Ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс үүдэлтэй эрсдэлийг бууруулж, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгалийн тэнцвэрийг хадгалах, олон улсын чөлөөт худалдааг дэмжих зорилготой шинэ агентлагийг Дархан-Уул аймагт байгуулснаа ХХААХҮЯ-наас мэдээллээ. Манай улс анх 1958 онд Ургамлын хорио хамгаалалтыг эрхлэх, байцаан шалгаах анги байгуулсан нь бодлого, бүтцээ шинэчилсээр өдгөө Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй. Энэхүү хүрээлэн Монгол орны байгалийн болон бэлчээрийн хадлан, таримал ургамлын өвчин, хорлогч организмын бүрэлдэхүүн, тархалтыг тогтоох, тэдгээртэй тэмцэх, дэвшилт технологи турших, нутагшуулах чиглэлээр, илүү судалгаа шинжилгээнд суурилан ажилладаг билээ. Тэгвэл шинээр байгуулсан Ургамал хамгааллын газар нь ургамлын гаралтай түүхий эд, бараа, бүтээгдэхүүний дотоод, гадаад хорио цээр, экспорт, импортод тавигдах шаардлагуудыг хангах, импортлогч орны стандартад нийцүүлэх чиглэлд түлхүү анхаарах нь. Түүнчлэн ийм агентлагтай болсноор дэлхийн 185 оронтой ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтарч ажиллах, гэрээ, хэлэлцээр, протокол байгуулах, Ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэж буйг албаныхан онцоллоо. Ташрамд дурдахад, ХХААХҮЯ, “Экспо Монгол” ХХК хамтран энэ сарын 4-6-нд хөдөө аж ахуй, газар тариалан, ойн салбарын “Агро экспо-2025” нэгдсэн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулав. Үүнд малын тэжээл, бордоо үйлдвэрлэл, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн бизнес эрхлэгчид, тарьц, суулгац, цэцгийн үр нийлүүлэгчид оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан юм.
Н.Мишээл