Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэрвэгэр жиргэрүү түүсэн хүмүүс 67.4 сая төгрөгийн төлбөр төлөх нь

Дорнод аймгийн харьяат таван иргэн өнгөрсөн оны наймдугаар сард зохих зөвшөөрөл холбогдох байгууллагаас авалгүйгээр их хэмжээний дэрвэгэр жиргэрүү түүж, хадгалаад цагдаагийнханд саатуулагджээ. Тэд Чойбалсан сумын III багийн нутгаас 13 кг дэрвэгэр жиргэрүү анх түүж, аймгийн төвд оруулж ирсэн бол нэг холбогдогч Ганзориг нь Булган сумын нутгаас 2020 оны ес, аравдугаар сард 256.7 кг-ыг түүж, Хэрлэн сум дахь гэртээ хадгалж байгаад баригдсан аж. Дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаатай буюу 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл судалгаа, шинжилгээний зориулалтаас өөрөөр түүж бэлтгэхийг хориглосон билээ.

Тэгвэл дээрх таван иргэн үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд бүгд “Ажилгүй, хүүхдийн сургууль, цэцэрлэг орох гээд мөнгө хэрэгтэй байсан тул түүж бэлтгэсэн” хэмээн хууль сахиулагчдад мэдүүлсэн байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/282 дугаар тушаалын хавсралтад нэг кг дэрвэгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 50 000 төгрөгөөр тогтоосон байдаг бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Тиймээс Дорнод аймгийн БОАЖГ-аас 256.7 кг дэрвэгэр жиргэрүү ургамалд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 64 сая гаруй төгрөгөөр тогтоон нэхэмжилсэн байна. Шүүх тэдэнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Ганзоригоос 64.8 сая, бусад дөрвөн хүнээс 650 мянгыг гаргуулж, нийт 67 425 000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар болоод тогтохгүй тэнсэн харгалзах ял шийтгэсэн байна.

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.