Ойрын өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаарах тул томоохон гол, мөрнүүдийн сав газраар шар усны үер буух магадлалтай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд цас хуримтлагдсаны дундаж зузаан нь 16 см байна. Монгол орны нийт газар нутгийн 42 хувь нь цастай байна. Тухайлбал, Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75 хувь, Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90 хувь нь цастай байгаа юм. Тиймээс ирэх өдрүүдэд болох цаг агаарын дулаарлаас үүдэн дээр дурдсан голуудын түвшин нэмэгдэх, шар усны үер буух нөхцөл бүрдээд буй юм. Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагууд яаралтай цэвэрлэгээ, устгал хийхийг зөвлөлөө.