Өнөөдрийн байдлаар Архайнгай аймгийн хоёр сум, Өвөрхангай аймгийн нэг сум, Булган аймгийн зургаан сум, Төв аймгийн гурван сум, Дундговь аймгийн 5, Өмнөговь аймгийн 1, Дорноговь аймгийн 4, Хэнтий аймгийн 1, Дорнод аймгийн 1, Сүхбаатар аймгийн 1 зэрэг 12 аймгийн 27 суманд малын гоц халдварт шүлхийн өвчний 30 голомттой байна. Эдгээр голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.
Мал эмнэлэг үржүүлгийн газрын Мал, эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмонгоос шүлхийн тархалтын шалтгааныг тодруулахад "2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш 12 аймгийн 27 суманд малын гоц халдварт шүлхий өвчин тархсан. Тус өвчин нь хөнгөн замын вирус учир машин, мал амьтан, салхи, хүн гээд хөдөлж болох бүхий л хөдөлгөөнөөр дамжин халдварладаг. Иймд зайлшгүй хорио цээрийн дэглэм тогтоох хэрэгтэй болдог. Өнгөрсөн сарын 16-ны өдөр ОХУ-ын “Холбооны малын эрүүл мэндийн төв”-өөс шүлхийн вакцин авчирсан. Харин дөрөвдүгээр сарын 1-нд дахин вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна.
Одоогийн байдлаар Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Говьсүмбэр аймагт гарсан өвчлөл бүрэн хяналтад орсон. Төв, Өмнөговь, Дундговь, Булган, Архангай, Өвөрхангайг хяналтад оруулахаар ажиллаж байна. Дундговь, Өмнөговь аймгуудад тус тус нэг, Булганд хоёр шуурхай бүлэг ажиллаж байна. Харин өвчний голомтод төрийн байгууллагын болон нутгийн иргэд нийлсэн 920 орчим хүн ажиллаж байгаа" гэсэн юм.