Улсын харцага Г.Ганхуягийг олон нийтийн сүлжээнд бусдын аминд халдахаар заналхийлсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мөрдөн шалгах газрын ажилтнууд хойшлуулшгүйгээр албадан саатуулжээ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт өөрийн фэйсбүүк хуудсандаа дурантай буу шагайж байгаа зургийнхаа хамтаар “Би хорт хавдар тусаад удахгүй үхнэ гэсэн онош авбал хандив цуглуулж гоншигнохгүй, бүтээж босгосон амьдралаа зарж эмчлүүлэхгүй. Донор хайж хэн нэг ядарсан хүний наснаас хулгайлахгүй. Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээнээс харлаа. Хэнд ч хэлэхгүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан мөнгөний хэдэн боолыг амжиж хороочхоод бахархалтайгаар инээж үхнэ. Миний үр удмыг алуурчны хүүхдүүд гэхгүй, баатар эрийн үр удам гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Хэн, хэн үхэх ялтай вэ. Коммент хэсэгт үлдээгээрэй” хэмээн бичсэн юм.
Үүнтэй нь холбогдуулж ТЕГ-ынхан шалгаж эхэлсэн, цагдаагийн байгууллагад шалгаагүй гэдгийг хэд хэдэн эх сурвалж батлав. Гэвч ТЕГ-ынхан энэ талаар албан ёсны мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Нууцад хамааруулсан гэх халхавч дор тус байгууллага олон хэргийг шалгасаар ирсэн. Тэднийг ийм байдлаар олон хэрэгт хүн хэлмэгдүүлсэн юм биш биз гэж иргэд эргэлзсээр байгаа. Тийм атал ТЕГ-ынхан бодит тайлбар, мэдээлэл өгөхгүй өдий хүрч буй нь олны дундах эргэлзээг улам л лавшруулж буй билээ.
Бидэнд олдсон мэдээллээр Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 13.5-1-ийн “Бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн”, 19.3-1 дэх хэсгийн “Монгол Улсын төр засгийг бусниулан доройтуулах зорилгоор улс төр, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан төрийн өндөр албан тушаалтны эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахыг завдсан” гэх үндэслэлээр шалгаж байна. .
УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал, Цөмийн энергийн газрыг дахин байгуулж, даргаар нь томилж магадгүй гэх яриа байгаа Н.Тэгшбаяр нарын аминд халдахыг завдсан гэх энэ явдлыг тагнуул хэрхэн шалгаж, прокурор, шүүх нь яаж шийдвэрлэхийг цаг хугацаа харуулах биз. Учир нь Г.Ганхуягийн хамаарал бүхий хүн нь шүүхэд ажиллаж байсан учраас холбогдсон хэргүүд нь тэгсхийгээд өнгөрдөг гэх яриа олны дунд бий.
Г.Орчлон