ОХУ-ын Кавказ дахь байгалийн дархан цаазат газарт нил, яргуй болон бусад ургамал ердийнхөөс хэдэн долоо хоногийн өмнө цэцэглэжээ. Энэ өвөл ер бусын дулаан байсан нь ийн нөлөөллөө хэмээн төрийн тусгай хамгаалалттай газрын төлөөлөгч тайлбарлав. “Цасгүй их дулаахан өвөл боллоо. Яргуй хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр цэцэглэдэг байтал энэ онд өнгөрсөн сарын эхээр дэлбээллээ. Хавар эрт гардаг бусад ургамал ч цэцэглэсэн” гэж тэрбээр ярьжээ.
Тус газарт ховор төрлийн ургамлууд байдгийн дотор зөвхөн Кавказад л бүртгэгдсэн Воронова гэдэг яргуй (Galanthus woronowii losinsk) ч цэцэглэсэн гэнэ. Краснодарын хязгаарт яргуй Туапс (Хар тэнгисийн эргийн боомт хот)-аас Сочи хүртэлх газар нутгийн уулын энгэрт ургадгаас гадна Бүгд Найрамдах Адыгей Улсад тааралддаг аж.
Булцуунд нь агуулагддаг галантамин гэдэг бодис мэдрэлийн системийн өвчнүүд, тухайлбал, Альцгеймер, халдварт саа, нугасны мэдрэлийн үрэвсэл зэргийг эмчлэхэд ашигладаг байжээ. Өдгөө нэн ховордсон эл ургамлыг Оросын “Улаан ном”-д бүртгэж, эм зүйд ашиглахаа больсон байна. “Хавар эрт цэцэглэдэг ургамлуудаас гадна гуравдугаар сарын эцэс, дөрөвдүгээр сарын эхээр гардаг байсан гүзээлзгэний цэцэг ч харлаа” гэж хамгаалалттай газрын төлөөлөгч онцолжээ.