Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.НОМИНЗУЛ: Тамирчдыг хөгжүүлэх хөтөлбөрийнхөө туршлагыг олон улсад танилцуулахаар болсон

Хоёр дахь удаагийн “Тамирчны манлайлал” хөтөлбөрөө “Ninja wolves” спортын сангаас өнгөрсөн сард хэрэгжүүлсэн. Ашгийн бус хэмээн тодотгодог тус хөтөлбөрийн үр дүн болон монгол тамирчдад тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам зэрэг сэдвээр дээрх сангийн гүйцэтгэх захирал Х.Номинзултай ярилцлаа. Тэрбээр БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд спортын менежментийн чиглэлээр суралцаж, төгсжээ.

-Энэ удаагийн хөтөлбөр ямар онцлогтой байв. Хэдэн тамирчин хамруулсан бэ?

-Бид хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүртээмжтэй оролцоог хангах зарчим баримталдаг. Тиймээс оролцогчдыг сонгохдоо хүйсийн харьцааг тэнцүү байлгахыг чухалчлахын зэрэгцээ пара спортын тамирчдыг заавал хамруулдаг үндсэн зарчимтай. “Тамирчны манлайлал” хөтөлбөрт өнгөрсөн жил 15 оролцогч хамруулсны хоёр нь пара спортын тамирчин, нэг нь тусгай олимпын дэмжин тоглогч байсан. Энэ жилийн тухайд 17 тамирчин оролцуулсны найм нь эмэгтэй, ес нь эрэгтэй. Мөн пара спортын нэг тамирчин оролцууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үеэр “Токио-2020” паралимп үргэлжилж байсан учраас пара спортын олон тамирчныг хамруулж хараахан чадаагүй. Энэ жил хамрагдсан 17 тамирчны гурав нь олимпод оролцсон, ес нь дэлхийн аварга болсон, эсвэл ДАШТ-ий финалын шатанд шалгарсан. Бусад нь үндэсний шигшээ багийн тамирчин байна. Хөтөлбөрийн зохион байгуулалтыг ч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэлээд өөрчилсөн. Тухайлбал, 2020 онд цар тахлын улмаас хөтөлбөрөө цахимаар зохион байгуулахаас өөр аргагүй болсон. Харин энэ жил оролцогчдоо зочид буудалд байрлуулан, вакум орчин бүрдүүлж, таван өдрийн сургалтад хамрууллаа. Мөн гадаадын зөвлөх багш нарыг урьж ажиллуулснаараа онцлог. Тухайлбал, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Спортын менежментийн тэнхимийн захирал манлайллын хичээл заасан. Мөн Косово, Йордан улсын өндөр зэрэглэлийн тамирчид туршлагаасаа хуваалцлаа. Бас энэ жилийн хөтөлбөрт оролцогчид гурван багт хуваагдаж, нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлж буйгаараа онцлогтой. Төслийн гарааны санхүүжилт, дэмжлэгийг манай сангаас олгосон. Харин шаардлагатай бусад санхүүжилтийг оролцогчид хөтөлбөрийн хаалтын ажиллагаанд ирсэн зочид, ивээн тэтгэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр бүрдүүлсэн. Төсөл хэрэгжүүлэх үйл явц өдгөө үргэлжилж байгаа. Оролцогчид энэ сарын 20-нд төслийн тайлангаа олон нийтэд танилцуулах юм. Мөн хөтөлбөр маань Сөүлийн үндэсний их сургуулийн “Dream together” спорт форумын “Шилдэг туршлага” хэмээх шагнал хүртсэн. Ирэх арваннэгдүгээр сарын 19-нд бид Сөүлд болох форумд оролцож, хөтөлбөрийнхөө туршлагыг хуваалцахаар болсон. Тамирчдыг хөгжүүлэх хөтөлбөрийнхөө туршлагыг олон улсад танилцуулна гэсэн үг.

-Тамирчны манлайлал гэж юу вэ. Тэд нийгэмд ямар манлайлал үзүүлэх боломжтой вэ?

-Олон улсын олимпын хороо, спортын холбоод энэ салбарт тулгамдсан асуудлуудын нэг нь тамирчны хөгжил гэж үзэх болсон. Яагаад гэвэл тамирчид амьдралынхаа ихэнх хугацааг олимпод оролцох, дэлхийн болон тивийн аварга болохын төлөө бэлтгэл сургуулилалт хийхэд зарцуулдаг. Энэ хугацаанд бэртэл гэмтэл, эрүүл мэндийн шалтгааны улмаас спортоо орхих болбол яах вэ. Мөн зодог тайлсны дараа юу хийх вэ гэдэг нь Монголд төдийгүй олон улсад ч тамирчдын тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш өндөр зэрэглэлийн олон тамирчин, зөвхөн спортынхон гэлтгүй урлагийн хүмүүсээ ч сайн анхаарч, авьяас, чадварыг нь бүрэн дүүрэн ашиглаж, дэмжиж чадаагүй. Тиймээс бид өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх, бэлтгэл сургуулилалтаа хийхийн зэрэгцээ хувийн карьераа хөгжүүлэхэд нь тэдэнд туслах, үүнд шаардлагатай ур чадвар, мэдлэг, мэдээллийг олгох зорилгоор “Тамирчны манлайлал” хөтөлбөрөө санаачилсан. Нөгөө талаар тамирчид нийгэмд манлайлал үзүүлэх ёстой. Учир нь тэд олон нийтэд танигдсан, хүндлэгдсэн хүмүүс байдаг. Энэхүү давуу талаараа дамжуулаад нийгэмд тулгамдсан олон асуудлыг эерэг арга замаар шийдэж, залуусын хандлагыг өөрчилж болно. Товчхондоо, тамирчид нийгэмд эерэг хандлага түгээхийн зэрэгцээ хувийн карьераа хөгжүүлэх боломж бүрдүүлэхийг бид зорьж байгаа юм.

-Тамирчдыг дэмжих, ялангуяа хувийн карьерт нь анхаарсан ийм хөтөлбөр манай улсад өмнө нь байсан уу. “Тамирчны манлайлал” анхдагч болсон уу?

-Яг ийм богино хугацааны хөтөлбөр байгаагүй. Монголын үндэсний олимпын хорооноос өндөр зэрэглэлийн тамирчдыг МУБИС-д богино хугацаанд буюу 2.5 жилийн бакалаврын сургалтад хамруулж, диплом олгодог хөтөлбөр байдаг юм билээ. Үүний маш богино, эрчимжүүлсэн хувилбар нь “Тамирчны манлайлал” гэж ойлгож болно.

-Хөтөлбөрт оролцогчид нийгэмд чиглэсэн ямар төслүүд хэрэгжүүлж байгаа вэ?

-Тогтвортой хөгжлийн үзэл санааг залуучуудад спортоор дамжуулан түгээж, хэрэглээгээ илүү “ногоон” болгоход анхаарахыг уриалж буй. Ерөнхийдөө эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд илүү анхаардаг гэж ойлгож болно. Тиймээс хөтөлбөрийн оролцогчдоос бүрдсэн гурван баг “Тогтвортой хөгжлийн үзэл санаа ба спорт”, “Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ба спорт”, “Хөдөлгөөний дутагдал ба спорт” гэсэн сэдвээр төсөл хэрэгжүүлж байна. Жишээ нь, “Хөдөлгөөний дутагдал ба спорт” сэдвээр төсөл хэрэгжүүлж байгаа багийнхан таван иргэн сонгож, бие бялдрынх нь онцлогт тохирсон бэлтгэлийг нэг сарын турш хийлгэж буй. Үүнийхээ үр дүнг дүрсжүүлэн, видео контент бүтээн, олон нийтэд түгээхээр төлөвлөсөн. “Тогтвортой хөгжлийн үзэл санаа ба спорт” сэдвээр төсөл хэрэгжүүлж буй багийнхан албан байгууллагуудад бүжгийн сургалт явуулж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягтай болох талаар сурталчилж байна. Гурав дахь баг оюуны хөгжлийн бэрхшээлтэй нэг тамирчныг сонгон, амжилтын замнал, түүхээр нь видео контент бүтээж, олон нийтэд түгээнэ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

-Та спортын менежментийн чиглэлээр суралцсан юм билээ. Мэргэжлийн хүний хувьд манай спортын салбарт хамгийн тулгамдсан асуудал нь юу гэж хардаг вэ?

-Би волейболын спортын тамирчин байсан. 12-13 настайдаа дээд лигт тоглодог байлаа. Харамсалтай нь, бэртлийн улмаас мэргэжлийн тамирчны хувиар бэлтгэл хийх боломж хязгаарлагдсан тул боловсролдоо анхаарахын зэрэгцээ нэлээд олон сайн дурын ажил хийдэг байв. Тухайлбал, олон улсын тэмцээнүүдэд орчуулагчаар ажилладаг байлаа. Тэр үедээ Монголд волейболын спортын олон улсын шүүгч байдаггүйг мэдсэн. Ингээд олон улсын шүүгч болохоор шийдэж, суралцсан. Тиймээс 2018 оны Жакартагийн Азийн наадмаар волейболын спортын олон улсын шүүгч болсон юм. Шүүгчээр ажиллах хугацаандаа Монголын спортын салбарт менежментийн асуудал нэлээд тулгардаг, менежерүүд төдийлөн байдаггүйг олж харсан. Ийм учраас 2017 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд спортын менежментийн чиглэлээр суралцахаар материалаа илгээтэл тэнцэж, хоёр жил тэтгэлэгтэй суралцаж, төгссөн. Монголын спортод хамгийн тулгамдсан асуудал бол үзэгч. Ер нь үзэгчгүй шахам болсон гэсэн үг. Үзэгч байхгүй бол спорт төдийлөн хөгждөггүй. Тиймээс сургуулиа төгсөхдөө БНСУ-ын мэргэжлийн волейболын лигт үзэгчдийн судалгаа хийхийн зэрэгцээ “Тамирчны манлайлал” хөтөлбөрөө эхлүүлж байлаа. Одоо би Швейцарын Лозанна хотод Олон улсын олимпын хорооны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг AISTS буюу Олон улсын спортын шинжлэх ухаан, технологийн академид суралцаж байна. Тус академийн “Fu­ture female leader” тэтгэлгийн ялагч болсноор суралцах боломж нээгдсэн. Энэ нь жилд нэг л хүнд олгодог тэтгэлэг юм билээ. Хүсэл эрмэлзлийнхээ дагуу олон ажил хийсний үр дүнд уг тэтгэлгийг хүртэж чадсан. Жишээ нь, оюуны бэрхшээлтэй тамирчдыг бэлтгэх ажлын хүрээнд Монголын тусгай олимпын хорооны спорт хариуцсан захирлаар хоёр жил ажилласан, бас “Тамирчны манлайлал” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн минь нөлөөлсөн болов уу. Мөн олон улсын шүүгчээр ажилладаг минь ч чухал нөлөөтэй байлаа. Олон улсад одоогоор аль ч спортын төрөлд эмэгтэй шүүгч тун цөөн байна.

-Спортын менежмент, ялангуяа тамирчны хөгжлийн судалгааг манай улсад хийж байна уу. Хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа энэ талаар эрэл хайгуул хийж үзэв үү?

-Хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэж нэлээд эрэл хайгуул хийж байлаа. Энэ хугацаанд Сөүлийн үндэсний их сургуулийн спортын менежментийн ангийн төгсөгчид багагүй судалгаа хийснийг олж үзсэн. Тухайлбал, манай сургуулийн төгсөгч Ө.Энхцацрал зодог тайлсан тамирчдын амьдралын чанарт ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгааг 2016 онд судалсан юм билээ. Өндөр түвшний 20 монгол тамирчныг хамруулсан уг судалгааны үр дүн нь “Тамирчны манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол үндэслэл болсон. Бас БНХАУ, Япон, БНСУ, АНУ-ын тамирчдыг хамруулсан судалгаануудыг нэлээд ашигласан. Түүнчлэн би тамирчин байсан туршлагадаа тулгуурлаад хөтөлбөрөө эхлүүлсэн. Ер нь тамирчдыг, ялангуяа зодог тайлсан хүмүүсээ хэрхэн дэмжих, хөгжүүлэх талаар олон улсад сүүлийн 10 жилд л идэвхтэй ярьж, судалж байгаа. Тэр утгаараа аль ч улсад энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй. БНСУ, АНУ, Япон зэрэг улсад дөнгөж л хуулиа баталж, хэрэгжүүлэх, турших шатанд явна.

-Монгол тамирчдыг хамруулсан судалгааны үр дүн ямар байв. Манай тамирчдад голчлон ямар асуудлууд тулгамддаг вэ?

-Ө.Энхцацралын судалгаанд дугуй, волейбол, сагсан бөмбөг, пара таеквондо, цана, чөлөөт бөх, жүдогийн 20 тамирчныг хамруулсан. Үүний үр дүнд зодог тайлсан тамирчдын амьдралын чанарт зургаан хүчин зүйл нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. Тодруулбал, боловсрол эзэмших, хүртээмжгүй дэмжлэг, санхүүгийн хүндрэл, тамирчны карьераа төлөвлөөгүй, зодог тайлсны дараах зөвлөх үйлчилгээ дутмаг, өндөр зэрэглэлийн бэлтгэлээс үүссэн бэртэл гэмтэл гэсэн асуудлын улмаас тамирчны амьдралынх нь чанар муудаж эхэлсэн гэсэн үр дүн гарсан.

-Зодог тайлсан тамирчид дасгалжуулагчаар ажиллах нь түгээмэл. Манай тамирчид ямар ажил эрхэлж байгааг нарийвчлан судалдаг уу?

-Олон улсын судалгаагаар бол тамирчдын 60 орчим хувь нь багш, дасгалжуулагч, спортын менежер болдог. Харин Монгол Улсад зодог тайлсан тамирчид хэрхэн ажиллаж, амьдарч байгааг төдийлөн судлаагүй. Улсын хэмжээнд үндэсний 22 шигшээ баг байдаг. Үндэсний шигшээ багийн тамирчдын дундаж нас 22-30. Залуусын олонх нь энэ насандаа суралцаж, мэргэжил эзэмшин, хөдөлмөр эрхлэх замаар боловсрол, мэдлэг, туршлагаа олж авдаг. Харин тамирчид ид залуудаа бэлтгэл сургуулилалтдаа голчлон анхаарч, боловсрол эзэмших тал нь орхигддог. Тиймээс тэднийг хувь хүний сургалтуудад хамруулж, карьерын зөвлөх үйлчилгээ заавал үзүүлэх ёстой. Манай улс тамирчдад голдуу 1-2 удаагийн мөнгөн урамшуулал олгох, орон сууц өгөх зэрэг дэмжлэг үзүүлдэг. Энэ мэтээр дэмжиж, урамшуулах нь мэдээж зөв. Гэхдээ тамирчны амьдралын чанарыг урт хугацаанд тогтвортой байлгахын тулд карьерын зөвлөх үйлчилгээг заавал бий болгох шаардлагатай. Энэ нь зөвхөн өндөр зэрэглэлийн тамирчид биш, залуучуудад ч хэрэгтэй. Авьяаслаг тамирчид өөрийгөө бүрэн танин мэдээгүйгээс, бэлтгэлийн ачааллаас үүдэлтэй сэтгэл зүйн асуудалтай тулгарч, спортоо орхих тохиолдол олон улсад цөөнгүй байна. Манайд ч ийм асуудал байгааг үгүйсгэхгүй. Түүнчлэн Олон улсын олимпын хорооны түгээмэл хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн нэг нь тамирчдын гарааны бизнесийг дэмжих байдаг. Цаашид манайх ч ийм жишигт шилжих шаардлагатай гэж харж байгаа.

-Хөтөлбөрөө цаашид хэрхэн өргөжүүлэх вэ?

-Энэхүү хөтөлбөрийг цаашид жил бүр хэрэгжүүлж, 15-18 тамирчин сонгон оролцуулна. Зарим хүн хөтөлбөрийг улирал бүр хэрэгжүүлж, илүү олон тамирчин хамруулаач гэдэг л дээ. Гэхдээ үүний тулд оролцогч, багш нарын болон хичээл хөгжүүлэх судалгаа байнга хийх шаардлагатай. Тиймээс улирал бүр хэрэгжүүлэх хүчин чадал бидэнд байхгүй. Бас спортын олон төрлийн тамирчдыг хамруулдаг учраас үндэсний лиг, олон улсын чанартай тэмцээнүүдийн завсар зайгаар хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Яг тийм үе нь 7-8 дугаар сар. Тиймээс яах ч аргагүй жилд нэг удаа зохион байгуулах боломжтой. Хөтөлбөрийн оролцогчдын шалгаруулалтыг өргөдлийн болон ярилцлагын гэсэн хоёр үе шаттай явуулдаг. Эхний шатанд оролцогчид хөтөлбөрт оролцох болсон шалтгааныхаа талаар эсээ бичдэг. Энэ нь ярилцлагын шатанд тэнцэх гол шалгууруудын нэг болдог л доо. Бид олимп, ДАШТ, олон улсын тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцдог болон үндэсний дээд лигт тоглодог, байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг тамирчдыг сонгон, хөтөлбөрт хамруулдаг. Яагаад гэвэл тэд амьдралынхаа ихэнх хугацааг Монгол Улсаа дэлхий дахинд таниулахад зориулж, бэлтгэл сургуулилалт хийдэг. Тиймээс тэдэнд өөрийгөө хөгжүүлэх боломж олгох, зодог тайлсны дараа хувийн карьераа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьдог.

Бэлтгэсэн Ч.Мөнх

2
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.