшуулж чадлаа хэмээн үнэлэгдсэн. Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Зүйлийг авран хамгаалах комиссын Адуу судлаачдын баг тус бүрдээ үржлийн тахь нь 50-иас дээш, нийт тоо нь 250-иас олон 10 гаруй популяц бий болгохоор Монголд гурав, Хятадад гурав, Казахстанд нэг газарт сэргээн нутагшуулсан түүхтэй.
Энэ нутагт тахиас гадна төрөл бүрийн ан амьтан элбэг. Халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр, аргаль, тарвага, дорго, саарал чоно, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг 55 зүйл хөхтөн амьтан, хонин тоодог, хар өрөвтас, тогоруу, сойр, гангар хун, ятга шаазгай, начин шонхор, цармын бүргэд, нөмрөг тас зэрэг 223 зүйл шувуутай. Мөн судлаачдын тогтоосноор 400 гаруй зүйл шавж бүртгэгдсэн байна. Товчхондоо Хустайн байгалийн цогцолборт газар амьтдын диваажин болжээ. Гэтэл бугынх нь эврийг авахаар, тарвагыг нь “тоншихоор” галт зэвсэг агссан нүгэлтэн жилээс жилд хор хөнөөлөө тарьсаар.
Г.УУГАНБАЯР (Хустайн БЦГ-ын Хамгаалалтын албаны дарга):
-Манай алба менежер, 12 байгаль хамгаалагчтай. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар үзэгдэх орчноос хамаарч уулын хээрт 50 мянган га-д нэг байгаль хамгаалагч байх нормтой. Тэгвэл манайд 50 мянган га-д 12 байгаль хамгаалагч ажиллаж, нэг хүнд дунджаар 4000 га талбай ногддог. Тиймдээ ч хамгаалалт харьцангуй сайн хэмээн ярилаа.
Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг нь алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10 000-40 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Халиун бугын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 6.6-7.5 сая төгрөг. Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг дээрх үнэлгээг хоёр дахин өсгөж ногдуулна хэмээн заасан.
А.МАНЛАЙ (Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахмад):
-Нэн ховор амьтныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар агнаж, барьж болно. Ховор амьтдыг судалгаа, шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар, гадаадын болон Монгол Улсын иргэн тусгай төлбөр төлж агнах эрх авдаг. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьтдын сүргийн бүтцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор тусгай байгууллага, агнах, барихыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд нэн ховор, ховор амьтдыг агнахыг хориглосон.
Ер нь Монгол орны нутагт тархан байршсан ховор буюу нэн ховор амьтныг хууль бусаар агнаж байгаа иргэд ихэнхдээ эд эрхтнийг нь авдаг. Зарж борлуулах, улсын хилээр гаргах зэрэг ашиг хонжоо олох зорилготой. Түүнчлэн ойд үйлддэг болохоор гэмт хэргийг илрүүлэхэд төвөгтэй. Энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлдэг гол асуудал нь амьтдын түүхий эдийн худалдаа. Ялангуяа нэн ховор, ховор амьтны чихмэл үйлчилгээний байгууллагуудад ихээр зарж байна. Мөн шашны зан үйлд зэрлэг амьтны гаралтай эд зүйлийг их ашиглаж байгаа нь гэмт хэрэг үйлдэх шалтгааныг өсгөж байна хэмээв.
Бугын ясан эврийг ОХУ-аар дамжуулан Вьетнам руу гаргадаг сүлжээ байдаг гэнэ. Хууль хяналтын байгууллагын хийсэн судалгаагаар бугын ясан эврийн худалдаанаас жилд 30-хан сая төгрөг олдог болохыг тогтоожээ. Гэтэл ийм хэмжээний мөнгөний төлөөс нь дэндүү их. 2016 онд гэхэд л бугын зүй бус хорогдол 90 бүртгэгдсэн бөгөөд эвэртүүгчид гол үүрэг гүйцэтгэжээ.
Ц.ДАШПҮРЭВ (Хустайн байгалийн цогцолборт газрын захирал):
-Бугын эвэр түүхээр ирсэн хүмүүс дан ганц амьтдад дарамт үзүүлээд зогсохгүй маш олон хор хөнөөлтэй. Иймд бид хэрэг гарсны дараа бус, урьдчилан сэргийлэх, эвэр түүж яваад баригдвал эдийн засгийн болоод машин техникээ хураалгахаас авхуулаад олон талаар хохирно гэдгийг сайн сурталчилж, таньж мэдүүлэх нь чухал байна.
Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн