Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнодын Булган, Баянтүмэн, Хөвсгөлийн Эрдэнэбулган сумд өнгөрсөн баасан гарагт гарсан ой, хээрийн гал түймрийг онцгой байдлын алба хаагчид бүрэн унтраажээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Асаатын нарийн гэх газарт, 600 га талбайг хамарсан ойн түймэр дэгдсэн байна. Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 ангийн алба хаагчид, сумын Онцгой комисс, нутгийн иргэд нийт 46 цаг ажиллаж, баасан гаргийн 17.00 цагт түймрийг бүрэн унтраасан аж. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар есөн аймгийн 25 сумд ой, хээрийн түймэр 35 удаа гарчээ. Тодруулбал, Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт түймэр бүртгэгдэж.
Хаврын хуурайшилт ирэх зургаадугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ой, хээрт анхаарал болгоомжтой зорчихыг онцгой байдлын байгууллагаас сануулсан. Татсан тамхиа бүрэн унтраах, цогтой үнс, нурмыг зориулалтын саванд хийх, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдал, өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг анхааруулав.
Ч.Туяа